Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

-

-

     2018          12           28                                          21               

 

-                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч Б.Чинбилиг,

хохирогч З.Г,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808052031500 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт тоотод оршин суух,

урьд Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 5 сарын баривчлах ял шийтгүүлсэн, Монгол овогт Байгалмаагийн Д /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 6 дугаар гудамжны 39 тоотын орчим иргэн З.Гыг зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байгаа, мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн нүүрэнд 2-3 удаа цохисон, 1 удаа мөргөсөн” гэв.

Хохирогч З.Гы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 10-нд гэрээс гараад 6-39 тоот орчим таарсан. Намайг “хөөе” гэхээр нь “яасан” гэхэд “өнөөдөр хүн зодмоор байна” гэсэн. “Чи зүгээр байгаа хүнийг яахаараа зоддог” юм гэтэл нүүр лүү 2-3 удаа цохисон, 1 удаа мөргөсөн. 3.421.116 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Эрүүгийн 1808052031500 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч З.Гы: “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой 19 цаг 40 минутын үед эхнэрээ тосох гээд гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 6 дугаар гудамж, 39 тоот орчмын нарийн гудамжаар явж байгаад, үл таних залуу эхнэр хүүхдийн хамт гарч ирээд намайг “хөөе” гэж дуудаад тулж ирэхээр нь “яасан хөгшөөн” гэж хэлсэн чинь “өнөөдөр би хүн зодмоор байна шүү” гэж хэлэхээр нь “чи зүгээр байгаа хүнийг яахаараа зоддог юм” гэхэд эхнэр нь татаж цаашаа явсан. Тэгсэн чинь нөгөө залуу эргэж хараад “чамайг ална” гэж орилохоор нь “зүгээр байгаа хүнийг чи яахаараа алдаг юм” гэж хэлэхэд гараа шувт татаж над руу гүйж ирээд зүүн гараараа заамдаж аваад миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохиод дахин цохих гэхээр нь би мушгиж газар унагаад доороо оруулаад ноцолдсон. Тэр үед миний халааснаас гар утас унаад би гар утсаа аваад өндийсөн чинь миний нүүр лүү юугаар мэдэхгүй нэг удаа цохиход би тэрнээс хойш юу болсныг мэдээгүй орон гаран болчихсон. Тэгээд 3-4 удаа шанаа руу гараараа цохиж, 2 удаа мөргөсөн. Тэр залуугийн гэрээс нэг эмэгтэй ирээд “хүн аллаа шдээ” гэж хэлээд дийлэхгүй болохоор нь үсдэж зуураад салгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгч тэр хоёр залууг бариулсан. Одоо миний зүүн шанаа эвгүй болчихоод байна. Хамар нүд хөхөрчихсөн хугарсан. Толгой хавантай гэж хэлсэн. Эмчилгээний зардал 3.421.117 төгрөг нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг /хх-6-7, 8-9/,

Гэрч А.Золжаргалын: “2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн орчим гэр лүүгээ явж байсан чинь Д согтуу, гудамжинд намайг тоссон. Бид хоёр гудамжаар явж байсан чинь нэг залууг зөрөхдөө Д шүргэчихсэн чинь нөгөө залуу “яаж яваад байгаа юм” гэхэд Д “мөргөчихсөн хүнийг чи яадаг юм” гээд хоорондоо маргалдаж бие биенийхээ куртикний захаас зууралдаж байгаад Д газар шороон дээр уначихсан. 5 настай охин минь хараад уйлчихсан байхаар нь би охиндоо харуулахгүй гэж бодоод охиноо оруулаад гараад ирэхэд тэр хоёр салчихсан. Нөгөө залуугийн нүүр цус болчихсон харагдсан. Цагдаа ирээд Дг аваад явчихсан. Би зодуулсан залууг эхнэртэй нь дагуулж яваад Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед тэр залуугийн хамар нь хавдсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх-16-17/,

Гэрч Ю.Байгалмаагийн: “2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр миний хүү Б.Д хоёр найзтайгаа “ажлаасаа ирлээ” гээд орж ирээд архи уусан. Орой 20 цагийн орчим гараад явсан. Д орж ирэхгүй нилээн удаж байгаад гаднаас найз эмэгтэй Золжаргал орж ирээд “Д гадаа хүн зодоод байна” гэхээр нь би гараад очиход Д нэг залуутай бие биенээ заамдчихсан нөгөө залуугийн хамраас цус гарчихсан харагдсан. Би Дг татаж аваад гэр лүүгээ оруулсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.11.12-ны 13534 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. З.Гы бид зүүн хацар ясны нум хэсгийн хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хүзүүний зүүн урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-21/,

Шүүгдэгч Б.Дн яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн орчим найз Түмэндэлгэр, Оюунбат хоёртой 2 шил 0,75 литрийн архи гэртээ уусан. Найз охин Золжаргалтай Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 5 дугаар гудамжинд таараад бид хоёр гэр лүүгээ явах замдаа үл таних нэг залуутай мөрөөрөө шүргэлцсэний улмаас маргалдаад зууралдаж, би тэр залууг гараараа нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиж гэмтэл учруулсан. Тэр хүнтэй зүй бус харилцаа үүсгэж ийм асуудалд орчихлоо. ...Би тухайн үед тэр залуугийн доор нь орчихсон байж байгаад доороос нь босож ирээд, нүүр лүү нь гараараа 2 удаа цохиж, 1 удаа мөргөсөн чинь тэр залуугийн хамраас цус гарчихсан...” гэх мэдүүлэг /хх-31-32/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн З.Гы өргөдөл /хх-3/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-22, 23/, мөрдөгчийн тогтоол /хх-24/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-36-41, 47-49/, “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /хх-44/, хохирлын тооцоо /хх-64/, “Лэсү транс” ХХК-ийн тодорхойлолт /хх-66/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-67/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-68/, “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулга /хх-70/, мөрдөгчийн тогтоол /хх-71/, хохирогчийн нэхэмжлэл, хохирлын баримт /хх-72, 75-77, 80, 81/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 хуудас баримт зэргийг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Д согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 6 дугаар гудамж, 39 тоотын орчим иргэн З.Гыг зодож, биед нь зүүн хацар ясны нум хэсгийн хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хүзүүний зүүн урд дунд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч З.Гы “...над руу гүйж ирээд, зүүн гараараа заамдаж аваад миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохиод, ...Тэгээд 3-4 удаа шанаа руу гараараа цохиж, 2 удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-7-9/, шүүх эмнэлгийн 13534 дүгээр “1. З.Гы бид зүүн хацар ясны нум хэсгийн хугарал,зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хүзүүний зүүн урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-21/, гэрч А.Золжаргалын “...Нөгөө залуу нүүр нь цус болчихсон харагдсан...” гэх мэдүүлэг /хх-16-17/, гэрч Ю.Байгалмаагийн “...Д нэг залуутай бие биенээ заамдчихсан нөгөө залуугийн хамраас нь цус гарчихсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/, шүүгдэгч Б.Дн яллагдагчаар өгсөн: “...нүүр лүү нь гараараа 2 удаа цохиж, 2 удаа нүүр лүү нь мөргөсөн чинь тэр залуугийн хамраас цус гарчихсан...” гэх мэдүүлэг /хх-32/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Дн хохирогч З.Гыг цохиж, мөргөн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Гэмт хэргийн улмаас хохирогч З.Гы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Хохиролд 3.430.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх шүүхэд гаргасан хүсэлт, мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Д бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сараас дээш хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Ажил төрлөө хийгээд явж байвал хэрэгтэй байна. Гаас уучлалт гуйж байна. Би эх, 2 дүүгийн хамт амьдардаг. Нэг дүү группт байдаг, нөгөө дүү оюутан, эх ажилгүй. Иймд торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч нь гудамж, олон нийтийн газар биеэ зохисгүй /“Өнөөдөр хүн зодмоор байна” гэх мэтээр/ авч явж, хохирогчийг биеэрээ шүргэж, үл ялих зүйлээр шалтаглан эрх, эрх чөлөөнд нь халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, тодорхой ажил, хөдөлмөр эрхэлж орлого олдог/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан шүүгдэгч Б.Дг 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Байгалмаагийн Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 800.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Д урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

          

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л. БААТАР