Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 22

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал би Дорнод аймгийн Прокурорын газрын, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №0041108 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн дүгнэлтийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зөрчлийн хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ч.Мөнхзул шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Гэрэлтуяа нь БНХАУ-ын иргэн /JIANG YUAN GANG/ Жианг Яан Ганг гэгч нь “320 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл импортолсон” гэх зөрчлийг шалгаад Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр №0041108 дугаартай шийтгэврийн хуудсаар 250000 төгрөгийн торгууль ногдуулахдаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн байхад Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт заасан хүчингүй болсон заалтыг үндэслэн торгууль ногдуулсан байна. 

          Иймд дээрх шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагатай байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Гэрэлтуяагийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр №0041108 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

        Хариуцагч Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Гэрэлтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: ... улсын байцаагч Д.Гэрэлтуяа би Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12/104 дугаартай удирдамжийн дагуу “Хавирга” хилийн боомт дээр хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн.

          Удирдамжийн хугацаанд буюу 2017.07.15-ны өдрийн 09.20 минутад “Хавирга-Ар хашаат”-ын хилийн боомтоор “Foton” маркийн Е66702 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч БНХАУ-ын иргэн JIANG YUANGANG нь хятад улсад үйлдвэрлэсэн 3 нэр төрлийн 320 ширхэг эм тээвэрлэн улсын хилээр нэвтрүүлсэн нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15-р зүйл, 15.9.1 дэх заалтыг зөрчсөн тул зөрчлийн мэдээллийг МХГ-ын зөрчлийн ажилтанд мэдээлж хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шийдвэрлэхдээ Аймгийн Прокурор Догмиддоржоос утсаар ярьж зөвлөгөө авсан.

          Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль хүчин төгөлдөр тул уг хуулийн заалтаар шийдвэрлэж болно гэж зөвлөснөөр зөрчлийг шийдвэрлэхдээ шийтгэл оногдуулах заалтыг боомт дээр интернетгүй, цахимаар мэдээлэл авах боломжгүй “Хилийн эрүүл ахуй, хорио цээр, аюулгүй байдлын хяналт” эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл номоос харж эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 29-р зүйлийн 29.2.6 дахь заалтаар шийтгэвэр оногдуулсан. Уг номонд 2015.12 сарын нэмэлт өөрчлөлт тусгагдаагүй байсан тул уг заалтаар шийтгэвэр оногдуулсан.

          Алслагдсан газарт ажиллаж байгаа, интернетгүй тул цахим мэдээлэл авах боломжгүй, зөрчлийн тухай хуулиар хийгдсэн сургалтанд хамрагдаагүй, нэмэлт өөрчлөлт тусгагдаагүй эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл ашигласнаас хүчингүй болсон заалтыг үндэслэн шийтгэвэр оногдуулсан нь үнэн. Прокурорын 5/02 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ч.Мөнхзул нь “Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №0041108 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн дүгнэлтийг тус шүүхэд гаргасныг хариуцагч Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Гэрэлтуяа хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа тайлбартаа дурджээ.

          Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг баримтлан, Дорнод аймгийн Прокурорын газрын “Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №0041108 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн дүгнэлтийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татагалзсан этгээд нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                           П.АМАРЖАРГАЛ