Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2016/01391

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2016/01391

Дорнод аймаг

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч ЖБ71092481 регистрийн дугаартай ******* овгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч  ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******гийн *******д холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие А.*******тай 2006 онд танилцан улмаар ойр дотно болж хамтран амьдрахаар болсон. Ингээд 2007 оны 4 сарын 05-ны өдөр хүү ******* маань төрсөн. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд би өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан. 2009 оноос хойш бид хамт амьдрахаа больсон бөгөөд энэ үеэс эхлэн хүү маань миний асрамжинд өссөн. Хүүгээ бага байхад нь нэг сарын хугацаанд Дашбалбар суманд аавтай нь амьдруулсан. Одоо бид хүү маань надтай хамт амьдардаг бөгөөд *******ыг хүүгээ аваад явъя гэхэд би хүүхэд эцгээ мэдэж байх нь зүйтэй гэх үүднээс байнга өгч явуулдаг байсан. Сүүлийн үед ******* хүүг маань авч явчихаад авчирч өгөхгүй удаан хугацаагаар байлгах, надад хэлэлгүйгээр хүүг маань авч явах, хүүд маань янз бүрийн үг зааж өгөх зэрэг байдал гаргаад байх болсон. Иймээс хүүгээ өөрийн асрамжиндаа авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. *******ы хувьд хүүдээ зарим үед хичээлийн хэрэглэл, хувцас хунар авч өгдөг боловч байнгын авч өгдөггүй. ******* бид хоёр одоо аль алин нь амьдрал зохиож үр хүүхэдтэй болсон. Миний одоо гэр бүл болсон хүний хувьд хүүг маань ад шоо үздэггүй, харин ч хайрлаж халамжилж надтай хамт хүүг маань өсгөлцөж байгаа. ******* хүүгийнхээ эцэг гэдгээ хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй. Иймд хүү С.*******ийг миний асрамжинд үлдээж эцэг А.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Миний хувьд хүүхэд эцгээ мэдэж, эцгээ хайрлаж явах ёстой гэдэг үзэлтэй учраас хүүгээ эцэгтэйгээ уулзана гэсэн цагт нь уулзуулж, эцэг нь хүүтэйгээ уулзана, авч явна гэсэн цагт нь уулзуулж байх болно гэв.

Хариуцагч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.*******тай 2006 онд танилцаж хамтран амьдарч байсан ба хүү ******* маань 2007 онд төрсөн. Би хүүгээ өөрөөрөө овоглох гэсэн боловч Д.******* нь өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учир хүүгээ өөрийнхөө нэрээр овоглож чадалгүй ээжээр нь овоглож гэрчилгээг нь авсан. Бид хамт амьдрах боломжгүй болоод салах үед ******* маань бага байсан учир ээж дээр нь үлдээсэн. Тэр үеэс хойш би хүүгээ эргэж тойрч, хувцас хунар авч өгч байгаагаараа мөнгө өгдөг байсан ба өөрөө ирэх үедээ хүүгээ авч явдаг, хүү маань том болж надтай байх дуртай болсон. Миний хувьд ганц хүүгээ том болж байгаа, тэр тусмаа эрэгтэй хүүхэд эцэгтэйгээ цуг байхаас гадна эцэг хүний хувьд хүүгээ сайн хүмүүжилтэй хүн болгох бодолтой явдаг. Иймд би хүү С.*******ийг өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.******* нь Д.*******тай 2006 онд танилцаад хамт амьдарч байх хугацаанд хүү *******ийг төрүүлсэн байдаг. Тухайн үед хүүгээ өөрийнхөө нэрээр овоглуулах гэтэл ******* өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан тул хүүгээ өөрийнхөө нэрээр овоглуулж чадаагүй байдаг. Сүүлийн үед *******, ******* нарын дунд хүүхэдтэй холбоотойгоор их маргаан гарах болсон. Маргааны гол асуудал гэхээр ******* нь өөр хүнтэй гэр бүл болж байгаа учраас маргаан үүсч хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа. *******ы хувьд ганц хүүгээ хойд эцгийн гар харж амьдруулахыг хүсэхгүй байдаг. Энэ нь хамгийн гол нь хүүхдийн цаашдын ирээдүйг бодох хэрэгтэй. Мөн мэргэжлийн байгууллагын дүгнэлт ч гарсан байна. Энэ ямар учиртай дүгнэлт гарсан юм бэ гээд харахад хүүхдэд эцэг эхийн хайр халамж хэрэгтэй байгаа талаар дүгнэлт гарсан байна. Энэ 2 хүний дундын маргааны улмаас хүүхэд хохирох ёсгүй. ******* нь эцэг хүнийхээ хувьд эцгийн хайр халамжийг үзүүлэх эрхтэй. Иймд хүү С.*******ийг эцэг А.*******ы асрамжинд үлдээж өгнө үү гэв.

    Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.*******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2006 онд танилцан улмаар гэр бүл болж гэр бүлээ албан ёсоор батлуулалгүйгээр хамтран амьдарч байсан байх ба энэ хугацаанд  буюу 2007 оны 4 сарын 05-ны өдөр хүү С.******* төрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна. 

Хариуцагч А.******* нь хүү С.*******ийн төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй, мөн нэхэмжлэгч нь хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхийн журмаар хүүхдийн эцгийг тогтоох шаардлагагүй байна.

Харин нэхэмжлэгч хариуцагч нарын хэн аль нь хүү С.*******ийг өөрсдийн асрамжинд авах хүсэлтэй талаараа маргаж байх боловч Монгол Улсын Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг үндэслэн хүү С.*******ийг эх Д.*******ын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэдийгээр хүү С.******* нь эцэгтэйгээ хамт амьдрах талаарх саналыг шүүхэд гаргасан боловч шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ түүний өсөж дассан орчинд эрүүл саруул, инээж хөөрөн айх айдасгүй, сэргэлэн цовоо өсөх боломжийг нэн тэргүүнд анхааран үзсэн бөгөөд үүнд Дорнод аймгийн Хүүхэд,Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 2016 оны 02 сарын 15-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү С.*******ийг 18 насанд хүртэл нь эцэг А.*******аар сар тутам тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох бөгөөд түүнд ногдвол зохих улсын тэмдэгтийн хураамж болох 28123 төгрөгийг хариуцагч А.*******аас гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй юм.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү С.*******ийг эх Д.*******ын асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан  09 нас 08 сартай хүү  С.*******ийг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.*******аар сар тутам тэжээн тэтгүүлсүгэй. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид  98323 төгрөг гаргуулан 70200 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******т олгож, үлдэх 28123 төгрөгийг төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь мөн хуулийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.УРТНАСАН