Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0376

 

 

Э.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 354 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Э.Г-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын21-ний өдрийн 354 дүгээр шийдвэрээр:

“...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Г-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/511, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/349 дугаартай захирамжуудыг хууль бус байсан болохыг тогтоож, түүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 61,425,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н нар давж заалдах гомдолдоо:

“...Э.Г-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 354 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүх нь дараах байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба үүнээс үүдэлтэйгээр үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаж чадаагүй.

Анхан шатны шүүх: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-д заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах нь нийслэлийн засаг даргын эрх хэмжээнд хамаарахаар заажээ” гэж Газрын тухай хуулиар хариуцагчид олгосон эрх хэмжээг тайлбарлан хэрэглэсэн.

Шүүх нь энэхүү хуулийн хэм хэмжээ, түүний агуулгыг маргаан бүхий тохиолдолд нийцүүлэн тайлбарлахдаа “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл”, “тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу” гэсэн хуулийн агуулгуудыг хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад нийцүүлэн “Зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй”.

Учир нь: Хариуцагчаас газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д зааж тодорхойлсон “Хүрээ, хязгаар”-ын дотор буюу “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл”-ийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Шүүх нь үүнийг зөвтгөн тайлбарлахдаа хэрэгт авагдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/29 дүгээр тогтоолоор “Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Батлан хамгаалахын их сургууль орчмын 93,8 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулахаар тогтоосон”-ыг үндэслэл болгосон.

Шүүх үүнийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д зааж тодорхойлсон “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл”-тэй хольж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Эндээс эхлээд алдаатай дүгнэлт хийх гол шалтгаан болсон. Учир нь:

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/29 дүгээр тогтоол нь “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл биш.

2. Уг 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/29 дүгээр тогтоолоор “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулахаар тогтоосон” болохоос биш, төсөл боловсруулахаар тогтоох нь “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шат төсөл”-ийг батлахаас өөр ойлголт бөгөөд түүнийг “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл”-ийг баталсан гэж ойлгох үндэслэлгүй. Анхан шатны шүүх үүний ялгааг зөв гарган тодорхойлж үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний зүгээс яг ийм алдаатай дүгнэлт хийх нөхцөл байдал үүсэх бий гэсэн үүднээс “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүний үе шатны төсөл”-ийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтүүдийг удаа дараа гаргасан ба шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэж байсан. Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Ийм төлөвлөгөөг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлаж байгаагүй талаарх албан бичгийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн” байдаг болно. Иймд төлөвлөгөөг батлаж байгаагүй гэж уг төлөвлөгөөг хуулиар батлах эрх бүхий этгээдээс ирүүлсээр байхад шүүх бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн. “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл” битгий хэл “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” нь ч өөрөө өнөөдрийг хүртэл батлагдаагүй байна.

Зураг төслийг боловсруулахаар шийдвэрлэсэн тогтоолыг “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл”-тэй хольж дүгнэлт хийсэн нь энэ байдлаас хангалттай тогтоогдож байгаа бөгөөд ийнхүү хийсэн дүгнэлтийг үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны гэж үзэх боломгүй байх тул энэ талаар үнэн зөв дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Энэ нь “тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөө” бол бүр ч биш бөгөөд уг газар нь аль ч оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй ирсэн байдаг ба энэ талаар талууд маргадаггүй, шүүх ийнхүү дүгнэдэг болно. Ийнхүү тусгагдаагүй ирсэн гэдгийг нотолсон баримтууд хэрэгт хангалттай авагдсан.

Хоёр. Мөн анхан шатны шүүх нь “Маргаан бүхий газар нь 2013 оноос эхлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө бүхий газарт хамаарч байсан байх тул хариуцагч нь төлөвлөлт бүхий газарт төлөвлөгдсөн барилгын доорх газрыг баталгаажуулсан шийдвэр гаргахдаа дүүргийн засаг даргаас санал авах шаардлагагүй. Харин Баянзүрх дүүргийн засаг дарга нь хуулиар тогтоосон хязгаарлалтыг үл хайхран уг газрыг 2016 онд С.Б-д эзэмшүүлж, улмаар эзэмших эрхийг 2019 онд нэхэмжлэгч Э.Г-д шилжүүлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу нийслэлийн Засаг даргаас эзэмших эрх олгох эсэхийг шийдвэрлэх газар байхад дүүргийн засаг дарга Э.Г-д газар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хууль бус байсан гэсэн тайлбар үндэслэлтэй байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь:

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/29 дүгээр тогтоол нь “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл” биш гэдгийг дээр тодорхой тайлбарласан. Тиймээс “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл бүхий газарт хамаарч байсан байх тул хариуцагч нь төлөвлөлт бүхий газарт төлөвлөгдсөн барилгын доорх газрыг баталгаажуулсан шийдвэр гаргахдаа дүүргийн засаг даргаас санал авах шаардлагагүй” гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

2. “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүний үе шатны төсөл” нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өнөөдрийг хүртэл батлагдаагүй явсаар ирсэн байх тул энэ талаар газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, ийнхүү бүртгэгдээгүй тул Баянзүрх дүүргийн Засаг даргаас хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 онд С.Б-д эзэмшүүлж, улмаар эзэмших эрхийг 2019 онд нэхэмжлэгч Э.Г-д шилжүүлж шийдвэрлэсэн. Энэ талаар тус дүүргийн газрын мэргэжилтэн н.Пүрэвсүрэн гэрчээр дуудагдаж “Тухайн үед газрын мэдээллийн сангаас харахад ямар нэгэн зөрчилгүй, давхардсан зүйлгүй байсан тул С.Б-д эзэмшүүлж, сүүлд нэхэмжлэгчид шилжүүлэн олгосон” гэж мэдүүлсэн, үүнийг нотлох баримтаар шинжлэн судлуулсаар байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газрыг Нийслэлийн боловсролын газарт давхардуулан олгохдоо сүүлд буюу 2019 онд Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн газрын албаны мэргэжилтнүүд хамтран байршлыг тогтоож, саналаа хүргүүлсэн болох нь хангалттай тогтоогддог. Энэ талаар тэдний хооронд солилцож байсан албан бичгүүд, газрын талаарх танилцуулга зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдаж маргаангүйгээр тогтоогдож байгаа бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлээгүй орхигдуулсан. Бүр Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь бүгд уг газар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч хоорондоо албан бичгийг удаа дараа илгээж байсан нь нотлох баримтаар хэрэгт авагдсан. Үүнийг шүүх үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлээгүй мөн л орхигдуулсан. Тухайлбал, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас Нийслэлийн газрын албанд ирүүлсэн “Санал хүргүүлэх тухай” 08/633 дугаар албан тоотод “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/19 дугаар төлөвлөгөө батлах тухай тогтоолоор Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд 15 сургууль, цэцэрлэг төлөвлөгдсөн байна. Иймд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй сургууль, цэцэрлэгийн байршлыг хавсралтаар хүргүүлж байна” гэж ирүүлсэн байдаг.

Мөн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хот байгуулалт хөгжлийн газраас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 08/1330 дугаар албан тоотоор “Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт батлагдсан цэцэрлэгийн барилгуудын байршилын саналыг хүргүүлж байна” гэж хүргүүлсэн байдаг.

Энэ тохиолдолд нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хуульд заасны дагуу тухайн дүүргийн засаг даргын саналыг заавал авах ёстой. Энэ бол хууль бөгөөд ийнхүү хуульд заасан бол хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчмыг хэлбэрэлтгүй баримтлах ёстой. Хариуцагч болоод анхан шатны шүүхийн аль аль нь хууль дээдлэх зарчмыг чандлан баримтлах ёстой атал уг зарчмыг гажуудуулсан.

Нэхэмжлэгчийн ойролцоох газруудыг анхнаасаа Баянзүрх дүүргийн Засаг даргаас захирамж гаргаж өөрийн эрх хэмжээний хүрээнд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлж ирсэн байдаг бөгөөд 2013 онд нэхэмжлэгчийн ойролцоох иргэд нь өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож 2 талт болон 3 талт гэрээг байгуулж газраа шилжүүлэн өгсөн, энэ нь хэрэгт авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Хариуцагчаас эдгээр иргэдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргасан Баянзүрх дүүргийн засаг даргын захирамжийг хүчингүй болгоогүй. Хариуцагчаас уг газрууд дээр газар эзэмшүүлэх шийдвэрийг анхнаасаа гаргаж байгаагүй байдаг.

Гурав. Анхан шатны шүүх нь “Нэхэмжлэгч Э.Г-ийн газар эзэмших эрхийн үндэслэл болсон С.Б-ын газар эзэмших эрх нь тухайн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдахаас хойно үүссэн байх тул маргаан бүхий А/511 дүгээр захирамжаар 16 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөөгөөний төлөвлөлтийн Б хэсэгчилсэн талбайд 0,74 га газрыг Нийслэлийн боловсролын газарт эзэмшүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, мөн маргаан бүхий А/349 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/81 дүгээр захирамжийн хавсралтын 4 дэх хэсгийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд нийцсэн шийдвэр болжээ” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Учир нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д хуульчлан тодорхойлж өгсөн “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл” байхгүй, ийм төлөвлөгөө батлаагүй талаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан ёсоор тайлбарыг ирүүлсэн, харин энэ албан бичиг нь нотлох баримтаар хэрэгт хавсаргагдсан байгааг удаа дараа тайлбарласан. Энэ тохиолдолд шүүхээс тайлбарлаж байгаа шиг “Нэхэмжлэгч Э.Г-ийн газар эзэмших эрхийн үндэслэл болсон С.Б-ын газар эзэмших эрх нь тухайн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдахаас хойно үүссэн” гэх нь үндэслэлгүй.

2. Шүүхээс нотлох баримт цуглуулах шатанд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 63 дугаар тогтоол гарч ирсэн бөгөөд энэ тогтоол нь Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 16 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэх баримт байсан. Өөрөөр хэлбэл, шүүхээс нэхэмжлэгч Э.Г-ийн газар эзэмших эрхийн үндэслэл болсон С.Б-ын газар эзэмших эрх нь тухайн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдахаас хойно үүссэн байх тул гэж буруу тайлбарлан марган бүхий А/511 дүгээр захирамжийг хамгаалсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 63 дугаар тогтоолоос өмнө Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/192 дугаар захирамжаар С.Б-д газар эзэмших эрх олгосон байгаа нь маргаангүйгээр тогтоогдож байна .

Нэхэмжлэгч Э.Г-д шинээр газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй бөгөөд газар эзэмших эрхийг шилжүүлэх захирамж гарсан байдаг болно. Хэргийн энэ үйл баримтын талаар шүүх нэг ч өгүүлбэр дүгнэлт хийлгүй бүхэлд нь орхигдуулсан. Тэгэхээр цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Э.Г-ийн газар эзэмших эрхийн үндэслэл болсон С.Б-ын газар эзэмших эрх нь Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 16 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдахаас өмнө нь үүссэн байгаа нь дээрх байдлаар, дурдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа болно.

3. Шүүх нэг зүйлийг огт анхаарч дүгнээгүй. Нийслэлийн боловсролын газарт нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газрыг давхардуулан олгохдоо энэ талаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд огт тусгаагүй тул 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар нь Нийслэлийн газрын албанд “Санал хүргүүлэх тухай” 08/633 дугаар албан тоотоор “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй сургууль, цэцэрлэгийн байршлыг хавсралтаар хүргүүлсэн”, уг албан бичгийн хавсралтаар “Эдэлбэр газрын байршлын схем” гэхийг хамт хүргүүлсэн байдаг ба энд “Дүүрэг, хороо: БЗД ... дугаар хороо, газрын зориулалт: Цэцэрлэг, Талбайн хэмжээ 0.72 га” гэж тодорхойлсон байдаг.

Харин хариуцагч нь маргаан бүхий А/511 дүгээр захирамжаар “...төлөвлөлтийн Б хэсэгчилсэн талбайд 0,74 га газрыг нийслэлийн боловсролын газарт эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Гэтэл нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газрын эдэлбэр хэмжээ нь 182 м.кв юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газрыг хүчээр бүхэлд нь хамруулан захирамж гаргаснаас ийм нөхцөл байдал үүссэн. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй болно.

Дөрөв. Шүүх нь өөрөө “Баянзүрх дүүргийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний Хоёр. Өмчлүүлэх, эзэмшүүлэх ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалт хэсгийн 4-д ... дугаар хороо, Улаанхуаран, Эрдэнэтолгой Холбоотолгой. Гэр бүлийн хэрэгцээний, 2,5 га, ДӨХГА, 50 гэж тусгагдсан”, мөн Газрын тухай хуулийн 21.5.3-д зааснаар хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах хэдий ч дүүргийн иргэдийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дээрх байршилд Э.Г-ийн эзэмшиж буй газар хамаарах эсэх тодорхойгүй, энэ талаарх баримтыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараа шаардсан боловч шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгч нь эрхийн зөрчилгүй газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна” гэж үнэн зөв дүгнэлт хийсэн. Энэхүү дүгнэлтийг хийхдээ шүүх дараах асуудлыг анхаараагүй. Үүнд:

1. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “2016 оны оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай 39 дүгээр тогтоолыг гаргасан, энэ тогтоолын хавсралтаар дүүргийн 2016 оны оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсан, тус төлөвлөгөөний “Хоёр. Өмчлөх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалт” хэсгийн “2.1. Иргэний гэр бүлийн хэрэгцээнд шинээр эзэмшүүлэх” хэсэгт “4, 8 дугаар хороо: Эрдэнэтолгой: гэр бүлийн хэрэгцээний, 2.5, жилдээ” гэж тусгагдсан” байх бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/192 дугаар захирамж нь уг дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн гарсан болохоо уг захирамжид өөрөө ТОДОРХОЙ дурдсан байна.

Мөн дүүргийн газрын мэргэжилтэн н.П-г гэрчээр шүүх хуралд оролцуулж, гэрч нь “Тухайн үед газрын мэдээллийн сангаас харахад ямар нэгэн зөрчилгүй, давхардсан зүйлгүй байсан тул С.Б-д эзэмшүүлж, сүүлд нэхэмжлэгчид шилжүүлэн олгосон” гэж мэдүүлсэн.

Түүнчлэн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулагчаас Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан тодорхойлолтод “Э.Г-ийн эзэмших хүсэлт гаргасан газар нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалалд хамаардаг” болохыг тодорхойлж хүргүүлсэн байдаг ба энэ нь нотлох баримтаар хэрэгт авагдсан. Ийм байхад дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дээрх байршилд нэхэмжлэгч Э.Г-ийн эзэмшиж буй газар хамаарах эсэх нь тодорхойгүй гэсэн дүгнэлт хийсэн нь өөрөө огт үндэслэлгүй. Шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэх ёстой. Гэтэл шүүх эдгээр тодорхой нотлох баримтуудыг үнэлэхгүй орхигдуулсан нь хуульд нийцэхгүй. Хэрэв үнэлэхээс татгалзаж байгаа бол энэ талаарх үндэслэлээ дурдах ёстой атал огт тайлбарлаагүй. Эдгээр нотлох баримтууд нь нэхэмжлэгч эрхийн зөрчилгүй газрыг эзэмшиж байсан болохыг нотлож байгаа болно.

2. Захиргааны хэргийн шүүхэд онцгойлон олгосон эрх хэмжээ, чиг үүрэг болох мөрдөн шалгах чиг үүрэг, мөн нотлох баримтыг цуглуулах үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй талаараа дээрх байдлаар тайлбарлаж, үүнийгээ нэхэмжлэлийг хангахаас татгалзах шалтгаан болгон тайлбарлаж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй.

Тав. Анхан шатны шүүх нь хэргийг шударгаар, үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дараах үйл баримтуудын талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Үүнд:

1. Анх маргаан бүхий захирамжууд гарахаас өмнө бюу 2020 оны 02 дугаар сарын 06 ны өдөр Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч Э.Г-д “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 02-02/534 дугаар албан тоотыг ирүүлэхдээ “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье” гэж ирүүлсэн. Ийнхүү мэдэгдэл болон сонсгох ажиллагааг хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр явуулсан атлаа маргаан бүхий захирамжийг гаргахдаа тэс өөр үндэслэлээр гаргасан. Хариуцагчийн энэ байдал нь өөрөө мөн л хууль зөрчсөн бөгөөд үүнийг хуульд заасан сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэлийг бий болгосон.

2. Хариуцагч нь нэхэмжлэгч Э.Г-д газар эзэмшүүлэхээр олгосон захираамжаа дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн өмнө 2016 онд уг газрыг иргэн С.Б-д олгосон үйл баримттай маргадгүй бөгөөд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “2016 оны оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” А/39 дүгээр тогтоол, уг тогтоолоор баталсан “2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө” өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно.

Иймд хэргийн үйл баримтын талаар болон хэрэгт авагдсан нотлох баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт тайлбар хийж, улмаар хуулийг буруу тайлбарлаж үндэслэлгүй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулж  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.Г-с Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/511, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/349 дугаартай захирамжуудыг хууль бус байсан болохыг тогтоож, түүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 61,425,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн А/192 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 14 дэх заалтаар тус дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 1-2а тоот хаягт байрлах 182 м.кв газрыг С.Б-д 15 жилийн хугацаатайгаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, мөн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/81 дүгээр захирамжийн хавсралтын 4 дэх хэсгээр уг газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Э.Га-д шилжүүлсэн байна.

Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “газар эзэмших эрх олгох тухай” А/511 дүгээр захирамжаар гуравдагч этгээд нийслэлийн Боловсролын газарт “Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 16 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний талбар ... төлөвлөлтийн Б хэсэгчилсэн талбайд 0,74 га газрыг цэцэрлэгийн зориулалтаар эзэмших эрх олгож, улмаар 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/349 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 21.2.3, 21.5.3-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Э.Г-д эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/81 дүгээр захирамжийн хавсралтын 4 дэх хэсгийг хүчингүйд тооцож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1/2239 албан бичгээр ирүүлсэн лавлагаанд “... 182мкв талбай бүхий газар нь иргэн Э.Г-ийн нэр дээр эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байх бөгөөд ... 7067 м.кв талбай бүхий нийслэлийн Боловсролын газрын нэр дээр бүртгэгдсэн газартай бүхэлдээ давхарлан зураглагдаж бүртгэгдсэн” гэсэн байх тул нэхэмжлэгч Э.Г-ийн эзэмших эрхтэй байсан 182 м.кв газар нийслэлийн Боловсролын газарт олгосон 0,74 га газартай бүхэлдээ давхацсан байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4 “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-д заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах”, 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж тус тус хуульчилсан тул нийслэлийн Засаг дарга хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байх хуулийн зохицуулалттай.

Гэвч нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03-07/2359 тоот албан бичгээр “...1331100407 дугаар бүхий Э.Г-ийн, нэгж талбарын 1331100422 дугаар бүхийн Нийслэлийн Боловсролын газрын эзэмшил бүхий байршлуудад Нийслэлийн 2016, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Баянзүрх дүүргийн Засаг даргаас холбогдох саналыг албан ёсоор ирүүлээгүй” гэх лавлагаа ирүүлсэн тул нийслэлийн Засаг дарга маргаан бүхий газрыг нийслэлийн Боловсролын газарт эзэмшүүлж шийдвэрлэхдээ Баянзүрх дүүргийн Засаг даргаас санал аваагүй байжээ.

Гэхдээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/29 дүгээр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох” тухай тогтоолоор Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Батлан хамгаалахын их сургууль орчмын” 93,8 га газарт ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах байршилд маргаан бүхий газрыг хамруулан тогтоосон байх ба энэ нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ирүүлсэн зургаар нотлогдож байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/29 дүгээр тогтоол нь хэдийгээр Газрын тухай хуулийн 21.2.3-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл хэмээн нэрлээгүй боловч хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах гэр хорооллын байршлыг баталснаар үүнийг нийслэлийн хотын хөгжлийн төлөвлөлтийн нэг хэлбэр гэж үзэх боломжтой.  

Иймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн А/192 дугаар захирамжаар анх С.Б-д газар эзэмшүүлэхдээ хууль зөрчин, өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд буюу ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах байршилд цэвэр ус дамжуулах хоолойн хамгаалалтын бүстэй зарим хэсгээр давхцуулан 182 м.кв талбайг олгосон нь дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй шийдвэр болсон байх ба газрын мэдээллийн санд ороогүй байсан гэх тайлбараар зөвтгөгдөхгүй тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “газар эзэмших эрх олгох тухай” А/511 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй учир хууль бус байсан болохыг тогтоох боломжгүй.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо дээрх ерөнхий төлөвлөгөөг үгүйсгэн Баянзүрх дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний Хоёр. Өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалт хэсгийн 4-д 8 дугаар хороо, Улаанхуаран, Эрдэнэтолгой, Холбоотолгой. Гэр бүлийн хэрэгцээний, 2,5 га, ДӨХГА, 50 гэж тусгагдсан тул маргааны бүхий газарт эзэмших эрх олгох бүрэн эрх Баянзүрх дүүргийн Засаг даргад хамаарна хэмээн тайлбарлаж байх боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 07/29 дүгээр тогтоолоор баталсан ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах байршил, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/32 тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.1.3-д заасан Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах газарт хамаарч байх тул дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас Нийслэлийн газрын албанд ирүүлсэн “Санал хүргүүлэх тухай” 08/633 албан бичиг, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08/1330 албан бичгүүдээр дээрх газар нь Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хамаарахгүй талаар хэлэлцэж байсан гэх боловч хариуцагчаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй цэцэрлэгийн барилгын газартай давхацсан гэсэн үндэслэлээр бус ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах байршилтай давхацсан гэсэн үндэслэлээр шийдвэр гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/349 дүгээр захирамжийн тухайд: маргаан бүхий газарт анх эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн А/192 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 14 дэх заалт хууль бус буюу газар эзэмших эрх олгох боломжгүй байхад 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар мөн Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Э.Г-д шилжүүлсэн нь хууль бус учир тус захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд хууль зөрчин гаргасан захиргааны актыг дээд шатны байгууллага болох нийслэлийн Засаг дарга хүчингүй болгосон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн учир анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймд маргаан бүхий нийслэлийн Засаг даргын захирамжууд нь хууль зүйн алдаагүй захиргааны актууд байх тул хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллага албан тушаалтны буруу шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол байх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Ийнхүү анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргааныг зөв шийдвэрлэсэн байх боловч шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа буруу тогтоосон буюу илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулах өөрчлөлт хийх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 354 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА