| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0128/Э |
| Дугаар | 0141 |
| Огноо | 2020-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 0141
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Дийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908061000027 дугаар хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, цагийн ажил хийдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 382 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял тус тус шийтгүүлсэн, Жаран овогт Намсрайжавын Д /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Н.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой Сонгинохайрхан дүүргийн , 6-3 тоотод хамтран амьдрагч болох О.Нтэй хардалтын улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гар, толгойн тус газар нь гурилын элдүүр модоор тус тус цохиж, түүний эрүүл мэндэд “зүүн зулайн хуйханд шарх, баруун нүдний дотор буланд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гараараа 1 удаа цохисон. Араас нь хөөж, богино элдүүрээр 1 удаа цохисон. Буруутай үйлдлээ ойлгож байна. Хөнгөн шийдэж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1908061000027 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч О.Нийн: “...Нөхөр Д, Батжаргал, Өлзийсүрэн бид 4 Батжаргалын гэрт 0,75 литрийн архи 2 шилийг уусан. Батжаргал гэртээ унтаад өгсөн. Би дүү Өлзийсүрэнд “би 2 хүүхэдтэйгээ танай гал тогооны өрөөнд хоночихъё” гээд гэрээсээ хөнжил гудсаа оруулж ирээд Батжаргалын гэрийн гал тогооны өрөөнд унтах гээд ороо зассан. Удалгүй манай нөхөр Батжаргалынд орж ирэхээр нь би “энд хүүхдүүдтэйгээ унтлаа, чи яв” гээд хөөтөл Д гараад явсан. Тэгсэн Батжаргалын гэрт Дийн хамт ажилладаг байсан гэх залуу Батбаяр ороод ирэхээр нь Өлзийсүрэн, Батжаргал нарыг сэрээхгүй гэж бодоод гэр лүүгээ Батбаярыг аваад орсон. Би гэртээ Батбаярыг унтуулах гээд ор засаад, юм яриад сууж байтал нөхөр Д орж ирээд уурлаад “та 2 хаалгаа түгжчихсэн юу хийж байгаа юм бэ” гэхээр нь би “Батбаяраас цалин мөнгө төгрөгийг чинь асууж байна” гэхэд Д Батбаяр бид хоёрыг хардаад миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиход би орон дээр унасан. Би айгаад гэрээс гараад Өлзийсүрэнгийн гэрийн хаалгыг нүдэж байтал Д ирээд элдүүрээр миний дагзны зүүн хэсэгт 1 удаа цохьчихоод хашаанаас гараад зугтаачихсан. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр Д бид 2 сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-20-22/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.11.19-ний өдрийн 13793 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.О.Нийн биед зүүн зулайн хуйханд шарх, баруун нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-25/,
Шүүгдэгч Н.Дийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Батжаргалын гэрт манай эхнэр Н, Өлзийсүрэн бид 4 0,5 литрийн 2 шил архи уусан. Манай эхнэр хоёр хүүхэдтэйгээ Батжаргалын гал тогооны өрөөнд унтлаа гээд ороо засчихаад “чи явбал яв, бид нар унтлаа” гэж хэлсэн. Би гадуур явж байгаад гэртээ ороод унтъя гэж бодоод ...хаалгаа таттал дотроосоо түгжээтэй байхаар нь хаалганы завсраар хартал манай эхнэр Батбаярт газар ор засаад өгчихсөн, Батбаярын урд өвдөглөөд суучихсан байхаар нь би уурлаад хаалгыг татаад орсон. Нт “чи юу хийж байгаа юм бэ, юу болж байна” гэж хэлээд Нийг түлхэж баруун нүд орчим нь гараараа нэг удаа цохитол орон дээр унасан. Н Өлзийсүрэнгийн байшин руу нь орох гээд үүд хүрэх явцад би ардаас нь гэрийн хаалга түгжсэн байсан гурилын элдүүрийг авч очоод толгой хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-98-102/,
Сонгинохайрхан дүүргийн ны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-34-35/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-36-44/, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-45-48/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-79, 90/, Сонгинохайрхан дүүргийн ны тодорхойлолт /хх-89/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-91-92/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63/, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар /хх-66-67, 68-69/, хохирогчийн “...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид хоёр ярилцаж сайн дураараа эвлэрсэн...” гэх хүсэлт /хх-116/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-117/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт Н.Дийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгож хөнгөрүүлэн өөрчиллөө. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа үйлдэл нэг бүр гэр бүлийн хүчирхийллийн шинжид хамаарахгүй бөгөөд эр, эмийн хардалтаас шалтгаалж гэнэт үүссэн буюу нэг удаагийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул Н.Дийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ. Тухайлбал “Хохирогч О.Н нь гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжин нөхрөөсөө өөр хүнтэй хамт байсан”-аас шалтгаалан шүүгдэгч Н.Д хардаж, хохирогч О.Нийг цохиж зодон хөнгөн гэмтэл учруулсан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Д согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой Сонгинохайрхан дүүргийн , 6 дугаар байр, 03 тоот гэртээ эхнэр О.Нийг хардан гараар болон элдүүрээр цохиж зодон зүүн зулайн хуйханд шарх, баруун нүдний дотор буланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч О.Нийн “...Бид нар хоёр шил архи хувааж уусан. ...Гэртээ Батбаярыг унтуулах гээд ор засаад, юм яриад сууж байтал Д орж ирээд уурлаад ...Батбаяр бид хоёрыг хардаад миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиход би орон дээр унасан. ...элдүүрээр миний дагзны зүүн хэсэгт 1 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-20-22/, шүүх эмнэлгийн 13793 дугаар “1.О.Нийн биед зүүн зулайн хуйханд шарх, баруун нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-25/, шүүгдэгч Н.Дийн яллагдагчаар өгсөн “...хаалганы завсраар хартал манай эхнэр Батбаярт газар ор засаад өгчихсөн, Батбаярын урд өвдөглөөд суучихсан байхаар нь би уурлаад хаалгыг татаад орсон. Тэгээд би Нт “чи юу хийж байгаа юм бэ, юу болж байна” гээд Нийг түлхэж баруун нүд орчим гараараа нэг удаа цохитол орон дээр унасан. ...гурилын элдүүрийг аваад Нийн ...толгой хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-98-102/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Дийн хохирогч О.Нийг хардалтын улмаас гараар болон гурилын элдүүрээр толгойд цохиж зодон хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Д бид 2 сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-20-22/, “...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-116/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой гэртээ эхнэр О.Нийг зодож хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Тогтсон ажилтай, улирлын чанартай ажил хийдэг гэх, цалин мөнгөө бэлнээр авдаг тул нотлох баримт байхгүй байсан, ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаас торгох ял нь илүү биелэгдэх боломжтой гэж үзсэн...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, гэр бүлийн таарамжгүй харилцаа буюу хардалтын улмаас гараар толгойд нэг удаа, гурилын элдүүр модоор толгойд нэг удаа цохиж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Харин торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн гараар болон гурилын элдүүр модоор хохирогчийн толгой хэсэгт цохиж гэмтэл учруулсан үйлдэлд улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын хэмжээ Эрүүгийн хуульд заасан хууль ёны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж дүгнэн шүүгдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа хөдөлмөр эрхэлж, орлого олдог гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Н.Дийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Дийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Жаран овогт Намсрайжавын Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дийг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дийг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР