Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0375

 

“Ч б” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч К.М, хариуцагч Ц.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Ч б” ХХК-ийн гомдолтой, Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаар шийдвэрээр:

“...Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.19, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0050246 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай “Ч б” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч К.М давж заалдах гомдолдоо:

“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Гомдол гаргагч нь зөрчил тогтоогдсон талаар маргаагүй, харин Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулаагүй, тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар тогтоосон 58 хоногийн хугацааг хэтрүүлсэн, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн төлөөлөгчийг оролцуулаагүй, эрхийг эдлүүлээгүй, шийтгэлийн хуудсыг холбогдогчийг төлөөлөх эрхгүй этгээдэд гардуулсан гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргажээ.” гэж гомдол гаргагчийн шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг тодруулсан байх хэдий ч яагаад үндэслэлийг хүлээж аваагүй тухай тайлбарлаагүй байна.

Анхан шатны шүүхээс гомдол гаргагчийн маргаж буй үндэслэл бүрт тайлбар хийж, тодруулах үүрэгтэй байсан боловч тэр үүргийг хэрэгжүүлсэнгүй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна” гэж заажээ.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт 2020/051/003 дугаар актаар “173 удаагийн 202.4 тэрбум төгрөгийн дүнтэй гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар гүйцэтгээгүй, банк хоорондын төлбөр тооцооны дансанд саатуулсан” зөрчлийг арилгуулахаар акт үйлдэж “Ч б” ХХК-д хүргүүлсэн, актыг тус банкны гүйцэтгэх захирал, санхүү хариуцсан дэд захирал тус тус гарын үсэг зурж хүлээж авчээ. Улмаар акт тавигдсан зөрчлүүдийг арилгаагүй, харилцагчдын гүйлгээг хийгээгүй саатуулсан хэвээр байсан тул 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2101000010 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн гэжээ.

Монголбанкнаас “Ч б” ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 19, 21-ний өдрүүдэд тус тус улсын байцаагчийн акт нэртэй Зөрчлийн тухай хуульд заасан хууль бус үйлдэлд хариуцлага тооцуулахаар Зөрчлийн хэрэг нээж, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тухай мэдэгдсэн. Зөрчил шалган шийдэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, Зөрчлийн хэрэг нээх тухай асуудлыг шийдвэрлэхээр заасан байна.

Хууль тогтоогчоос Зөрчлийн хэргийг илрүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор зөрчлийн хэрэг нээх тухай асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан байх ба хэрвээ энэ хугацаа хэтэрвэл Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, хариуцлага тооцож болохгүй. Гэтэл анхан шатны шүүх энэ асуудал үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Монгол банкны эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуульд заасан хууль бус үйлдлийг илрүүлсэн даруй хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хариуцлага тооцох байсан боловч зөрчлийг арилгах боломжийг олгосон тухай тайлбарлаж байгаа нь хууль сахиулагч хуулийг бүрэн гүйцэт хэрэгжүүлэхгүй бусдад хуульд заагаагүй давуу байдал олгосон байна. Улсын байцаагчийн хууль бус үйлдлийг шүүх тэдгээрийн өмнөөс хуульд заагаагүй үндэслэлээр зөвтгөн тайлбарласан нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэжээ.

Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийг илрүүлсэн даруй хуульд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Зөрчилд тохирсон шийтгэлийг оногдуулах байсан. Дээрх ажиллагааг хийгээгүй, “Ч б” ХХК-д боломжийг олгосон гэдэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу Зөрчил шалган шийдэрлэх ажиллагаа явагдаагүй гэдгийг нотолж байна.

Шүүхийн шийдвэрт “зөрчилд холбогдогч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх этгээдээ томилж ирүүлээгүй” гэжээ. “Ч б” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр банкыг төлөөлөх эрх бүхий төлөөлөгчөөр Б.Т томилж ирүүлсэн байдаг. Энэхүү нөхцөл байдлыг шүүгч үнэлсэнгүй.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан төлөөлөгчийг томилж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, эрх үүрэг тайлбарлаагүй, ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй нь хууль бус үйлдэл болсон талаар тайлбарласан мөртлөө энэ нь шийтгэврийг хүчингүй болгох үндэслэл биш гэжээ.

Тиймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Ц.Нямдэлэгийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0050246 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч хянан шалгагч, улсын байцаагч Ц.Нямдэлэг нь Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн удирдамжийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 05-19-ний өдрүүдэд “Ч б” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны банкны санхүү, төлбөрийн чадварын байдал, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийг шалгахад 12 харилцагчийн 173 удаагийн 202.4 тэрбум төгрөгийн дүнтэй гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар төлбөрийн даалгаврын баримтыг үндэслэн гүйлгээ хийгээгүй, банк хоорондын төлбөр тооцооны дансанд саатуулсан зөрчил илрүүлжээ.

Иймээс 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0050246 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч “Ч б” ХХК эс зөвшөөрч тус шийтгэлийн хуудсыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага гарган маргасанд анхан шатны шүүх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9-д “Төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Банк дараахь шаардлагыг хангаж ажиллана:”, 16.1.1-д “заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх”, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэнэ...” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н нь гомдол гаргагчид банк хоорондын төлбөр тооцооны дансанд саатуулсан зөрчлийг арилгуулахаар 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 12 харилцагчийн 151,575,420,184.04 төгрөгийн гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар төлбөрийн даалгаврын баримтыг үндэслэн гүйлгээг хийж, банк хоорондын төлбөр тооцооны клирингийн дансанд хийлгүй Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-294/340 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Нягтлан бодох багц журам”-ын 5.4.Д.4-д заасныг зөрчсөнд 2020/051/001 дүгээр акт,

173 удаагийн 202.4 тэрбум төгрөгийн дүнтэй гүйлгээг харилцагчийн анхны шаардлагын дагуу тухайн өдөр нь гүйцэтгэлгүй Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасныг зөрчсөнд 2020/051/003 дугаар акт үйлдэж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр А-6/1320 тоот албан бичгээр улсын байцаагчийн актад заасан тохируулгын гүйлгээг 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор хийх хугацаатай үүрэг даалгавар өгсөн, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А-6/1357 тоот, 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдөр А-6/1447 тоот албан бичгүүдээр улсын байцаагчийн актад заасан тохируулгын гүйлгээ хийх хугацаатай үүрэг биелэгдээгүй, Монголбанкинд ирүүлсэн санхүүгийн тайлан бодит байдлаас их хэмжээний зөрүүтэй, банкны тайлан тэнцлийг үнэн зөв болгох арга хэмжээг албадан гүйцэтгүүлж тохируулга хийснийг болон банкинд албадлагын арга хэмжээ авах нөхцөл үүссэнийг мэдэгдсэн бөгөөд “Ч б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Г, санхүү хариуцсан дэд захирал Э.Х нар дээрх актуудтай танилцаж, тус тус гарын үсэг зурсан байна.

Гэвч “Ч б” ХХК нь дээрх зөрчлүүдийг арилгаагүй тул хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2101000010 дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн удирдах албан тушаалтны “Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай” тогтоолоор хэрэг бүртгэлтийн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Зөрчлийн хэргийн хугацааг сунгах тухай” 3/09 дугаар прокурорын тогтоолоор 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан байх ба 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргасан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэхгүй бөгөөд 2021 онд зөрчлийн хэрэг нээсэн байхад өмнө нь 2020 онд хугацаатай үүрэг даалгавар өгсөн актуудаас хойш хугацаа тоолох боломжгүй.  

Мөн Монголбанкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Зөрчлийн хэрэг нээсэн тухай” А-6/120 албан бичгээр зөрчлийн хэрэг нээсэн, банкийг төлөөлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэдүүлэг өгөх, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх холбогдох ажилтныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилж ирүүлэхийг мэдэгдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцуулахаар зөрчлийн холбогдогчийг дуудан ирүүлж болно”, 2 дахь хэсэгт “Холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан холбогдогчийг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахад шаардлагатай ажиллагааг хийсэн байх ба эсрэгээр гомдол гаргагчаас мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй байх тул “Ч б” ХХК-ийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын үүднээс гомдол гаргагч “Ч б” ХХК нь тус хуульд заасан зөрчил гаргасан болох нь нэгэнт тогтоогдсон, шийтгэл хүлээх нь зүйтэй бөгөөд эрх бүхий албан тушаалтан шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гараагүй байх тул Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0050246 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах боломжгүй юм.

Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Ч б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн  захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА