| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0009/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/010 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Н.Мт холбогдох эрүүгийн 1914003800426 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Н.М
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Н зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Н.Мын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Э.Н дуудсан би гэрээсээ гарч Хорлоо гэх айлд очоод нэг шил архи Э.Н, Хорлоо ахтай хамт уугаад дууссан. Тэгээд Э.Нтой тэднийхээс гарч караокед орж дуу дуулсан бид хоёр тухайн үед хоёулаа байсан, дөрвөн пиво уусан тэгээд зүс таних Анхаа гэх залуутай уулзаж нэг шил архи бид хоёр хамт хувааж уусан. Э.Н надад агсраад дайрч шилтэй архи аваад дайраад байхаар нь стакан авч Э.Н дух орчимд цохьсон ..гэх мэдүүлэг / хх-ийн 47-48/
Хохирогч Э.Нийн мөрдөн байцаалтад өгсөн
… 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Н.М над руу утсаар залгасан би гэрт нь явж очсон тэндээс бид хоёр гарч такси барьж дэлгүүрт орж 20000 төгрөгөөр би нэг шил архи авч Н.Мын таньдаг гэх найзынд очиж архи ууж сууж байгаад мөнгөнөөс болж би Н.Мтай маргалдсан. Тэгтэл ууж суусан стакан авч намайг миний баруун хөмсөгний дээд хэсэгт цохиж тэр хэсэгт хагарч цус гарсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 /
Гэрч Б.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн
... Манайд Н.М танихгүй залуутай архи авчирч ууж байгаад нөгөө залуутайгаа маргалдаж ууж байсан стаканаар толгой хэсэг рүү нь цохьсон...гэх мэдүүлэг / хх-ийн 51 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 286 дугаартай шинжээчийн
1. Э.Нийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Э.Нийн биед 2019.05.04-ны өдөр гэмтэл авснаас өмнө учирсан гэх хуучин гэмтэл тогтоогдсонгүй.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй..гэх дүгнэлт /хх-ийн 07-08/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 17/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 43-44/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 49-53/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62/, шүүгдэгч Н.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89-70/, оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 76/, арилжааны банкнуудын тодорхойлолт /хх-ийн 65-68/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Н зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Н.Мын ...Э. Нацагдорж надад агсраад дайрч шилтэй архи аваад дайраад байхаар нь стакан авч дух орчимд цохьсон...гэх мэдүүлэг / хх-ийн 46-47 /
хохирогч Э.Нийн ... би Мэнд-Амартай маргалдсан ууж суусан стакан авч миний баруун хөмсөгний дээд хэсэгт цохиж тэр хэсэгт хагарч цус гарсан … гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /
гэрч Б.Анхбаярын ...Н.М нөгөө залуутайгаа маргалдаж ууж байсан стаканаар толгой хэсэг рүү нь цохьсон .... гэх мэдүүлэг / хх- ийн 56 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 286 дугаартай “...Э.Нийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хх-ийн 7-8 / болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Н.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч Э.Н , шүүгдэгч Н.М нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн толгой тус газар аягаар цохьсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч Н.Мэнп-Амарын нь хохирогч Э.Н зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед нь ... духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 7-8/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэргийн хохирогч Э.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон хохирогчийн зүй бус харилцааны улмаас нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Мт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Э.Н нь Н.Мын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.М нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.М нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Н.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Н.М нь хувьд ноогдох хөрөнгөтэй болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Мын эзэмшлийн “... noke маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Н.Мд буцаан олгож, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Мыг зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Мт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Н.Мын эзэмшлийн “... noke маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Н.Мт буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Мт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА