Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 728

 

 

 

 

 

105/2020/0709/Э

 

  2020          04          21                                 2020/ШЦТ/728

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

           улсын яллагч Н.Гэрэлмаа,

          шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Над холбогдох эрүүгийн 2006 01509 0864 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.                 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт Дамбын Д.Н, Монгол улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дугуй засварт ажилладаг, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 25 дугаар байр, 22 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, //,

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Цэргийн” хотхоны гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Цогбадрахтай маргалдан зодолдож, түүний нүүрэн хэсэгт 4-5 удаа цохин, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

                    Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Н нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Царгийн” хотхоны гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Цогбадрахтай маргалдан зодолдож, түүний нүүрэн хэсэгт 4-5 удаа цохин, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Н гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

             1. Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн, цаашид гомдол саналгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

             2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №3724 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...Б.Цогбадрахын биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, нүдний зовхи хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Дээрх гэмтлийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[2],  

             3. Хохирогч 2020 оны 03 дугаар сарын 16, 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Д.Н болон бусад хүмүүсийн хамт архи уусан. Тэгээд би манай эхнэрээ явуулах гэсэн чинь явахгүй байсан тул Д.Над “эхнэр явлаа” гэж хэлэхэд явуулахгүй байсан тул бид хоёр маргалдсан. Д.Н миний шанаа руу 4-5 удаа, хамар руу 3-4 удаа цохисон. Тэгээд эхнэр бид хоёр явлаа гээд гараад машиндаа суухад манай “Тоёота Приус-20” маркийн машины жолоочийн эсрэг талын арын хаалгыг өшиглөсөн тул цагдаа дуудсан. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гаргасан гомдлоо буцаан авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг[3],

             4. Гэрч Э.Алтантуяагийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 15-ны орой 20:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86-2 тоот манай гэрт нөхөр Цогбадрах, Ганзул, Д.Н гэх найзуудын хамт орж ирсэн. Тэр 3 хоол идчихээд Даваа гэх айл руу хүргээд өг гэхээр нь би хүргэж өгөөд гадаа нь 30 минут хүлээсэн. Тэгээд Цогбадрах, Ганзул нар эхлээд гарч ирсэн. Д.Н гарч ирэхгүй байхаар нь явж байтал Д.Н араас залгаад “намайг орхиод явчихлаа” гэж ярихаар нь буцаж очиход Д.Н ганцаараа гарч ирээд зогсож байсан. Цогбадрах буугаад “бид нар явлаа” гэж хэлээд машиндаа суусан чинь Д.Н машины хаалга руу өшиглөсөн. Тэгээд Цогдбадрах гараад Д.Нтай харилцан зодолдож эхэлсэн” гэх мэдүүлэг[4],

            5. Шүүгдэгч Д.Над эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[5], иргэний үнэмлэхний лавлагаа[6],

            6. Шүүгдэгч Д.Н 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед найзуудын хамт архи ууж нэлээн согтсон. Даваагийн гэрээс намайг гараад ирэхэд Цогбадрах эхнэрийн хамт машинтайгаа доошоо явж байсан. Би араас нь утас руу залгаад “ би бас доошоо явна шүү” гэж хэлсэн. Гэтэл Цогбадрах эхнэрийн хамт буцаад ирсэн. Цогбадрахтай юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Нэг мэдсэн чинь Цогбадрах бид хоёр ноцолдоод, зодолдож байсан” гэх мэдүлэг[7] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Над гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

             Хохирогчийн зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.

                                        Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

            Шүүх шүүгдэгч Д.Нын эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Д.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.

            Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Над 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Над анхааруулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч .Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Нын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан Д.Над анхааруулсугай.

           5. Ялтан Д.Н нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

           6. Ялтан Д.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ                                              

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 5-7 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 19 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 20 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал