| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0115/Э |
| Дугаар | 0176 |
| Огноо | 2020-02-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 0176
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Ц.М, өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,
шүүгдэгч Б.Ө, өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Мыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Өг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908042800335 дугаар 2 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа шивээс хийдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт оршин суух,
урьд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тэнсэн суллагдсан, Шар овогт Баянсангийн Ө /РД: /,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 16 дугаар гудамж, 34 тоотод оршин суух,
урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Зээ овогт Цолмонгийн М /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Ц.М нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ын амны задгайд иргэн П.гийн барилгын ажил хийгдэж байсан Канад хаус байшингаас гар утас, батерейт дрилл, цахилгаан дрилл, гар тасдагч, бэлэн 65.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, нийт 315.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 8,2 грамм жинтэй, Өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,
яллагдагч Б.Ө нь 2019 оны 7 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 8,2 грамм жинтэй, Өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Баянзүрх дуүргийн 14-р хороо, “-2” хотхоны 40 дүгээр байрны 240 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Дархан явах замдаа шээж байгаад уг өвсийг түүсэн. М “хар тамхи мэддэг” гэж хэлсэн учраас татсан. Зүйлчлэлийг зөвшөөрч байна. Маш их харамсаж байна. Ганц боломж олгож өгнө үү, дахин гэмт хэрэг хийхгүй” гэв.
Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед нийлж байсан хүүхдүүдтэй холбоотой шалгагдаж байсан. Өтай нийлж хэрэглэсэн. Өвсийг сонирхоод, дахиж хэрэглэж үзэхээр аваад явсан. Хулгайн эд зүйлийг цуг ууж байсан ажлын ах нар цүнхэнд хийсэн байсан. Би мэдээгүй, сүүлд мэдсэн. Ялыг хөнгөлж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1908042800335 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Нэг. Шүүгдэгч Ц.М нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ын амны задгайд иргэн П.гийн Канад хаус байшингаас гар утас, батерейт дрилл, цахилгаан дрилл, тасдагч, бэлэн 65.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 315.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:
Хохирогч П.гийн: “2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ын аманд Канад хаус гүйцэтгэлийн ажилд туслахаар ажиллаж байсан Ц.М нь цайны цагаар “тамхинд явлаа” гээд явахдаа, багаж хэрэгсэл, Нөт-1 маркийн гар утас, бэлэн 65.000 төгрөг зэрэг эд зүйл аваад одоог хүртэл сураггүй байна. Манай багажууд дандаа “Кен”-ийн үйлдвэрийнх байсан. Батерей дрилл 2017 онд 160.000 төгрөгөөр, тасдагч 100.000 төгрөг, цахилгаан дрилл 100.000 төгрөгөөр авч байсан. Шинэ багажнууд алга болохын урд орой багажаа бүртгээд тоолоод тавихад бүрэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-185-186/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн 2019.02.04-ний өдрийн 19/103 дугаар тодорхойлолтод: “Батерей дрилл 130.000, тасдагч 70.000, “Самсунг-1” гар утас 50.000, бэлэн төгрөг 65.000, нийт дүн 315.000” гэжээ /1 дүгээр хавтас, хх-190-191/,
Шүүгдэгч Ц.Мын яллагдагчаар өгсөн: “Би 2017 оны 8 дугаар сард Канад хаус барилга барина гэсэн зарын дагуу ажилд орсон. Захирал нь гэж байсан. ын амны задгай гэх газар 2 давхар байшин барьсан. 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр цалин буусан байсан. Ажил дээрээ цуг ажиллаж байсан 2 ахтай архи уусан. Тэр хоёр ахын нэрийг сайн санахгүй байна. Нэг ах нь намайг “дэлгүүрээс архи аваад ир” гээд явуулсан. Би байшингаас гарахдаа “Нөт-1” гар утас, батерейтай дрилл, тасдагч зэргийг нь аваад явчихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-221-222/,
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн П.гийн өргөдөл /1 дүгээр хавтас, хх-182/,
Хоёр. Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 8,2 грамм жинтэй, Өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,
шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 7 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 8,2 грамм жинтэй, Өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Баянзүрх дуүргийн 14 дүгээр хороо, “-2” хотхоны 40 дүгээр байр, 240 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Мын биед 2019.08.14-ний өдөр үзлэг хийсэн: “Бор өнгийн цүнхэнд байх жинсэн цэнхэр өмдөн дотор гялгар уутанд хийсэн ургамлын төрлийн зүйл байв. Уг ургамлыг уутнаас нь салгаж, өөр шинэ гялгар уутанд хийж хиллэхэд 10,5 грамм байх ба уг гялгар уутыг дангаар нь хиллэхэд 2,3 грамм болж байв. Ургамлын дангаараа байх жин нь 8,2 грамм болов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-14-18/,
Эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан “Цагаан өнгийн гялгар уут дотор ногоон өнгийн өвс мэт зүйл байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж, хураан авав” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-19/,
Шинжээчийн 2019.08.23-ны өдрийн 4600 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай нунтаг ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай 8,1410 грамм жинтэй нунтаг ургамалд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-49/,
Шинжээчийн 2019.11.20-ны өдрийн 6354 дүгээр дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн “Ө 2019.11.11” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “Ө 2019.11.11” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. 3.4. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэжээ /1 дүгээр хавтас, хх-142/,
Гэрч М.Билэгжаргалын: “2019 оны 02 дугаар сарын үеэр фэйсбүүкээр зарын дагуу шивээс хийлгэх гэж очоод Өтай танилцсан. Тэрнээс хойш бид хоёр дотно харилцаатай болсон. ...Ө 2019 оны 7 дугаар сард надтай уулзах зорилгоор Дархан хотод очсон. Би Өг Дархан орчихоод буцахдаа өвс түүсэн гэдгийг нь мэдээгүй. ...Би Өг өвс гэх мансууруулах бодис хэрэглэдэг эсэхийг бүр сүүлд мэдсэн. Манай гэрт өвс байсан гэдгийг үнэхээр мэдээгүй. Өгаас асуухад “шивээс хийлгэх гэж ирсэн, М гэх залуу жаахан өвс байсныг аваад явсан” гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-46-47/,
Шүүгдэгч Ц.Мын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 21 цагийн үед Халдвартын эцэст байдаг хотхоны 16 давхар байрны урд очсон. Ө удалгүй хүрээд ирсэн. Тэр үед Ө “манай найзынх руу ороод зүү, шивээсний машин аваадахъя” гэсэн. Ө “манай найзын гэр” гээд байсан. Ороход тавилгатай, зүгээр л энгийн айл шиг айл байсан. Би шивээсээ тэр гэрт хийлгэхээр болсон. Шивээс хийлгэж байтал Ө “тамхи татъя” гээд ариун цэврийн өрөө рүү дагуулж орсон. Тэгэхэд нэг цагаан цаасанд ороосон юм сороод байсан. Аягүй хурц үнэртэй тамхи байсан. Шивээсээ үргэлжлүүлээд хийлгэтэл өвдөөд байсан. Тэр үед Ө “энэнээс сорчих, тэгвэл зүгээр” гэхээр нь би уг тамхинаас сорсон. Сороход хоолой зурж ороод, гашуун байсан, толгой манараад явчихсан. Би шөнө 01, 02 цаг хүртэл шивээс хийлгэсэн. Ө уутанд хийсэн өвс гэх бодисоос цаасанд ороогоод байх шиг байсан. Би тэр ууттай өвсийг хаанаас гаргаж ирснийг анзаараагүй. Ө намайг “уг ууттай өвсөө авбал ав” гэхээр нь би аваад явсан. Шивээсээ хийж байгаад “чи миний Ipad дээрээс шивээс үзээд сууж бай” гэхээр нь би Өг хүлээж сууж байгаад ирэхгүй болохоор нь lphad-ийг нь аваад гараад явсан. Цагдаад баригдахад Энхсайхан мөрдөгчид хураалгасан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-60-61/,
Шүүгдэгч Б.Өгийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 8 дугаар сард байх ...М гэх залуу фэйсбүүкээр холбогдсон. Тэр залуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 2 хотхоны 40 дүгээр байрны 240 тоотод ирж надаар зүүн гарынхаа шуун дээр шивээс хийлгүүлсэн. Тэр өдрөө Мын шивээсийг хийж дуусаагүй бөгөөд 2-3 хоног манай гэрт байрласан. Манай гэрийн ариун цэврийн өрөөнд байсан гялгар ууттай өвс гэх бодисыг надад хэлэлгүйгээр аваад явсан байсан. ...Би уг өвс гэх бодисыг 2019 оны 7 дугаар сард Дархан хот руу явахдаа Баруунхараа орчмоос түүсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-66-67/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.11.13-ны өдрийн 1325 дугаар дүгнэлтэд: “1.Ц.М нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. 2.Одоо Ц.М нь сэтгэцийн эмгэггүй байна. 4. Ц.М нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Ц.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. 6.Ц.М нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. 7.Ц.Мод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 8.Ц.Мод мансуурах донтой, мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-146-147/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.12.04-ний өдрийн 1369 дүгээр дүгнэлтэд: “1.Б.Ө нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2.Б.Ө нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. 4.Б.Ө нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.Ө нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. 6. Б.Ө нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. 7.Б.Өд сэтгэцийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 8.Б.Ө нь мансуурах донтой, мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-235-236/,
хүний /Ц.М/ биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-12-13/, Ц.Мын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-22-25/, мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /1 дүгээр хавтас, хх-38/, гэрч П.Мөнхтуяагийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-43/, шүүгдэгч Ц.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-102, 194/, төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтас, хх-193/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-73, 199/, шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтас, хх-76-79/, прокурорын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /1 дүгээр хавтас, хх-82-83, 95-96, 98/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-139/, шүүгдэгч Б.Өгийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /1 дүгээр хавтас, хх-109/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-110/ зэрэг баримтуудыг,
өмгөөлөгч Ш.Бадмаарагаас гаргаж өгсөн шүүгдэгч Б.Өгийн хувийн байдалтай холбоотой 12 хуудас баримтыг, өмгөөлөгч Г.Мөнхцэцэгээс гаргаж өгсөн хохирол төлсөн “Төрийн банк”-ны мөнгөн шилжүүлгийн баримтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Ц.М бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг “Зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргах зүйлгүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг “Шүүгдэгч Ц.М тухайн хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт олноороо архи уугаад багажаа авч яваад таксинд орхиод буусан нөхцөл байдал байгаа. Хохирлын хэмжээ одоо 420.000 төгрөг болсон байгаа, үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргах зүйлгүй...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.М нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ын амны задгайд хохирогч П.гийн барилгын ажилд туслахаар ажиллаж байхдаа Канад хаус байшингаас гар утас, батерейт дрилл, цахилгаан дрилл, тасдагч, бэлэн 65.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 315.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 8,2 грамм жинтэй, өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,
шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 7 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 8,2 грамм жинтэй, өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “-2” хотхоны 40 дүгээр байр, 240 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.Мын иргэн П.гийн байшинд барилгын ажил хийж байхдаа гар утас, батерейт дрилл, цахилгаан дрилл, тасдагч, бэлэн 65.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 315.000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй,
мөн Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 8,2 грамм жинтэй, өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан санаатай үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Өгийн Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 8,2 грамм жинтэй, өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч П.д 315.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчтой холбоо барьж чадаагүй тул хохиролд төлбөл зохих 315.000 төгрөгийг тус шүүхийн Төрийн банк дахь 100900005407 тоот дансанд төлсөн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2020.02.14-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Өг 3 жил хорих ял, Ц.Мыг 3 жил хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг 1 жил хорих ял, Ц.Мод оногдуулсан ялыг нэмж нэгтгээд нийт 4 жил хорих ялаар шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх саналтай. Дахин гэмт хэрэг үйлдэж, нийгэмшээгүй байдлыг харуулж байгаа тул нийгмээс тусгаарлах шаардлагатай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг “Шүүгдэгч Б.Ө чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас хэн нэгэнд материаллаг хохирол учраагүй, хор уршгийг сайн ойлгосон, эхнэр нь жирэмсэн, урьд эдэлсэн ялдаа хүмүүжигдсэн /гарч ирээд мэргэжил эзэмшсэн, хөрөнгөтэй болсон/ зэргийг харгалзан 3 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байгаа. Цаашид яаж хүмүүжих, ямар ял оногдуулбал нийгэмших вэ гэдгийг анхаарах ёстой...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг “Шүүгдэгч Ц.М хар тамхиа өөрөө илчилсэн, мэдүүлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж амлаж байгааг энэрэнгүй, хууль ёсны зарчмыг үндэслэн тэнсэж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Мод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч Б.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /“Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 8,2 грамм жинтэй, өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Ц.М биедээ хадгалсан (хэрэглэсэн), Б.Ө түүж бэлтгэсэн, гэртээ хадгалсан (хэрэглэсэн), хулгайлах гэмт хэргийн хувьд Ц.М нь ажиллаж байгаа байгууллагаасаа эд хөрөнгө хулгайлсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис бэлтгэсэн, хадгалсан нь материаллаг хохирол учруулахгүй ч, нийгэмд учруулах хор уршиг их, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар ихтэй/, шүүгдэгч нарын хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, ам бүлийн болон гэр бүлийн байдал/-ыг болон шүүгдэгч нарын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт оролцсон оролцоог тус тус харгалзан шүүгдэгч Б.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жилээр тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын “Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж ...болно” гэж заажээ. Энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэх үүрэг болгосон заалт биш бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ ихтэй байдлыг харгалзан тухайн зүйл, хэсгийг хэрэглэх үндэслэлгүй юм. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн... бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ц.Мын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Өгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг, шүүгдэгч Ц.Мын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. /1 дүгээр хавтас, хх-71, 156-157/,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газар хадгалагдаж байгаа “зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 10.5 грамм /цэвэр жин 8.2 грамм/ ургамлыг” устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М, Б.Ө нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зээ овогт Цолмонгийн Мыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд,
шүүгдэгч Шар овогт Баянсангийн Өг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял,
шүүгдэгч Б.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жилээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Мын цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/, шүүгдэгч Б.Өгийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг тус тус тэдний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Б.Ө тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газар хадгалагдаж байгаа “зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 10.5 грамм /цэвэр жин 8.2 грамм/ ургамлыг” устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М, Б.Ө нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.М, Б.Ө нарын эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М, Б.Ө нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР