Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж                                            

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Хохирогч: Н.А түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Шүүгдэгч  Д.Г,  Д.Ж тэдгээрийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нарт холбогдох эрүүгийн 1914003770255 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,малчин, Д.Г

2. Монгол улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,малчин, Д.Ж

Үйлдсэн хэргийн талаар

 Шүүгдэгч  Д.Г нь  Д.Жтай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээлмарал сумын 3 дугаар багийн нутаг сумын Шар чулуу гэх газар Н.Аыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 Шүүгдэгч  Д.Ж нь  Д.Гтой бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээлмарал сумын 3 дугаар багийн нутаг сумын Шар чулуу гэх газар эхнэр Н.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Хохирогч Н.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр  Д.Гын эхнэр бид 2 ишигнийхээ вакциныг хийлгэж ирээд унтаж байтал гаднаас  Д.Ж,  Д.Г бас нэг хүнтэй гурвуулаа орж ирсэн. Намайг гаднаас мах оруулж ирэх хооронд манай нөхөр авдарнаас архи гаргачихсан ууж байсан. Тухайн үед эд нар нилээн согтчихсон байсан.  Д.Ж бид 2 хоол унднаас болоод маргалдсан.  Д.Г хажуунаас нь сандал авч далайгаад, муухай хараад байсан. Тэгээд Баяр гэх хүн нь  Д.Гыг аваад гарсан. Тэр хоёрыг гарангуут манай ах дүүг ирэхэд хоол унд хийж өгсөнгүй гээд халуун савтай цай над дээр асгахаар нь би цамцаа тайлаад, халуун савтай цайг нь авч тавиад түлхсэн чинь согтуу байсан болохоор амархан ойчсон. Би дээр нь гараад гарыг нь бариад сууж байтал  Д.Г орж ирээд шилэн хүзүү рүү цохиод би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь хоёулаа нийлээд намайг зодож байсан. Би ухаан алдаж сэрээд байсан. Тэр үед ээж маань утсаар залгаж таарсан. Тэгээд би намайг авраарай ах, дүү 2 намайг зодлоо гэж хэлсэн. Гэтэл утас булааж аваад байж байтал  Д.Гын эхнэр орж ирсэн. Би цээж нүцгэн гараад  Д.Гын эхнэртэй хамт машинд нь суугаад зугтах гэтэл  Д.Г хутга барьчихсан араас машин дээр үсрээд гарчихсан байсан. Замд машиныг цонхыг хагалаад өчнөөн юм болсон. Би энэ хоёрт зодуулаад их хохирсон, гомдолтой байгаа. Эмнэлэгт их хэцүү байсан. Яаж ирж очсоноо ч мэдэхгүй байна. Хоол идэхээр бөөлжөөд огиод, биеийн байдал их муу байсан. Би өмнө нь эв эрүүл байсан. Ээж маань тэтгэврийн зээл авсан, хувь хүнээс хүүтэй мөнгө зээлсэн. Хагалгааны төлбөр нь 12.000.000 төгрөг гэж байгаад 5.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй хагалгаанд орсон. Намайг эмнэлэгт биеийн байдал маш муу байхад  Д.Гын эхнэр ирж хэл амаар доромжилсон. Гарсан бүх хохирлоо төлүүлмээр байна. Тухайн үед  Д.Г орж ирээгүй бол би нөхрөө дараад унтуулчих байсан. Халуун цай асгаснаас болоод арьс жоохон улайгаад хорсож байсан гэв.

Хохирогч Н.Аын мөрдөн байцаалтад өгсөн

      … Нөхөр хамт орж ирсэн хүнтэй маргалдаад байж байсан би хүнтэй маргалдаад гэтэл нөхөр над руу юм авч шидээд байсан,  Д.Г над руу сандал аваад далайгаад байтал манай гэрт ирсэн хүн  Д.Гыг гэрээс аваад гарсан. Тэгээд нөхөр над руу чи хүн ирчихээд байхад үйлчилсэнгүй би улаан нүүрээрээ үйлчиллээ гээд халуун савтай цай над руу цацсан би халуун савтай цайг нь авч хаяад нөхрөө түлхсэн арагшаа унаад өгсөн. Би дээрээс нь дараад сууж байтал гаднаас  Д.Г орж ирээд намайг үсдээд татаад толгой болон шилэн хүзүү рүү цохиод байхаар нь би толгойгоо хамгаалаад хэвтэж байсан тэгээд арай хийж босоод гэрээсээ гараад зугтаж байтал  Д.Гын эхнэр Дагиймаа гадаа ирж байсан машинаа асаагаад хурдан нааш ир гээд дуудсан би машин руу шууд гүйгээд машинд нь суугаад зугтсан... Д.Г миний толгой руу 4-5 удаа цохиж бие рүү хэдэн удаа өшиглөж зодоод байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 7-8 /

      ... Д.Г намайг араас үсдэж татаад шилэн хүзүү рүү цохиод газар унагаан өшиглөн зодож байсан би нэг мэдэхэд ухаан алдаад сэрэхэд манай нөхөр  Д.Ж  Д.Гтой зууралдаад байж байсан юм...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 10 /

      .. Д.Г, нөхөр Д.Ж хоёр нийлж зодсон. Би тэр салгасан талаар мэдэхгүй намайг зодож байсан болохоор хэн салгасан талаар мэдээгүй хоёр хүний хөл гар орж ирээд цохиод байсан учраас би  Д.Ж,  Д.Г хоёрыг зодсон гэж үзэж байна. Миний толгой хүзүүний хэсэгт ээлжилж цохиод байсан тэгээд гэмтэл учирсан. Д.Жаргалсйахан дүү Д. Г нийлж намайг зодсон, ...урьд нь бол гэртээ агсан согтуу тавьж нэг удаа чулуугаар нүдэж хөөж байсан өөрөөр бол зодож цохиж байгаагүй...гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 125-129/

Шүүгдэгч  Д.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өглөө адуундаа яваад орой иртэл Баяр гэх хүн манайд ирсэн. Тухайн үед эхнэр маань малаа услах гээд явчихсан байсан. Би авдарт байсан 1 шил архиа Баяртай хувааж уугаад сууж байтал эхнэр маань ирсэн. Тэгээд хоол унд хийж өгөөд байж байтал гаднаас ах  Д.Ж орж ирсэн. Бид гурав  Д.Ж ахынд ороод дахиад нэг шил архи уучихаад эхнэр хонь хураах гээд явсан. Би гэррүүгээ орсон. Тэгээд  Д.Ж ахын гэрт маргалдах дуу чимээ гарахаар нь яваад ортол Н.А  Д.Ж ахын дээр гарчихсан байдалтай байж байсан. Тухайн үед би юу болсныг сайн мэдэхгүй байна. Намайг Н.Аыг 2 удаа цохьсон гэсэн. Тэгээд манай эхнэр ирээд Н.Аыг аваад явсан юу болсонг мэдэхгүй байна гэв.

Шүүгдэгч  Д.Гын мөрдөн байцаалтад өгсөн

... Би илүү гэртээ унтаж байхад Н.А гэрт орж ирээд чи намайг зодсон би чамайг хэлдэг газар нь хэлээд яланд чинь явуулна гээд байсан. Тэгээд сэрээд хартал манай эхнэр Дагиймаа гэрт орж ирчихсэн байсан удаа ч үгүй цагдаа нар ирээд аваад явсан. Би Аюушжавыг зодсоноо хүлээн зөвшөөрч байгаа. Би одоогоор Баянхонгорт эмнэлэгт хэвтүүлсэний төлбөрт 300000 төгрөг өгсөн Улаанбаатар хотод шинжилгээ хийлгэх гээд явахад нь 600.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 44-45/

Шүүгдэгч  Д.Жы мөрдөн байцаалтад өгсөн

... Би өглөө малдаа явж байгаад гэртээ ирсэн манай дүү  Д.Г нь Д.Баяр гэдэг хүнтэй архи уусан хамт манай гэрт орж ирсэн эхнэр гэртээ унтаж байсан. Би авдартаа байсан нэг шил архи гаргаж өгчихөөд хувааж уусан Д.Баярсайхан архиа дуусгаад яваад өгсөн. Тэгээд  Д.Г гэрлүүгээ орсон байсан эхнэр Н.А босч ирээд надруу дайраад миний үснээс зулгаагаад зүүн талын ор дээр дарчихсан байж байтал манай дүү  Д.Г гаднаас орж ирээд манай эхнэр Н.А ахыг зодоод доромжлоод байгаа гээд дайраад араас нь нэг удаа шанаа руу нь цохиод авсан би босоод  Д.Гыг барьж авахад эхнэр Н.А гэрээсээ гараад явсан. Тэгээд  Д.Гын эхнэр Дагиймаа гадаа малаа услаад ирчихсэн машинтайгаа байж байтал машинд нь суугаад явах гэж байхад  Д.Г машины тэвшин дээр гараад явчихсан. Би араас нь тэмээгээ унаад хүргэн Содномдаш гэрлүү явж байтал  Д.Г Содномдаш худгийн хажууд унтаж байсан. Тэгээд Содномдашийн гэрт очтол эхнэр Н.А гэрт нь хашгираад та нарыг бүгдийг чинь цагдаад өгнө гээд хэлчихээд гараад явсан...гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 239-241/

            Гэрч Д.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн

      ...Би тухайн үед малдаа яваад ирж байсан. Тэгтэл Н.А, Дагиймаа нар манайд ирсэн тэгээд танай ах чинь намайг дүүтэйгээ нийлж зодлоо гээд дайраад байсан ...гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 125 /

            Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 298 дугаар шинжээчийн

1.Н.Аын биед тархи доргилт, зүүн хацар, бугалга, баруун чамархай, бугалга, мөрөнд цус хуралт, дух, баруун бугалгад зулгаралт, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй гэмтэл болно.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 36-37/

 Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн

1. 2019.05.14-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №298 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Тухайн дүнэлтийг Н.Аын биед үзлэг хийж, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, гэмтлийн тасгийн өвчний түүхийн үндэслэж гаргасан байна.

2. Н.Аын биед учирсан тархи доргилт, зүүн хацар, бугалга, баруун чамархай, бугалга, мөрөнд цус хуралт, дух, баруун бугалганд зулгаралт, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэдэн хүн учруулсан эсэхийг тогтоох боломжгүй.

4. Н.Аын биед эрүү ясны мултрал, хугарал гэмтэл тогоогдсонгүй... гэх дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 142-143/

-Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай / 1-р хх-ийн 01-02/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 1-р хх-ийн 41-42, 179-180/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 149-152, 195-199/, шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нарын хувийн байдлын талаар багийн Засаг даргын тодорхойлолт / 1-р хх-ийн 59/, иргэний үнэмлэхний лавлагаа / 1-р хх-ийн 107, 201/, арилжааны банкнуудын тодорхойлолт /1-р хх-ийн 61-64, 202-205/, шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 66, 207/ Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгээс өвчтөн илгээх баримт /1-р хх-ийн 93-100/, улсын нэгдсэн гэмтлийн эмнэлгийн карт /1-р хх-ийн 147-159/, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчийн карт /1-р хх-ийн 226-234, 2 -р хх-ийн 01-09/, хохирогчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 7 хуудас нотлох баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  Д.Г нь  Д.Жтай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээлмарал сумын 3 дугаар багийн нутаг сумын Шар чулуу гэх газар Н.Аыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Д.Ж нь  Д.Гтой бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээлмарал сумын 3 дугаар багийн нутаг сумын Шар чулуу гэх газар эхнэр Н.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч  Д.Гын ... Намайг Н.Аыг 2 удаа цохьсон гэсэн. Тэгээд манай эхнэр ирээд Н.Аыг аваад явсан юу болсонг мэдэхгүй байна ...гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 44-45 /

Шүүгдэгч  Д.Ж ... Г гаднаас орж ирээд эхнэр Аюушжавын араас нь нэг удаа шанаа руу нь цохиод авсан...гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 239-241 /

хохирогч Н.Аын .. ... Д.Г намайг араас үсдэж татаад шилэн хүзүү рүү цохиод газар унагаан өшиглөн цохьсон, .. Д.Г, нөхөр Д. Жаргалсайхан хоёр нийлж зодсон,...хоёр хүний хөл гар орж ирээд цохиод байсан учраас би  Д.Ж,  Д.Г хоёрыг зодсон гэж үзэж байна. Миний толгой хүзүүний хэсэгт ээлжилж цохиод байсан тэгээд гэмтэл учирсан… гэх мэдүүлэг / хх-ийн 7-8, 10, 125-129 /

хохирогч Н.Аын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн..нөхөр  Д.Ж халуун савтай цай над дээр асгахаар нь би цамцаа тайлаад, халуун савтай цайг нь авч тавиад түлхсэн чинь ойчсон. Би дээр нь гараад гарыг нь бариад сууж байтал  Д.Г орж ирээд шилэн хүзүү рүү цохиод би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь хоёулаа нийлээд намайг зодож байсан... гэх мэдүүлэг

гэрч Д.Баярсайханы ... Н.А, Дагиймаа нар манайд ирсэн, танай ах чинь намайг дүүтэйгээ нийлж зодлоо гээд дайраад байсан... гэх мэдүүлэг / хх- ийн 125/

            Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн 298 дугаартай “...Н.Аын биед тархи доргилт, зүүн хацар, бугалга, баруун чамархай, бугалга, мөрөнд цус хуралт, дух, баруун бугалгад зулгаралт, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 36-37 /,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн ... Н.Аын биед учирсан тархи доргилт, зүүн хацар, бугалга, баруун чамархай, бугалга, мөрөнд цус хуралт, дух, баруун бугалганд зулгаралт, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,....Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэдэн хүн учруулсан эсэхийг тогтоох боломжгүй....гэх дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 142-143/ болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Хэрэг учрал болсон өдөр хохирогч Н.А , шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч  Д.Г нь хохирогчийн шилэн хүзүү рүү, шүүгдэгч  Д.Ж нь хохирогчийн бие рүү халуун савтай цай асгах болон бүлэглэж зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийг цохих, түлхэх цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүссгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 Шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нарын хохирогч Н.Аыг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед нь... Н.Аын биед учирсан тархи доргилт, зүүн хацар, бугалга, баруун чамархай, бугалга, мөрөнд цус хуралт, дух, баруун бугалганд зулгаралт, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,... мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / 142-143/ дах талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэргийн хохирогч Н.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

 Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.

Шүүгдэгч  Д.Ж, хохирогч Н.А нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.

Иймд  Д.Г,  Д.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч , хохирогч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тэдгээрт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нар нь гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй, гэмт хэрэг хамтран үйлдэх санаа зорилго, санаа бодол үйл хөдлөлөөрөө нэгдсэн санаатай үйлдлээр илрэх бөгөөд оролцогч бүрийн гүйцэтгэж байгаа үүрэг , үйлдэлтэй холбоотой болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нарыг ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Хохирогч Н.А нь шүүхийн хэлэлцүүлэгт хагалгаанд орсон 5000000 төгрөг, бусад эмчилгээний зардал 1090065 төгрөг, нийт 6090065 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч  Д.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Н.Ад эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд 300000 төгрөг, Улаанбаатар хотод хагалгаанд ороход 600000 төгрөг, нийт 900000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэлээ.

 Харин шүүгдэгч  Д.Гын үйлдлийн улмаас хохирогч Н.А нь хүзүүний хагалгаанд орсон болон биед учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нараас хагалгааны болон бусад эмчилгээний зардлыг тэнцүү хувааж гаргуулах боломжгүй байх тул шүүгдэгч  Д.Гоос хагалгааны зардал болох 5000000 төгрөгийг бүрэн гаргуулж, бусад эмчилгээний зардал болох 1090065 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хувааж буюу шүүгдэгч  Д.Гоос 4645033 төгрөг, шүүгдэгч  Д.Жаас 545033 төгрөг гаргуулж, хохирогч Н.А олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нар нь хувьд ноогдох хөрөнгөтэй болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Н.Аын гэмтлийн талаар бичигдсэн 1 ширхэг СД, томографикийн 2 ширхэг зургийг хохирогч Н.Ад буцаан олгож, шүүгдэгч  Д.Гын эзэмшлийн “... nokia маркийн гар утас ...”-ыг, шүүгдэгч  Д.Жы эзэмшлийн... iphone маркийн гар утас..ыг битүүмжлэгдсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу  Д.Г,  Д.Ж нарт буцаан олгож, шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Гыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд,

Д.Жыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1-р заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч  Д.Гыг нэг мянга таван зуун / 1500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 төгрөгөөр торгох ялаар

Шүүгдэгч  Д.Жыг нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Д.Г, Жаргалсайхан нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 205.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч  Д.Гоос 4645033 төгрөг, Жаргалсайханаас 545033 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Н.Ад олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Н.Аын гэмтлийн талаар бичигдсэн 1 ширхэг СД, томографикийн 2 ширхэг зургийг хохирогч Н.Ад буцаан олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Д.Г, Жаргалсайхан нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч  Д.Г, Жаргалсайхан нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч  Д.Гын эзэмшлийн “... nokia маркийн гар утас ...”-ыг, шүүгдэгч  Д.Жы...эзэмшлийн iphone маркийн гар утас..ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу  Д.Г,  Д.Ж нарт буцаан олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Д.Г, Жаргалсайхан нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Ч.БАЙГАЛМАА