| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0027/Э |
| Дугаар | 036 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 036
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
улсын яллагч Ф,
шүүгдэгч Б ,
шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б , С нарт холбогдох эрүүгийн 1913********** дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр БӨ аймгийн А суманд төрсөн, 37 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, БӨ аймгийн А сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, Б , регистрийн дугаар БА82******,
2. Монгол Улсын иргэн, 1963 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр БӨ аймгийн Толбо суманд төрсөн, 56 настай. эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С , регистрийн дугаар БЮ63******
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б , С нар нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн үед Турк сургууль руу явах замд “Дастан” колонкийн замын эсрэг талд байрлах таксины зогсоолд очер дарааллаас болж хоорондоо маргалдаж зодолдсоны улмаас нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Б мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Шүүгдэгч, хохирогч С мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 1913********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
2. Хохирогч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
3. Гэрч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,
4. Гэрч Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
5. Гэрч Е.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,
6. Б ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон рентген зураг /хавтаст хэргийн 34-39, 45-47 дугаар хуудас/,
7. Шүүх шинжилгээний албаны 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,
8. Шүүх шинжилгээний албаны 20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б , С нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б , С нар нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн үед БӨ аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, 3 замын уулзвар, “Дастан” колонкийн замын эсрэг талд байрлах таксины зогсоолд дарааллаас болж хоорондоо маргалдаж, зодолдсоны улмаас бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Турк сургуульд явдаг “Дастан” колонкийн эсрэг талд байрлах таксины зогсоолд очиход миний урд 4-5 машин байхаар нь очоод оочирлоод зогсож байтал хамгийн сүүлийн машин нь С байсан. Урд байсан машинууд хөдлөхөөр нь С машинаа хөдөлгөхгүй байхаар нь би 2-3 удаа сингал дарсан боловч машинаа хөдөлгөхгүй байсан.
Би тэр хүнийг өөр тийшээ явах гэж байгаа юм байх гэж бодоод түүний машины хажууд ирээд зэрэгцэж ирээд зогстол С машинаасаа бууж ирээд миний машины урд талын копутыг гараараа цохихоор нь би машинаасаа буугаад С руу очтол зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би түүнийг ч гэсэн заамдаж барьж аваад хоёулаа харилцан чичилцэж байсан. Миний зүүн талын нүд хавдсан, зүүн талын гарын дунд хуруу хавдаж тулчихсан байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
- Хохирогч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед “Дастан” колонкийн эсрэг талд таксинд явах гэж зогсож байтал миний ар талд Б ын машин ирж зогссон. Урд байсан 1 машин гараад явахаар нь нэг машины зай гарсан бөгөөд би утсаараа оролдоод сууж байгаад дуусгаад хөдлөхийн хооронд Б сингнал дараад миний машины урд дайрч орсон юм.
Тэгэхээр нь би машинаасаа буугаад очоод копутны урд талыг гараараа тогшоод яах гээд байгаа юм бэ гэж Б од хэлэхэд минь муу хасаг яахаараа хөдлөхгүй байгаа юм бэ гэж хэлээд цээж рүү гараараа цохисон. Түүнээс болоод би өөрийгөө хамгаалж Б ын цээжин хэсэг, хүзүү, нүүр рүү хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
- Гэрч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 11 цагийн үед би таксины зогсоол дээр зогсож байтал хойно байсан таксины хүмүүс хоорондоо хэрэлдэх чимээ гарахаар нь машинаасаа буугаад очтол Б болон С өвгөн хоёр харилцан заамдалцаж аваад хэрэлдээд зогсож байхаар нь би очоод та хоёр хөгшин, залуу хоёр хүн байж болохгүй шүү дээ, юу болоод байна гээд салгахад тэр хоёр миний үгэнд ороод нэг нэгнээсээ салцгаасан юм. Намайг машинаасаа буугаад очих хооронд Б ын нүүрнээс нь цус гарсан, С ы нүд нь хавдсан, хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,
- Гэрч Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 11 цагийн үед би таксины зогсоолд зогсож байгаад нэг хүнийг суулгаад өөр газарт хүргээд иртэл Б ыг А барьчихсан Б С руу дайраад чи муу хасгийг би ална, чамайг ална гэх мэтээр хэл амаар доромжилж байсан. С ы нүд нь хавдсан байсан. Б ын нүүрнээс цус гараад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
- Гэрч Е.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 11 цагийн үед би таксинд байхад би хамгийн түрүүчийн такси болоод зогсож байсан, хамгийн сүүлд нь С зогсож байсан, С ы урд зай байтал Б тухайн зай руу орох гэж байсан, тэр үеэр нэг хүн ирээд би Цамбагарав руу уг хүнийг хүргээд иртэл С , Б нар хоорондоо хэрүүл маргаан үүсгэж нэг нэгэн рүүгээ дайраад байхаар нь би тэр хоёрын дундуур нь ороод салгаад явсан. С ы нүд нь хавдсан байсан, Б ын нүүрнээс цус гараад байсан” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай: “1. Иргэн Б ын биед хөмсөгний завсар цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт цус хуралт, хамрын нуруунд зүүн талын хянганд шалбарсан, доод уруулд хэгзэрсэн, зүүн талын сарвуунд бага зэргийн хавантай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. Бүх гэмтэл нь 1-10 хоногт үүсэн гэмтэл болно.
3. Иргэн Б ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.
4. Ерөнхий хөдөлмөрлөх чадварт алдалтад нөлөөлөхгүй болно.
5. Иргэн Б ын амбулаторийн карт 1 ширхэг 2 ширхэг рентген зураг хавсаргав” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаартай: “1. Иргэн С ы биед тархины доргилттой, баруун нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн хацарт цус хуралттай, хавдартай, зулайны баруун хэсэгт хавдартай, баруун хөмсгөнд хавдартай, зүүн бөөрний орчим хавантай, баруун гарын бугуй сарвуу хавантай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. Бүх гэмтэл нь 1-10 хоногт үүсэн гэмтэл болно.
3. Иргэн С ы биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.
4. Ерөнхий хөдөлмөрлөх чадварт алдалтад нөлөөлөхгүй болно.
5. Иргэн С ы эмчийн тодорхойлолт 1 ширхэг 2 ширхэг рентген зураг хавсаргав” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б , С нар нь хэрүүл маргааны улмаас харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б , С нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б , С нар нь таксины очер дарааллын улмаас хоорондоо маргалдаж харилцан зодолдсоны улмаас шүүгдэгч С хохирогч Б ын эрүүл мэндэд “хөмсөгний завсар цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт цус хуралт, хамрын нуруунд зүүн талын хянганд шалбарсан, доод уруулд хэгзэрсэн, зүүн талын сарвуунд бага зэргийн хавантай” хөнгөн гэмтэл учруулсан нь,
Шүүгдэгч Б нь хохирогч С ы эрүүл мэндэд “тархины доргилттой, баруун нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн хацарт цус хуралттай, хавдартай, зулайны баруун хэсэгт хавдартай, баруун хөмсгөнд хавдартай, зүүн бөөрний орчим хавантай, баруун гарын бугуй сарвуу хавантай” хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б , С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувийн таарамжгүй харилцаа нь шууд нөлөөлсөн гэж үзлээ. Учир нь, шүүгдэгч нар нь 2018 оны 12 дугаар сарын үед хоорондоо гүйцэж түрүүлсэн асуудлаар маргалдаж, улмаар Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээжээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б , С нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Б , С нар нь хоорондоо сайн дураараа эвлэрч, бие биесээ хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б , С нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б , С нар нь хоорондоо сайн дураараа эвлэрч, хохирлын талаар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 5/10 дугаартай саналд яллагдагч Б , С нарын тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б , С нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Б , С нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б , С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдА зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 6 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б , С нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б , С нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б , С нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Шүүгдэгч Б , С нарт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б , С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,
мөн шүүгдэгч С ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б , С нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сар буюу 180 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б , С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б , С нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй зэргийг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б , С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б , С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ