| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2016/01359/И |
| Дугаар | 138/ШШ2016/01395 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 138/ШШ2016/01395
| 2016 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 138/ШШ2016/01395 | Дорнод аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,
Нэхэмжлэгч ******* овгийн *******ын *******ийн /РЛ:*******/ хүсэлттэй, улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 8 дугаар бангиа төгсөөд 1979 оны 6 сарын 16-ны өдөр Дашбалбар сумын Улз нэгдэлд илгээлт авч ажлын гараагаа эхэлсэн. Ингээд тус нэгдлийн даргын 1979 оны 6 сарын 18-ны өдрийн №82 тоот тушаалаар ногоочноор томилогдон ажиллаж байгаад удалгүй 2 дугаар бригадад шилжин өмч хувьчлалаар нэгдэл таран тартал тасралтгүй 12 жил 6 сар ажилласан. Ингээд 1991 оны 12 сарын 20-ны өдрийн №39 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Үүнээс хойш хувиараа мал маллаж байгаад зүрхний өвчний улмаас 2001 оны 11 сарын 08-ны өдөр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон тэтгэвэр авч эхэлсэн. Тахир дутуугийн тэтгэвэр тогтоохоо ажилласан хугацааг маань 1981-1990 онд хүртэл нийт 9 жил 9 сараас тооцсон. Одоо миний бие 55 настай өндөр насны тэтгэвэрэээ тогтоолгох болоход ажлаас чөлөөлсөн тухай хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйгээс өндөр насны тэтгэвэртээ гарч чадахгүйд хүрээд байна.
Иймд С.******* миний биеийг 1979 оны 6 сарын 16-ны өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз нэгдэлд ногоочноор, 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл тус нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Миний бие өвчний улмаас групптэй, мөн өвчтэй нөхрөө асардаг, цас зудны байдлаас шүүх хуралдаанд биечлэн очих боломжгүй байгааг минь харгалзан намайг эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн ******* регистрийн дугаар бүхий Дашбалбар сумын Улз нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн Архивын тасгаас “хуулбар үнэн” болохыг баталсан Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз нэгдлийн даргын “Ажилд томилох тухай” 1979 оны 6 сарын 16-ны өдрийн №82, “Ажилд томилох тухай” 1987 оны 12 сарын 09-ний өдрийн №148, 1988 оны 6 сарын 25-ны өдрийн Б/75, “Чөлөөлөх, томилох, цалингүй чөлөө олгох тухай” 1989 оны 02 сарын 15-ны өдрийн №Б/10, “Ээлжийн амралт олгосон тухай” 1990 оны 12 сарын 29-ний өдрийн №Б/70, “Ажлаас чөлөөлөх тухай” 1991 оны 12 сарын 21-ний өдрийн №39 тоот тушаалууд, тэдгээрийн хавсралтууд, Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын архиваас С.*******ийн тус нэгдэлд 1979, 1980, 1991 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалинг түүвэрлэсэн цалингийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар С.******* нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз нэгдэлд 1979 оны 6 сарын 16-ны өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ногоочин, 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд С.*******ийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд энэ шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удиирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овгийн *******ын ******* /РЛ:*******/ нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз нэгдэлд 1979 оны 6 сарын 16-ны өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ногоочин, 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН