Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 47

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

         Шүүгдэгч Ц.*******

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Наранцацрал

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн Ц.*******од холбогдох 201716000060 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, 

          Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их- Уулын *******од өөрийн гэртээ эхнэр Д.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг хүзүүгээр гэрийн тоононы чагтганы уяагаар боож амь насыг хохироож хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Ц.*******ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******од 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч Ц.*******ын цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.9-д зааснаар шүүгдэгч Ц.******* бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Ц.*******ын 4 ханатай гэрийг түүний хүү Г.Болдбаатарт олгохоор, улаан өнгийн утас бүхий зүүлт 1 ширхэгийг шүүгдэгч Ц.*******од олгохоор, хар өнгийн уранхай куртик 1 ширхэг, куртикны урагдсан зах 1 ширхэг, куртикны урагдсан малгай 1 ширхэг, цагаан өнгийн хөндлөн судалтай хар өнгийн хоолойтой цамц 1 ширхэг, шүүгдэгч Ц.*******ын багц үс, хумс, талийгаач Д.*******ын хумсыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.******* давж заалдсан гомдолдоо: “...Ц.******* би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдож шүүхээс намайг гэм буруутайд тооцож 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд давж заалдах гомдол гаргаж байна.

Тухайн хэрэг учрал болох үед талийгаач эхнэр маань надтай маргалдаж хоёулаа хоорондоо хэрэлдэж эхнэр миний эрх чөлөөнд халдсанаар хоорондоо үл ойлголцох байдал үүссэн. Энэ талаараа хавтаст хэргийн хүрээнд тодорхой мэдүүлсэн. Өөрт холбогдсон хэргийн хувьд надад маргах зүйл байхгүй. Миний буруутай үйлдэл бий. Гэхдээ ард үлдэж буй хэдэн хүүхдээ маш их өрөвдөж байна. Тэднийг маань одоо харж хандах хүн байхгүй, би ажил хийж миний орлогоор үр хүүхэд хань ижпээ тэжээж тэтгэж амьдрал маань үргэлжилж байсан. Эрхэм шүүгч та бүхэн миний хувийн байдлыг илүү анхааран үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос гаргасан дүгнэлтэндээ: “...Хэрэгт Д.*******г хохирогчоор болон насанд хүрээгүй гэрч Г.*******ын асран хамгаалагч тогтоосон тогтоолд мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гомдол гараагүй, шүүх хуралдааны процесс зөрчигдөөгүй, Ц.*******од эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай” байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэн зөв, шударгаар мэдүүлдэг. Анхан шатны шүүхийн шийдвэрээр оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах гомдлоо бүрэн дэмжиж байна.

Ц.*******ын гэр бүлд насанд хүрсэн хүүхэд байхад Д.******* гэж хүнийг хохирогчийн төлөөлөгчөөр сонгосныг хуулийн хүрээнд үндэслэлтэйгээр тогтоогоогүй гэж үзэж байна. Ар гэрийнх нь гомдолтой байдаг. Насанд хүрсэн *******ын Энхболдыг хүүхдийг хохирогчийн төлөөлөгчөөр тогтоож санал гомдлоо илэрхийлэх боломжийг олгоогүй. Хохирогчийн төлөөлөгчөөр тогтоогдсон Д.******* гэдэг хүнээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байна уу? гэхэд байхгүй гэсэн. Хохирогчийг хөдөөлүүлэх болон бусад зардлыг миний үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн бүрэн хариуцаж төлсөн. Гэмт хэрэгтэй холбоотой хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул ялыг хөнгөрүүлэх үндэслэл болж байна. Миний үйлчлүүлэгч Ц.******* нь өрх толгойлсон эцэг. Энэ хэргийг шийдэхдээ хүүхдийн асрамжийн асуудлыг шүүхийн шийтгэх тогтоолд зааж өгөөгүй нь хэргийг бүрэн шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна. Хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

         Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их- Уулын *******од өөрийн гэртээ эхнэр Д.*******тай хувийн таарамжгүй харьцааны

улмаас түүний хүзүүгээр гэрийн тоононы чагтганы уяагаар боож санаатай алсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүхээс Ц.*******ыг гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Түүнд шүүхээс тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээгээр оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

        Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Ц.******* нь хохирогчид хохирол, хор уршигийг нөхөн төлж барагдуулаагүй талаар хохирогч Д.******* мэдүүлсэн /хх-64-65, 2-р хавтас 2-р хуудас/, хохирол төлсөнтэй холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй байна.

         Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан нь шүүхээс заавал хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж байхыг хатуу хуульчилсан заалт биш бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо шүүгдэгч Ц.******* нь нөхөн төлөөгүй учир шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн ...хохирогчийн оршуулгын зардлыг Ц.*******ын ах, дүү, ар гэрээс гаргасан, хохирол бүрэн төлөгдсөн учир хорих ялын хэмжээг багасгаж өгөхийг хүссэн” саналыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

            Иймд шүүгдэгч Ц.*******ын “хөнгөн ял оноож өгөхийг хүссэн” гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.*******ын ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн” гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Ц.*******ын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш цагдан хоригдсон 90 /ерин/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                        Х.ГЭРЭЛМАА