Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 15

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Д.Сүрэнхор,

шүүгдэгч Х.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2020/0010/Э индекстэй, эрүүгийн 1915004250226 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 4, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Х.Г .

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч Х.Г  нь 2019 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ **-** ОРО улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч А.Э г мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 1915004250226 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Г  нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ **-** ОРО улсын дугаартай “Sonata-5” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг “Баатарван” амралт сувилалын газрын асфальтан замын хажуугаар явж байсан явган зорчигч А.Э г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт хохирогч А.Э н өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт байрлах “Баатарван” амралтын газарт манай Жигүүр гранд группын 30 жилийн ойн арга хэмжээ болсон юм. Тухайн баярын арга хэмжээний сурын харвааны тэмцээнд би оролцож түрүүлсэн. Би баяр тэмдэглэж байхдаа 2-3 хундага архи уучихаад унтаад өгсөн. Тэгээд шөнийн 03 цаг өнгөрч байхад сэрээд хоёр даргатайгаа хоол идэхээр цайны газар луу “Баатарван” амралтын газрын хашаан дотор байрлах засмал замын хажуугаар явж байсан ба тухайн үед араас гэрэлгүй машин ирээд намайг мөргөсөн. Би машинд мөргүүлээд газарт унасан. Тэгээд байж байтал эмнэлэг ирээд намайг аваад явсан. Намайг мөргөсөн машин нь “Sonata-5” загварын тээврийн хэрэгсэл байсан ба тэр машиныг жолоодож явсан жолооч Г  гэх залуу гарч ирээд намайг тэвэрсэн. Г  гэх залуу машинаас бууж ирэхдээ согтуу, хөл дээрээ тогтохгүй байсан. Намайг тэврээд авахад нь миний амьсгал давчдаж байх үед Г  тухайн хүнийг татаж босгосон. Би тухайн үед бүрэн ухаан алдаагүй хүмүүсийн ярьж байгааг бүдэг бадаг сонсож байсан...” гэх мэдүүлэг /хх-20-22 тал/,

гэрч Г.Г ийн өгсөн: “...Арвай зоогийн газар луу хамт ажилладаг Б.Г , А.Э  нарын хамт явган явж байсан. Бид гурав бие биенийгээ сугадаад “Баатарван” амралт сувилалын газрын хашаан дотор арга хэмжээ болж байгаа газраас гараад алхаж явтал хойноос гэнэт машин гарч ирээд бид гурав луу мөргөж би газар өнхөрч, А.Э  мөргүүлэн газар унасан. Тухайн тээврийн хэрэгсэл тормоз гишгиж зүүн тийш дараад зогссон, ...дотроос нь жолооч гарч ирээд шоконд ороод А.Э г дээрээс нь дараад хэвтэж байхад ...Г  татаж холдуулсан, ...жолооч архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. ...Удалгүй эмнэлэг ирээд А.Э г аваад явсан ба маргааш нь Улаанбаатар хотруу онгоцоор авч явсан. Одоо гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байна. ...Миний биеийн байдал зүгээр, эмчид үзүүлсэн. Гэмтэл тогтоолгох шаардлагагүй” гэх мэдүүлэг /хх-24 тал/,

гэрч Б.Г ын өгсөн: “...Арвай зоогийн газар луу ...хамт ажилладаг ... Б.Г , А.Э  нарын хамт явган явж байсан ба ... хойноос гэнэт бид гурав руу нэг машин мөргөж Г  газар өнхөрч, А.Э  мөргүүлсэн. ...Би баруун гар талд, голд нь Г , зүүн захад нь Э  явж байсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл мөргөнгүүтээ тормоз гишгэж зогссон..." гэх мэдүүлэг /хх-25 тал/,

гэрч А.Г ын өгсөн: “...манай ажлын ах Г  өөрийнхөө “Sonata-5” загварын тээврийн хэрэгслээр засмал зам дээр явж байсан гурван хүнийг мөргөөд тормоз гишгэж зүүн тийш жолоогоо дарж зогссон. Бид нар тухайн үед шоунд очихдоо Г  ахын машинд байсан нэг шил 0,5 граммын “Соёрхол” нэртэй архийг хувааж уусан. Дахин юм нэмж уугаагүй...” гэх мэдүүлэг /хх-27 тал/,

гэрч Б.Ц ын өгсөн: “...ах Г  өөрийнхөө “Sonata-5” загварын тээврийн хэрэгслээр засмал зам дээр явж байсан 3 хүнийг мөргөж зогссон. Тухайн үед тээврийн хэрэгслийн жолоог Х.Г  өөрөө барьж явсан ба урд талын суудал дээр би, Б  хойд талын суудал дээр сууж явсан..." гэх мэдүүлэг /хх-28 тал/,

гэрч Ц.Б ийн өгсөн: “Би уг тээврийн хэрэгслийг 2019 оны 08 дугаар сард Орхон аймагт байдаг Т  гэдэг хүнээс 500000 төгрөгөөр задаргаанд аваад ...**-** ОРО улсын дугаартай “Sonata-5” загварын тээврийн хэрэгслийг засварлаж янзлаад би өөрийн найз Г д 2 сая төгрөгөөр зарсан. Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг нь шилжүүлж чадаагүй найздаа шууд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,

зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон “жолооч Х.Г  нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын 987072 тоот эрхийн үнэмлэхтэй боловч 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байна,  жолооч Х.Г  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд заасан "...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэх Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт /хх-32-33 тал/,

хохирогч А.Э н биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “магадлуулагч А.Э гийн биед хүзүүний 6, 7 дугаар нугалам, цээжний 1 дүгээр нугаламын хугарал, хүзүүний 6 дугаар нугаламын нугасны эдийн няцрал, элэгний 6 дугаар сегментийн цус хуралт, дагзны хуйхан дахь язарсан шарх, хоёр өвдгөнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдсон, энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих цохигдох үед  хэрэг учрал болсон гэх 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үүссэн байх боломжтой, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.7-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 253 дугаартай дүгнэлт /хх-35-36 тал/,

шүүгдэгч Х.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж  “Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт шатахуун түгээх станц барих ажлаар 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгаас явсан. ...Би тухайн үед өөрийнхөө **-** ОРО улсын дугаартай саарал өнгийн “Sonata-5” загварын тээврийн хэрэгслээ унаад явж байсан. Тэгээд надтай хамт ажиллаж байсан надтай адилхан нэртэй Г , Б  бид гурав миний машинд байсан “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан. Архиа ууж дуусаад шөнийн 02 цаг 40 минутын үед буцаад Хутаг-Өндөр сумын төв рүү ажил руугаа би өөрөө машинаа жолоодоод хөдөлсөн. Тэгсэн “Баатарван” амралтын газрын хашаан дотор байрлах замын тойрог дээр зам дээр явж байсан хүнийг мөргөсөн. Тэгээд машинаас буугаад харахад нэг залуу зам дээр газар хэвтэж байсан ба бид гурав шууд эмнэлэг болон цагдаа дуудсан” гэх /хх-52-54 тал/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрхи хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Г  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодох нь Замын хөдөлгөөний дүрмээр хориотой, энэ үйлдлийн улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч энэ хор уршигт хүргэхгүй гэж өөртөө найдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.Г ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас А.Эрдэнэдалагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Г  нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч А.Э гийн гаргасан иргэний нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрч хохирогчид эмчилгээний зардалд 400000 төгрөгийг бэлнээр өгч, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг 1500000 төгрөгөөр үнэлэн хохиролд тооцож өгснөөр хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч Х.Г  нь өмнө ял шийтгүүлж байгаагүй, эхнэр болон бага насны хүүхдийн хамт амьдарч байгаа зэрэг түүний хувийн байдал нь хэргийн 55-59 дүгээр  талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Х.Г ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Х.Г ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Х.Г д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.Г д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй бөгөөд хохирогч А.Э  нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД