Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 322

 

 

 

 

 

-

-

     2019           3           18                                         2019/ШЦТ/329         

 

-                                         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

хохирогч Л.Г,

шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Ө.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Ө.Нг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803010280073 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 6, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт орших суух, урьд ял шийтгэлгүй, Авзага хайрхан овогт Өндөгийн Н /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Ө.Н нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны 07 цаг 05 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүнсалааны эцэс “Баянхангай” хүнсний дэлгүүрийн зүүн замд H.Aero City 540 маркийн 52-44 УНЧ улсын дугаартай том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1.Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Л.Гыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа. Хохиролд 5.000.000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Ар гэртээ ганцаараа ажил хийдэг тул ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хохирогч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ажлаа хийж байгаад гэмтсэн. Хохирлоо авсан. Жолооч осолд орсноос хойш тусалж, дэмжиж байгаа. Гомдол, саналгүй” гэв.

 

Эрүүгийн 1803010280073 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Л.Гын: “Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 06 цагийн орчим ажилдаа гарсан. Өөрийн цэвэрлэгээ хийх газар болох Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүнсалааны шинэ эцсийн замд зорчих хэсгийн зам талбайг цэвэрлэж байсан. Нэг мэдсэн ГССҮТ-д ухаан орсон. ...Ослын улмаас баруун гар хөдлөхгүй, зүүн хөлний цавь хэсэг гэмтэж, зүүн хөл зөөгдөхгүй, толгой маш их гэмтэлтэй хэвтэж байгаад босох үед маш их өвдөж, эргэдэг, чих дүнгэнэж юм сонсохдоо муу болсон. ..Маш их гомдолтой байна. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад урсгал сөрсөн автобусанд мөргүүлсэндээ мөн хохирлоо бүрэн нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

Гэрч Д.Чойжилсүрэнгийн: “2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Л.Гад аюулгүй ажиллагааны зааварчилгааг урьдчилсан байдлаар өгсөн. Яагаад гэвэл зам талбайн үйлчлэгч нар 7 хоногийн лхагва, бямба гарагуудад хуваарийн дагуу амардаг. Тийм болохоор Л.Гад амрахын урд өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр болон амаар өгч, хөдөлмөр аюулгүй ажиллагааны өдөр тутмын дэвтэр дээр гарын үсэг зуруулсан. Л.Г нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зам тээврийн осолд орсон болохоор аюулгүй ажиллагааны өдөр дутмын дэвтэр дээр өвчтэй гэж тэмдэглэгдсэн. ...Манай байгууллага нь зам цэвэрлэгээний ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхдөө цэвэрлэгээ үйлчилгээ хийж байхдаа ажилтан нь өөрийн цэвэрлэгээ хийж буй зорчих хэсгийн чиглэл дагуу хогийн цацруулагчтай тэргийг өөрөөсөө хойд талдаа 5-15 метрт байрлуулж цэвэрлэгээ үйлчилгээгээ хийж ажилладаг. Манай ажилчдад “Тумбо” байгууллагаас тавьж өгөөгүй. Харин хогийн савны 3 талд туузан цацруулагчийг гурвалжин хэлбэртэйгээр нааж өгсөн. Ажилчин нь байгууллагаас тавьж өгсөн өвлийн, цацруулагчтай хувцас, шар хаантааз өмсөж ажилд гардаг. Осол болдог өдөр Г аюулгүй ажиллагааг сахин мөрдөж ажиллаж байсан. Бичлэг үзэхэд хогийн тэргийг хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу цэвэрлэгээ хийж байсан зорчих хэсгийнхээ хойд талд чиглэлийн дагуу байрлуулж тавьсан байсан. Автобусны жолооч урсгал сөрж ирээд урдаас нь мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-32-33/,

Гэрч Н.Төмөрбаганы: “...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 07 цагийн орчим автобусаа жолоодон ...“Баянхангай” хүнсний дэлгүүрийн зүүн замд баруун эргэлтэн дээр хурдаа хасаж 30 орчим км/цаг-ийн хурдтай эргэх үед хажуугаар том оврын автобус сигналдаж эсрэг урсгалд хажууд дунд хаалганы ойролцоо ирсэн. Тэр үед зэрэгцэн ирсэн автобусны тоормос чихарч сигнал нь дуугарч байсан. Би цааш шууд яваад өгсөн. Мөн надад өөр чиглэлийн автобусны жолоочтой уралдах ямар ч шаардлага байхгүй. Би тухайн үед зэрэгцэж ирсэн автобусны жолоочийг дотроо “энэ жолооч эх авах цагаасаа хоцорчихоод яарч яваа юм байна” гэж бодож байсан. Эргэлт тойрч гараад шулуун зам байдаг. Миний автобусыг гүйцэж түрүүлэх гэж байсан автобусны жолооч эргэлт гараад гүйцэж түрүүлж болох байсан. Үзэгдэх орчих хязгаарлагдмал газар гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-35-36/,

Иргэний хариуцагч Г.Доржжигжидийн: “Уг автобус нь “Автобус Нэгдэл” ХХК-ийн эзэмшлийн автобус. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр жолооч Ө.Н нь H.Aero City 540 маркийн 52-44 УНЧ улсын дугаартай автобусыг жолоодон Зүүнсалаа, Халдвартын эмнэлэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд ажил үүргээ гүйцэтгэж явсан. ...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр уг автобусыг үйлчилгээнд гарахад нь техникийн бүрэн байдлыг тухайн өдрийн ээлжинд гарсан шалгах механик шалгасан. Ямар нэг зөрчил байгаагүй тул жолооч Ө.Нг үйлчилгээнд гарах зөвшөөрөл өгч замын хуудсанд гарын үсэг зуруулж гаргасан...” гэх мэдүүлэг /хх-41-42/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2018.12.18-ны өдрийн 284 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Л.Г-н биед дагз яс, суурь ясны хугарал, баруун дагзны хатуу хальсан дээрх цус хуралт, баруун чамархайн суурийн тархины эдэд, зулайн оройн тархины эдэд цус хуралт, няцрал, баруун тохойн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-51/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019.01.15-ны өдрийн 24 дүгээр дүгнэлтэд: “1. 52-44 УНЧ улсын дугаартай H.Aero City 540 маркийн автобусны жолооч Ө.Н нь МУ-ын ЗХД-ийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. 52.23 км/цаг. 3. Зорчих хэсэг дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан “Түк”-ийн ажилтан Л.Г нь МУ-ын ЗХД-ийн 27.4. Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4.Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 5. Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. ...1. Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, камерийн бичлэг зэрэгт гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдгийн талаар тусгагдаагүй байгаа нь зам тээврийн осол болсон замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглосон гэх үндэслэлгүй байна. 2. Зорчих хэсэг дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан “Түк”-ийн ажилтан Л.Г нь МУ-ын ЗХД-ийн 27.4. Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нь хурдаа нэмэх гүйцэж түрүүлж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийсэн эсэхийг тогтоох боломжгүй байна” гэжээ /хх-80-81/,

Шүүгдэгч Ө.Нн яллагдагчаар өгсөн: “Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Өмнө нь мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Хохирогч Л.Гын эмчилгээний төлбөрт 1.700.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /91-92/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7, 9-11/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-8/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-16/, мөрдөгчийн санал /хх-17/, эд мөрийн баримт хураан авах тухай /хх-18/, CD-ны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-95/, жолоочийн лавлагаа /хх-96/, мэргэшсэн жолоочийн лавлагаа /хх-98/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-102/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Хохиролд 3.800.000 төгрөг авсан нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг уншиж,

гэмт хэрэг үйлдэгдэх үеийн СД-нд бичигдсэн дүрс бичлэгийг үзэж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ө.Н нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны 07 цаг 05 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүнсалааны эцэс “Баянхангай” хүнсний дэлгүүрийн зүүн замд H.Aero City 540 маркийн 52-44 УНЧ улсын дугаартай том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Л.Гыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Л.Гын “...Зүүнсалааны шинэ эцсийн замд зорчих хэсгийн зам талбайг цэвэрлэж байсан. Нэг мэдсэн ГССҮТ-д ухаан орсон...” гэх мэдүүлэг /хх-24-25/, гэрч Н.Төмөрбаганы “...эргэлтэн дээр ...эргэх үед хажуугаар том оврын автобус сигналдаж эсрэг урсгалд хажууд дунд хаалганы ойролцоо ирсэн. Тэр үед зэрэгцэн ирсэн автобусны тоормос чихарч сигнал нь дуугарч байсан...” гэх мэдүүлэг /хх-35-36/, шүүх эмнэлгийн 284 дүгээр “1.Л.Г-н биед дагз яс, суурь ясны хугарал, баруун дагзны хатуу хальсан дээрх цус хуралт, баруун чамархайн суурийн тархины эдэд, зулайн оройн тархины эдэд цус хуралт, няцрал, баруун тохойн шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-51/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 24 дүгээр “1. 52-44 УНЧ улсын дугаартай H.Aero City 540 маркийн автобусны жолооч Ө.Н нь МУ-ын ЗХД-ийн 13.1.Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-80-81/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ө.Нн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Гын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.107.750 төгрөгийн эмчилгээний баримт /хх-119-120/ гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 3.800.000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогчийн “...Ө.Нгээс эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг хүлээн авч эмчилгээндээ зарцуулсан, цаашид гарах эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг бэлнээр хүлээн авсан тул нэхэмжлэх асуудалгүй, гомдолгүй...” гэсэн хүсэлтийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна.       

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Ө.Нн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэж,  

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу дээр маргахгүй. Замын хөдөлгөөний дүрмийн 27.4-т заасныг зөрчсөн. Байгууллага ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах ёстой. Эсрэг урсгалтай замд цэвэрлэгээ хийж байгаа ажилтан 2 талдаа тэмдэг тэмдэглэгээ тавих ёстой. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэж,

шүүгдэгч “Ялыг минь хөнгөлж өгнө үү. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Гэртээ ганцаараа ажил хийдэг тул ар гэрийн байдлыг минь харгалзан үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /болгоомжгүйгээр үйлдсэн, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзаагүй, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдээгүй байдал нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эмчилгээний бодит зардлыг нөхөн төлсөн, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, ам бүлийн байдал/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Ө.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хор уршгийг арилгах талаар илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ө.Нн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Ө.Нд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч Ө.Нн жолоочийн ВCD ангиллын 434293 дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Н урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Авзага хайрхан овогт Өндөгийн Нг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ө.Нн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Ө.Нд тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө.Нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Н урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Ө.Нн жолоочийн ВCD ангиллын 434293 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Хохирогч Л.Г нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР