Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 0174

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Чинбат,

шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт Э.Гантулгыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903013260570 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, , ам бүл 2, эхийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Энхжаргалын Г /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Э.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны 03 цаг 55 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын “Аргал Ойл” ШТС-ын зүүн талын замд “Тоёота приус-20” маркийн,  УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчин эсрэг урсгалд орж яваад Б.Бийн жолоодон явсан “Тоёота приус-20” маркийн,  УБА улсын дугаартай автомашиныг мөргөж, улмаар жолооч Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 11 дүгээр сарын 15-ны орой ээж цус харваад эмнэлэгт хүргэж өгсөн. Шөнө нь дүүгээр гэртээ хүргүүлээд сэтгэл санааны цохилтод ороод 2-3 пиво уусан. Машинаа асааж яваад гэр лүүгээ харих замд ийм юм болсон байна. Үнэхээр харамсалтай байна. Дахиж архи дарс уухгүй. Том сургамж боллоо. 2019 оны 9 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байсан. Хохирлыг бүгдийг төлсөн. 11.975.470 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байна” гэв.

Эрүүгийн 1903013260570 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Бийн: “2019 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 03 цаг 55 минутийн үед би өөрийн “Тоёота Приус” маркийн  УБА улсын дугаартай автомашинаа бариад ...Орбитын зам дахь “Аргал Ойл” ШТС-ын зүүн талын замаар урдаас хойш чигт замынхаа баруун гар талыг бариад 30-40 км/цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас нэг машины хурц гэрэл гарч ирэнгүүтээ шууд урсгал сөрж ирээд миний урдаас мөргөнгүүт би хэсэг хугацаанд ухаан балартсан. Миний машины хойно сууж явсан эмэгтэй намайг машинаас татаж гаргасан. Босох гэтэл хоёр хөл маш их өвдөөд, босож чадахгүй, зам дээр хэвтэж байсан. Хэсэг хугацааны дараа түргэний машин ирж намайг эмнэлэг авч явсан. ...Миний машины урд тал тэр чигээрээ эвдэрсэн. Баруун хөл хугарсан, мөн 9 хавирга хугарсан, зүүн хөл шагайгаараа мултарсан байгаа. Би эрүүл мэнд, эд материал болон бусад зүйлээрээ маш их хохирсон болохоор маш их гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-17-18/,

Гэрч М.Авирмидын: “...“Хүнс Трейд”-ийн байрны зүүн талын замаар явж байхад хоёр машин мөргөлдсөн байхаар нь зогсоод очиход цагаан өнгийн “Тоёота Приус” маркийн  УБА дугаартай машин ертөнцийн зүгээр зүүн тийшээ харчихсан, машины баруун талд жолооч нь бололтой настай ах зам дээр ёолоод хэвтэж байсан. Тэр ахаас “бие чинь яаж байна вэ” гэж асуухад “хөл хугарсан юм шиг байна” гэхээр нь би түргэн тусламж дуудсан. Тэр машины хажууд уг машин дотор сууж явсан гээд нэг эмэгтэй байсан. Нөгөө цагаан өнгийн “Тоёота Приус” маркийн машин нь замаас гараад ертөнцийн зүгээр баруун урагш харсан зогсож байсан. Жолооч нь машин дотроо сууж байх шиг харагдсан. Хэсэг хугацааны дараа тэр машины жолооч гарч ирсэн. Толгойноос нь цус гарчихсан, хөл дээрээ зогсож чадахгүй шахам согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-43/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.11.21-ний өдрийн 13979 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Бийн биед цээжний баруун талын 4, 5 дугаар хавирга, зүүн талын 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы далд хугарал, баруун хөлийн шагайн үений гадна, дотор хавчаар ясны далд хугарал, мултрал, доод мөчинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-58-59/,

“Арвижих-эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн 2019.11.24-ний өдрийн 16002 дугаар хавсралтад: “шууд зардал 7.515.000, шууд бус зардал 1.470.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 8.985.000 төгрөг” гэжээ /хх-93/,

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019.12.18-ны өдрийн 569 дүгээр дүгнэлтэд: “1.Зам тээврийн осол хэргийн материалд ирсэн хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, автомашинууд мөргөлдсөн гэх цэгийн байрлал, мөргөлдөлтийн дараах байрлал, тэдгээрийн эвдрэл, зорчих хэсэг дээр үлдсэн ул мөр, эд анги, зүйлсийн хэлтэрхий, хагархайн байрлал, жолооч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа, жолоодох эрх хасагдсан тухай зөрчлийн материалын хуулбар, хүний биед хийсэн шинжээчийн 13979, 14016 дугаартай дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг үндэслэхэд Т.Приус-20 маркийн  УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. 2. Т.Приус-20 маркийн  УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Хавтаст хэрэгт авагдсан материал, зам, орчны байдал, фото зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэлээс харахад уг зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй ба зам, замын байгууламж нь эвдрэл, гэмтэлгүй байна” гэжээ /хх-102-103/,

Шүүгдэгч Э.Гантулгын яллагдагчаар өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шөнийн 01 цаг өнгөрч байхад би Тахилтын 122 дугаар сургуулийн хажууд байх бааранд орж пиво ууж суусан. Тэгээд нилээн сууж байснаа санаж байна. Цааш юу болсноо одоо бол санахгүй байна. Маргааш нь өөрийгөө гэмтлийн эмнэлэг дээр ирснээ мэдсэн. Тэр үед машин барьж явахдаа Орбитод хүний машинтай мөргөлдсөнөө дүүгээсээ сонссон. Би 2019 оны 9 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан байсан. Ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-113-114/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-11/, шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх /1,52%/-ийг шалгах хуудас /хх-13/, хохирлын баримтууд /хх-19-29/, иргэний нэхэмжлэгч М.Төрбаярын мэдүүлэг /хх-31-33/, хохирол төлсөн тухай гар бичвэр /хх-56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-120/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-121, 135/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-138/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-141/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны тодорхойлолт, хохирол төлсөн тухай шүүгдэгч, хохирогч нарын гар бичвэр, “Эрдэнэ Уул Тех” ХХК-ийн “Э.Г нь засварчнаар ажилладаг, нэр хүндтэй, даруу төлөв, үнэнч шударга” гэх тодорхойлолтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Харин шүүх хуралдаанд улсын яллагчийн шинжлэн судалсан шүүгдэгч Э.Гантулгын 2019.11.15-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-54-55/-ийг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.

    

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 03 цаг 55 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын “Аргал Ойл” шатахуун түгээх станцын зүүн талын замд “Тоёота приус-20” маркийн,  УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчин замын эсрэг урсгалд орж хохирогч Б.Бийн жолоодон явсан “Тоёота приус-20” маркийн,  УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Бийн “...эсрэг урсгалаас нэг машины хурц гэрэл гарч ирэнгүүтээ шууд урсгал сөрж ирээд миний урдаас мөргөнгүүт би хэсэг ухаан балартсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/, гэрч М.Авирмидийн “...жолооч нь бололтой настай ах зам дээр ёолоод хэвтэж байсан. ...Хэсэг хугацааны дараа тэр машины жолооч гарч ирсэн. Толгойноос нь цус гарчихсан, хөл дээрээ зогсож чадахгүй шахам согтуу хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-43/, шүүх эмнэлгийн 13979 дүгээр “1. Б.Бийн биед цээжний баруун талын 4, 5 дугаар хавирга, зүүн талын 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы далд хугарал, баруун хөлийн шагайн үений гадна, дотор хавчаар ясны далд хугарал, мултрал, доод мөчинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-58-59/, “Арвижих-эстимэйт” ХХК-ийн 16002 дугаар “тээврийн хэрэгслийн шууд зардал 7.515.000, шууд бус зардал 1.470.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 8.985.000 төгрөг” гэх үнэлгээ /хх-93/, Тээврийн цагдаагийн албаны 569 дүгээр “1. ...жолооч Э Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. 2. Т.Приус-20 маркийн  УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /хх-102-103/, шүүгдэгч Э.Гантулгын яллагдагчаар өгсөн “...машинаа жолоодож гараад, баарны гадаа машинаа орхиод бааранд орж пиво уусан...” гэх мэдүүлэг /хх-113-114/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-11/, шүүгдэгч Э.Гантулгын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх /1,52%/-ийг шалгах хуудас /хх-13/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Г урьд согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө 04 цагийн үед “Тоёота приус-20” маркийн,  УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.    

Иймд шүүгдэгч Э.Гантулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, мөн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Д.Бийн жолоодон явсан  УБА улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Э.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр, түүний тээврийн хэрэгсэлд 8.985.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Хохиролд нийт 10.971.970 төгрөг хүлээн авч гомдол саналгүй боллоо. Нэхэмжлэх зүйлгүй” гэх гар бичвэр, хэрэгт авагдсан “Хохиролд 1.003.500 төгрөг гаргасан” гэх шүүгдэгчийн тодорхойлолт /хх-56/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэж дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Бийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж, түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирол төлөгдсөн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэх ёстой. Өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэм буруутайд тооцуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Холбогдсон хэрэгт нь тохирч байна. Эхийнх нь байдлыг харвал өмгөөлөгчийн хүсэлтэд тусгайлан гаргах саналгүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийг эргэж тойрч байсан. Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. 78 настай эхийн хамт амьдардаг, эхэд нь байнгын асаргаа шаардлагатайг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, мөн согтуурсан /согтуурлын зэрэг 1,52 хувь/ үедээ хоёр эгнээтэй замын эсрэг урсгалд хохирогчийн тээврийн хэрэгслийг мөргөсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ч баруун талын 4, 5 дугаар хавирга, зүүн талын 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы далд хугарал, баруун хөлийн шагайн үений гадна, дотор хавчаар ясны далд хугарал, мултрал, доод мөчинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийн шинж чанар, хэр хэмжээ, тээврийн хэрэгсэлд 8.985.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэмт хэрэг үйлдэгдэхээс 2 сар орчмын өмнө согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үйлдэлдээ дүгнэлт хийхгүй, дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Э.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд төдийгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байх учиртай юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Гантулгын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан эд хөрөнгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа боловч шүүх хуралдаанаар дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулан шийдвэрлэлээ.           

Шүүгдэгч Э.Гантулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхжаргалын Гантулгыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Гантулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР