Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 23

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун би Дорнод аймгийн Прокурорын газрын, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №0102247 дугаартай шийтгэврийн хуудсыг өөрчлүүлэх”-ийг хүссэн дүгнэлтийг, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зөрчлийн хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч ******* нь БНХАУ-ын иргэн /******* *******/ ******* ******* гэгч нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 130 кг байцаа импортын мэдэгдэлгүй тээвэрлэхийг завдсан гэх зөрчлийг шалгаад 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр №0102247 дугаартай шийтгэврийн хуудсаар торгууль ногдуулахдаа Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж мөн хуулийн 31.1.3 дахь хэсэгт зааснаар 30000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

          Гэвч Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1.3 гэсэн заалт байхгүй өөрөөр хэлбэл дээрх хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэн торгууль ногдуулж хууль ноцтой зөрчсөн байна.

          Иймд дээрх шийдвэрийг өөрчлүүлэх шаардлагатай байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч *******ийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр №0102247 дугаартай шийтгэврийн хуудсыг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

          Хариуцагч Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч ******* нь Хавирга хилийн боомтод хорио цээрийн хяналт шалгалт хийх үедээ БНХАУ-ын иргэн /******* *******/ ******* *******ийг импортын мэдэгдэлгүй 130 кг байцаа хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлөөр №0102247 дугаартай шийтгэврийн хуудсаар торгууль ногдуулахдаа 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3 гэсэн хуульд байхгүй заалтыг үндэслэн торгууль ногдуулсан байна.

       Торгууль бичих үедээ зөрчлийн тухай тэмдэглэлдээ Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 гэж зөв бичсэн боловч шийтгэврийн хуудсан дээрээ 31.1.3 гэж буруу бичиж бичиг үсгийн алдаа гаргасан байна. Иймд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/01 тоот прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

          Дорнод аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх ******* нь тус аймгийн “Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №0102247 дугаартай шийтгэврийн хуудсыг өөрчлүүлэх тухай” дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн.

          Дээрх шийтгэврийн дагуу зөрчилд холбогдогч БНХАУ-ын иргэн /******* *******/ ******* *******  нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 30000/ гучин мянга/ төгрөгийн торгуулийг төлж барагдуулсан байна.

        Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч ******* нь Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар ...үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа бөгөөд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Экспорт, импорт, хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Д.Энхбат нь  ...Зөрчлийн тухай тэмдэглэлдээ 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 гэж зөв бичсэн боловч шийтгэврийн хуудсан дээрээ 31.1.3 гэж буруу бичиж, бичиг үсгийн алдаа гаргасныг дурьдаж, ... холбогдох хэсгийг өөрчлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн нь, ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д  заасныг баримтлан, Дорнод аймгийн Прокурорын газрын, Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №0102247 дугаартай шийтгэврийн хуудсыг өөрчлүүлэх”-ийг хүссэн дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОЮУН