Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 48

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

      Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр С.*******д холбогдох 201716000055 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүгдэгч С.******* нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* ******* хороололд Н.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түлхэж унаган гарыг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.*******ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, шүүгдэгч С.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлого, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ялтан С.******* нь торгуулийн ялыг 2017 оны 07, 08, 09, 10, 11-р саруудад тус бүр 90000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхийг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  хэмжээнээс хамааруулан хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ. 

Прокурор эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон Ц.Ариунжаргал шүүгдэгч С.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар дүгнэлт гаргаагүй, яллахаас татгалзаагүй байхад шүүх улсын яллагчийн дүгнэлтийг гаргуулаагүй шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлд заасан “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хорих байгууллагын нөхцөл болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана” гэснийг ноцтой зөрчсөн байна. Мөн улсын яллагч Ц.Ариунжаргал нь шүүх хуралдаанд ялын төрөл, хэмжээний талаар дүгнэлт гаргаагүй, шүүх хурлын тэмдэглэлд тусгагдаагүй байхад 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №03 тоот улсын яллагчийн дүгнэлтийн 2.1.6-д “шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжгэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэж бичиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг, шүүх мөн хуулийн 35.24 дүгээр зүйлийн 5,7 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна.

Иймд С.*******д холбогдох Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос гаргасан дүгнэлтэндээ: “...Улсын яллагч нь С.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар дүгнэлт гаргаагүй, яллахаас татгалзаагүй байхад шүүх улсын яллагчийн дүгнэлтийг гаргуулаагүй шийтгэх тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зөрчсөн” гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-97-97/ хуралдаан даргалагч хэлэлцүүлгийн шатыг дуусгаж улсын яллагч ялын дүгнэлтээ хэлэх зөвшөөрөл олгоход ...улсын яллагчаас С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд оруулж байна гэсний дараа шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэх тайлбар байгаа эсэх, талууд өмнөх тайлбар дээрээ нэмж хэлэх тайлбар байгаа эсэхийг асууж хариултыг аваад шүүгдэгч шүүх хуралдаанд эцсийн үгээ хэлж дууссаны дараа шүүх хуралдааныг түр завсарлуулаад үргэлжлүүлэн шүүхээс гаргасан гэм бурууг тогтоохгүйгээр хариуцлага хүлээлгэх шийдвэрийг уншиж сонсгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1-д “...анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг шийдвэрлэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 1-д “...прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хорих байгууллагын нөхцөл болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана”  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдов.

      Анхан шатны шүүх ийнхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. С.*******д холбогдох 201716000055 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол С.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

        

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                        Х.ГЭРЭЛМАА