Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 11

 

Б.Г-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01383/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12  дугаар сарын 01-ний өдрийн 1553  дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Боржигон овогт Б-ийн Г-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Боржигон овогт Э-ын Г-ад  холбогдох

“Ажлын хөлсний үлдэгдэл 3.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг  

            Нэхэмжлэгч Б.Г-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, хариуцагч Э.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Н.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Г-аас:

Э.Г-ад шинэ байрны урьдчилгааны мөнгө болох 12,000,000 төгрөгийг 2014 оны 10 сард өгсөн ба Э.Г- нь энэ мөнгөндөө цахилгааны ажил гүйцэтгэж өгөх үүрэг хүлээсэн боловч ажлыг хийхгүй удааснаас барилга ашиглалтанд орох хугацаа тулж бид өөр бригад авч ажлыг үргэлжлүүлэн дуусгасан. Хийсэн ажлынхаа хөлсөнд 6,000,000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг өгч дуусгаж байж байрны 8 хувийн лизинд хамрагдах ёстой байсан ба авлагагүй хэмээн хэлчих мөнгийг чинь 2015 оны 09 сард бүгдийг нь өгч дуусгана гэхээр нь  зөвшөөрсөн. Энэ хооронд удаа дараа нэхсэнээр 3,000,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгөө нэхэхэд өгөхгүй, 3,000,000 төгрөг өгөх ёстой гэсэн бичиг хийж өгөөч гэхээр зурахгүй гэж доромжилж, танихгүй хүн шиг хажуугаар өнгөрдөг болсон. Иймд 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдоос:

Б.Г-, Э.Г- нар 2016 онд 48 айлын орон сууцны цахилгааны монтажийг 12.000.000 төгрөгөөр хийхээр амаар тохиролцсон. Ажлын хөлсөнд Э.Г- Л.Эрдэнэбаяраас  байр    авахаар   тохиролцсон.  Б.Г- Л.Эрдэнэбаярт   12.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байдаг. Уг мөнгийг Э.Г- авчихаад ажлаа бүрэн гүйцэд дуусгахгүйгээр хаяж явсан. Э.Г- Б.Г-тай тохиролцож ажлын хөлсөнд 6.000.0000 төгрөгийг тооцож хассан байдаг. Мөн Э.Г- Б.Г-ад бэлнээр 3.000.000 төгрөг өгсөн байдаг. Иймд дээрх 12.000.000 төгрөгийн үлдэгдэл 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Э.Г-аас:

 Миний бие цахилгаан монтажийг 250.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр Б.Г-тай тохиролцсон. Уг тохиролцоогоор 48 айлын гэрийн цахилгаан монтажийг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Уг тохиролцоонд бусад дээврийн болон нийтийн эзэмшлийн хэсэг ороогүй. Би 1-3 давхар хүртэл далд монтаж хийсэн. Шалны цутгалт тавьсан байсан. 3 давхарын монтаж материалын муугаас болж гэмтсэн тул 3 давхарт 2 удаа цахилгаан монтаж хийсэн. 4 давхарт утас суулгах ухалт, 5 давхрын гэрэлтүүлэг зэргийг хийж гүйцэтгэсэн. 3 давхрын ажлыг хийж гүйцэтгэчихээд мөнгөө авъя гэхэд мөнгөө өгөхгүй байсан тул та бичгээр гэрээ хийгээд өг гэж 2 сар гуйсан. Би ажлыг нь зогсоож 12.000.000 төгрөгөө өгсөн тохиолдолд ажлаа дуусгана гэхэд Б.Г- 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12.000.000 төгрөг өгсөн. Б.Г- нь тохиролцоонд тусгаагүй ажлыг хийж гүйцэтгэхийг шаардсан тул бидний дунд маргаан үүссэн. Би хийсэн ажлын хөлсөө аваад зөрүү 3.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Маргаан үүсч ажил зогсоход Б.Г-ыг ажлаа хүлээж ав гэхэд ажлаа хүлээж аваагүй. Миний хувьд 3.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Миний ажлын нийт хөлс 10.600.000 төгрөг болсон. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1553 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т тус тус заасныг баримтлан Б.Г-ын хариуцагч Э.Г-аас 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Г- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх  хуулийг буруу хэрэглэж бидний хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн гэж үзэж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн нь үндэслэлгүй юм. Иргэн Э.Г- бидний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй. Иймд иргэн Э.Г-аас үлдэгдэл 3 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны  шүүх  нэхэмжлэлийн  шаардлага болон  үндэслэлийг тодруулж  хэргийн бодит байдлыг тогтоосны үндсэн дээр маргааныг шийдвэрлэж, нотлох баримтуудыг үнэлж, маргаанд тохирох  хууль  хэрэглэх байжээ.

Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч  Э.Г-ад холбогдуулан  зээлийн  үлдэгдэл  3.000.000 төгрөг гаргуулах  шаардлага гаргаж,  хариуцагч  нь  цахилгааны  монтажын ажлын хөлсөнд  12.000.000 төгрөг  авсан, 10.600.000 төгрөгийн ажил хийсэн, 3.000.000  төгрөгийг  бэлнээр  өгч  дуусгасан  одоо төлөх төлбөр байхгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж  маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн  шаардлагын  үндэслэлд  байрны урьдчилгааны 12.000.000 төгрөг өгсөн, үүнээс  6.000.000 төгрөгийг хийсэн ажлын  хөлсөнд тооцож  суутгасан, 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн,  үлдэх  3.000.000  төгрөг  гаргуулах,

Хариуцагч  48 айлын цахилгааны ажлыг 12.000.000 төгрөгөөр хийхээр  амаар тохирсон,  тохироогүй ажил  хийлгэх  гэснээс болж  маргаан  үүсч ажил  зогссон, Б.Г-ыг ажлаа хүлээж ав гэхэд  ажлаа аваагүй, ажлын хөлс  10.600.000 төгрөг болсон  гэх  тайлбарыг  тус тус  гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн  татгалзлаа өөр өөрөөр  тайлбарлаж, хийсэн  ажлын  үнэлгээг  6.000.000 төгрөг, 10.600.000 төгрөг  гэж  маргасан байна.  Энэ  зөрүүг  нэг мөр болгохгүйгээр   хэргийг шийдвэрлэх    боломжгүй. Үнэлгээний  зөрүүтэй байдал нь  маргааны  үндэслэл болсон байхыг  үгүйсгэхгүй.

Иймд  нэхэмжлэлийн  шаардлага, үндэслэлийг тодруулж, болсон үйл баримтыг зөв тогтоох   зайлшгүй  шаардлагатай байх тул   шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь  зүйтэй  байна.

            Нэгэнт  үйл баримт   тодорхой  биш  учраас   нэхэмжлэгчийн  давж заалдсан гомдлын талаар  дүгнэлт  өгөх  шаардлагагүй  гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1553 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн   59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  нэхэмжлэгчээс  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  66.000 төгрөг төлснийг, төрийн  сангийн орлогоос буцаан гаргасугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ            

                                ШҮҮГЧИД                                                 С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                   С.ЭНХЖАРГАЛ