| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0149/Э |
| Дугаар | 231 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 231
2019 02 22 231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Сийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808010121267 дугаар 2 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хорин овогт Дашдоржийн С /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Д.С нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1а-28б тоотод оршин суух иргэн С.Мгийн гэрт 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэвтрэн орж түүний өмчлөлийн компьютерын процессор, жинсэн өмд, тимберландын гутал, хар өнгийн тэлээ, хар цүнх зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 933.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
мөн яллагдагч Д.С нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Автосервис комплекс” авто угаалгын газрын ажилчдын хувцасны шкабнаас 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Э.Энхтулгын өмчлөлийн Айфоне-5 маркийн гар утас, Жордан брендийн пүүз, жинсэн өмд зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 330.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан, иргэн Б.Аын Самсунг жи-7 маркийн гар утас, эрэгтэй ноосон цамц, үүргэвч, даавуун өмд зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж 625.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 1808010121267 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Нэг. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1а-28 б тоотод байрлах иргэн С.Мгийн монгол гэрт 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэвтрэн орж түүний өмчлөлийн компьютерын процессор, жинсэн өмд, тимберланд загварын гутал, хар өнгийн тэлээ, хар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 933.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч С.Мгийн: “2018 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 09 цаг 30 минутын орчим гэрээсээ гарах гэж байхад манай хүү Нямбаяр гэртээ хоноогүй “pc тоглоод ирлээ” гээд хажуу талд байдаг эгчийнхээ гэрт найз Батбаатар, С нарын хамт байхаар нь би хүүгээ “гэртээ хоносонгүй” гэж загначихаад ажилдаа явсан. 19-20 цагийн орчим гэртээ иртэл процессор байхгүй байхаар нь Нямбаяраас асуухад “эгчийн гэрт унтаад сэртэл Батбаатарын гар утас алга болсон, бас манай компьютерийн процессор, жинсэн өмд, тимберландын гутал, хар өнгийн өмдний тэлээ, манай хүүгийн үүрдэг жижиг хар цүнх зэрэг эд зүйл алга болсон байсан. 4 настай дүү Билгүүнээс асуухад С ах манай юмнуудыг аваад явсан гэхээр нь Сийн гэрээр очиход ээж нь мэдэхгүй гэж хэлсэн. Би Сийн гэрээр очиж ээжтэй нь уулзаад болсон зүйлийн талаар хэлэхэд “би мэдэхгүй, манай хүү гэртээ тийм янз бүрийн юм авчраагүй, өөрөө ч гэртээ ирэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би аргагүйн эрхэнд хэд хоногийн дараа цагдаад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-21-22/,
Насанд хүрээгүй гэрч Ч.Нямбаярын: “2018 оны 02 дугаар сарын 11-12-ны 09 цагийн хооронд найз Батбаатар, С бид гурав манай гэрт ирээд Батбаатар бид хоёр унтаад өгсөн. С Батбаатарын гар утсаар оролдоод байсан. Тэгээд 15 цагийн орчим сэрэхэд Батбаатар “миний гар утас байхгүй байна” гэхээр нь би босоод хартал миний Dell маркийн процессор, хар өнгийн жинсэн өмд, тимберландын хар хос гутал зэрэг алга болсон байсан. Харин С байхгүй байсан. ...Гэрт нь очиход С гэртээ байхгүй байсан. Ээжээс нь процессор, хувцас, гутал, гар утас асуухад “мэдэхгүй” гэж байсан. Би хашаанд байдаг эгчийн 4 настай Билгүүнээс асуухад “С ах аваад явсан” гэж байсан. Би миний юмыг аваад яв гэж ерөөсөө зөвшөөрөөгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-31-32/,
Иргэний нэхэмжлэгч Т.Амгалангийн: “2018 оны 02 дугаар сарын 12-ны 15 цагийн орчим манай ломбарданд ах дүү хоёр гэж өөрсдийгөө танилцуулсан 25-30 орчим насны, нөгөөх нь насанд хүрээгүй байрын хоёр эрэгтэй хүн орж ирээд “Dell” маркийн процессорыг 300.000 төгрөгөөр барьцаалъя” гэсэн. Би үзэж байгаад 150.000 төгрөгөөр авахаар болоод ...Н.Баярхүү гэдэг хүний иргэний үнэмлэхээр барьцаалсан. Тэр өдрөө 16 цагийн орчим нөгөө хоёр ахин орж ирээд “машинаа мөргүүлчихлээ, 70.000 төгрөг нэмээд өгчих” гэхээр нь “мөнгө нэмэх боломжгүй” гэтэл “тэгвэл зарчихъя” гэхээр нь би 70.000 төгрөг өгөөд тэр процессорыг авсан. Тэгтэл өчигдөр цагдаа нар ирээд “хулгайн процессор байна” гэж хэлсэн. ...Би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-37-38, 101/,
Гэрч Н.Баярхүүгийн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ...автобусны буудал дээр микро хүлээгээд зогсож байтал цагаан өнгийн Приус-20 машинаас нэг банди хайрцагтай юм тэврээд бууж ирсэн. Намайг “сайн байна уу ахаа, та галаа өгөөч” гэж байсан. Тэр хүүхэд тамхи зуучихсан байсан. Тамхиа асаачихаад надаас “юм гуйх гэсэн юм” гэж хэлсэн. “Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг, барилга дээр ажилласан чинь цалингаа өгсөнгүй, ломбарданд юмаа тавих гэсэн чинь 18 насанд хүрээгүй болохоор авахгүй байна, та тавиад мөнгө аваад өгөөч, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа руу гэртээ харих гэсэн юм” гэж гуйсан. Би өөрөө барилга дээр ажилладаг байсан болохоор “цалин өгдөггүй” зовлонг ойлгоод түүнд тусалсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-99-100/,
Яллагдагч Д.Сийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн өглөө PC тоглоомын газраас гараад Ч.Нямбаярын гэр лүү хамт явсан. Батбаатар гэр лүүгээ явчихсан. Бид хоёр тэдний гэрт өгчигдөр хийсэн хоолны үлдэгдлийг халааж идээд нэг хашаанд байдаг эгчийнх нь гэрт орж унтацгаасан. Унтаж байхад гаднаас манай ээж намайг орилж дуудсан. Би ээжтэйгээ цуг гэртээ хариад, гэртээ ус авчихаад гарсан. Буцаж ирэхэд Нямбаяр эгчийнхээ гэрт унтаж байсан. Хоёр дүү нь гадаа тоглож байсан. Нямбаярын монгол гэрийн хаалга нь цоожгүй онгорхой байхаар нь дотогшоо ороод компьютерынх нь процессорыг салгаж аваад хайрцганд хийсэн. Нямбаярын шүүгээнээс өмд, тэлээ, цүнх, тимберланд брендийн хар өнгийн гутал, Самсунг эс-4 маркийн цэнэггүй болоод унтраачихсан байсан гар утсыг авч гарсан. Тэднийхээс гараад такси барьсан. Таксины жолооч ахыг гуйгаад 21-р хорооллын автобусны буудал дээр байдаг ломбарданд процессороо тавиулсан. Тухайн үед надад бичиг баримт байгаагүй учир таксины жолооч ахыг гуйсан. Хулгайн юм гэдгийг мэдээгүй, гэрээсээ авчихсан миний процессор гэж худлаа хэлсэн. Тэгээд ломбарданд эхлээд 150.000 төгрөгөөр тавиулсан. Тэр өдрөө буцаж очоод нэг мөсөн зарчихъя гээд нэмж 70.000 төгрөг авсан. Гар утсыг нь явуулын хүнд Хархорин зах дээр явж байхдаа 100.000 төгрөгөөр зарчихсан. Би гутал, өмд, тэлээ, цүнх зэргийг нь өмсөж хэрэглэж байгаад Саппоро орчимд хаячихсан. Би 3, 4-р хороолол орчимд PC тоглоомын газраар хонож тоглоод хоол унд авч идээд дуусгасан. Хэд хоног харихгүй байж байгаад харьтал М эгч намайг цагдаа дээр дагуулж очсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-97-98/,
Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-14-15/, гэрч М.Батбаатарын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-24/, гэрч У.Гэрэлмаагийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-27/, “Арвижих-эстимейт” ХХК-ийн 2018.05.30-ны өдрийн 18/104 дүгээр тодорхойлолтод “...нийт 933.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтс, хх-41-42/, хохирол төлсөн тухай баримт /1 дүгээр хавтас, хх-103/.
Хоёр. Шүүгдэгч Д.С нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Автосервис комплекс” авто угаалгын газрын ажилчдын хувцасны шүүгээнээс хохирогч Э.Энхтулгын өмчлөлийн “Iphone-5” маркийн гар утас, “Jordan” брендийн пүүз, жинсэн өмдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 330.000 төгрөгийн, хохирогч Б.Аын “Samsung J7” маркийн гар утас, эрэгтэй ноосон цамц, үүргэвч, даавуун өмдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 625.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Э.Энхтулгын: “2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Автосервис” угаалгын газарт ажлаа дуусаад 2 давхар луу очоод хувцсаа өмсөх гэтэл хувцас байсан. Хайгаад олдохгүй болохоор нь ажлынхаа дэлгүүрийн камерийг шүүж үзтэл С гэдэг хүүхэд цүнхэнд хувцас хийгээд цонхоор шидэж байгаа бичлэг байсан. ...Миний хувьд цаашид ямар ч гомдол санал байхгүй. Учир нь Сийн ар гэрээс миний алдсан Айфоне-4 маркийн гар утсыг надад өгч, дээр нь 90.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-135-137, 138-139/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Аын: “...2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр би хичээлээ тараад ажил дээрээ очоод хувцсаа тайлж 2 дугаар давхарт байрлалтай шкафанд хийгээд ажилдаа гарсан. Орой ажил тараад хувцсаа солих гэсэн чинь миний хувцас болох улаан хүрэн өнгийн цамц, саарал өнгөтэй даавуун өмд, хар өнгөтэй үүргэвч, үүргэвчин дотор байсан “Samsung G-7” брэндийн гар утас зэрэг хулгайд алдагдсан байсан. Тухайн уед Энхтулгын шкафнаас жинсэн өмд, “Жордан” брэндийн пүүз, “Айфоне-6” брэндийн гар утас хулгайд алдагдсан байсан. ...Учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-141-142, 145-146/,
Шүүгдэгч Д.Сийн яллагдагчаар өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр би 10 цагийн үед ажил дээр очсон. ...Угаагч хийдэг Аын гар утас шүүгээн дотор дуугараад байсан. Би хэсэг байж байгаад Аын хар цүнхийг авсан. Тэр цүнхэн дотор нь саарал өмд, Самсунг С-7 маркийн гар утас, улаан цамц зэрэг эд зүйлс байсан. Дээд талынх нь тавиур дээр Энхтулгын жинсэн өмд, Жордан брэндийн 1 хос пүүз, Айпоне-5 маркийн гар утас нь жинсэн өмднийх нь халаасанд байсан. Мөн түрийвч, түрийвчинд нь иргэний цахим үнэмлэх, оюутны виза карт, банкны картууд байхаар нь аваад Аын хар үүргэвчин цүнхэн дотор хийгээд хувцас солих өрөөний баруун талын вакум цонхоор гаргаж гадаа унагаасан. Би өөрөө шатаар буугаад гарч унагаасан цүнхтэй эд зүйлсийг аваад автобусанд суугаад явсан. 2-3 хоногийн дараа Хархорин зах дээр үл таних явуулын эрэгтэй хүнд Айпоне-5 маркийн rap утсыг 90,000 төгрөгөөр зарсан. Харин хулгай хийсэн өдрөө Цамбагаравын тэнд үл таних явуулын эрэгтэй хүнд Самсунг Ж-7 маркийн гар утсыг 80.000 төгрөгөөр зарчихсан. Хулгай хийсэн өдрөө хар цүнхтэй эд зүйлээ авчихаад Энхтулгын түрийвчтэй бичиг баримтыг гудамжинд хаячихсан. Хар цүнх, цэнхэр жинсэн өмд, саарал өмд, улаан цамц, Жордан пүүзийг би хохирогч нарт хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-171-172, 177/,
Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-184-185/, Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-186, 187, 191, 192/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-191, 192/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-193, 241/, иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-201, 243/, хохирогч Э.Энхтулгын хүсэлт /1 дүгээр хавтас, хх-202/, хохирогчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-205, 236/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албан бичиг /1 дүгээр автас, хх-222/, хохирогч Б.Аын хүсэлт /1 дүгээр хавтас, хх-234/, гэрч М.Батбаатарын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-57/, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-81, 82, 83/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн баримтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Прокуророос шүүгдэгч Д.Сийн төгссөн 2 гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Сийн үйлдсэн хулгайлах гэмт хэргүүдийн үйлдэл бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл, хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд шүүх Д.Сийн үйлдсэн бие даасан эхлэл төгсгөлтэй, хоёр өөр хугацаанд үйлдэгдсэн нэг төрлийн хоёр үйлдлийг тус тусад нь бус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.С нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1а дүгээр гудамж, 28б тоотод байрлах хохирогч С.Мгийн монгол гэрт 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэвтрэн орж түүний өмчлөлийн компьютерын процессор, жинсэн өмд, тимберландын гутал, хар өнгийн тэлээ, хар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 933.000 төгрөгийн,
мөн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Автосервис комплекс” авто угаалгын газрын ажилчдын хувцасны шүүгээнээс хохирогч Э.Энхтулгын өмчлөлийн “Iphone-5” маркийн гар утас, “Jordan” брендийн пүүз, жинсэн өмдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 330.000 төгрөгийн, хохирогч Б.Аын “Samsung J7” маркийн гар утас, эрэгтэй ноосон цамц, үүргэвч, даавуун өмдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 625.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь хохирогч С.Мгийн “...Нямбаяраас асуухад “эгчийн гэрт унтаад сэртэл Батбаатарын гар утас, манай компьютерийн процессор, жинсэн өмд, тимберландын гутал, хар өнгийн өмдний тэлээ, үүрдэг жижиг хар цүнх зэрэг алга болсон байсан. 4 настай дүү Билгүүнээс асуухад С ах манай юмнуудыг аваад явсан гэхээр нь...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-21-22/, “Арвижих-эстимейт” ХХК-ийн 18/104 дүгээр тодорхойлолт /1 дүгээр хавтс, хх-41/, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-14-15/, насанд хүрээгүй гэрч Ч.Нямбаярын “...Батбаатар “миний гар утас байхгүй байна” гэхээр нь би босоод хартал миний Dell маркийн процессор, хар өнгийн жинсэн өмд, тимберландын хар хос гутал зэрэг алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-31-32/, иргэний нэхэмжлэгч Т.Амгалангийн “...хоёр эрэгтэй хүн орж ирээд “Dell” маркийн процессорыг 300.000 төгрөгөөр барьцаалъя” гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-37-38, 101/, хохирол төлсөн тухай баримт /1 дүгээр хавтас, хх-103/, гэрч Н.Баярхүүгийн “...нэг банди ...“хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг, барилга дээр ажилласан чинь цалингаа өгсөнгүй, ломбарданд юмаа тавих гэсэн чинь 18 насанд хүрээгүй болохоор авахгүй байна, та тавиад мөнгө аваад өгөөч, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа руу гэртээ харих гэсэн юм” гэж гуйсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-99-100/, яллагдагч Д.Сийн яллагдагчаар өгсөн “...Нямбаярын монгол гэрийн хаалга нь цоожгүй онгорхой байхаар нь ороод компьютерынх нь процессорыг салгаж аваад хайрцганд хийсэн. Нямбаярын шүүгээнээс өмд, тэлээг, цүнх, тимберланд брендийн хар өнгийн гутал, Самсунг эс-4 маркийн цэнэггүй болоод унтраачихсан байсан гар утас зэргийг авч гарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-97-98/, хохирогч Э.Энхтулгын “...Хувцас байхгүй болохоор нь ...камерийг шүүж үзтэл С цүнхэнд хувцас хийгээд цонхоор шидэж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-135-137/, насанд хүрээгүй хохирогч Б.Аын “...миний хувцас болох улаан хүрэн өнгийн цамц, саарал өнгөтэй даавуун өмд, хар өнгөтэй үүргэвч, үүргэвчин дотор байсан “Samsung G-7” брэндийн гар утас зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-141-142, 145-146/, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-186, 187, 191, 192/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-188-189/, шүүгдэгч Д.Сийн яллагдагчаар өгсөн “...би ...Аын хар цүнхийг авсан. Тэр цүнхэнд саарал өмд, Самсунг С-7 маркийн гар утас, улаан цамц зэрэг байса. ...Энхтулгын жинсэн өмд, Жордан брэндийн 1 хос пүүз, Айпоне-5 маркийн гар утас жинсэн өмднийх нь халаасанд байсан. Мөн түрийвч, түрийвчинд иргэний цахим үнэмлэх, оюутны виза карт, банкны картуудыг аваад Аын хар үүргэвчин цүнхэнд хийгээд хувцас солих өрөөний баруун талын вакум цонхоор гаргаж гадаа унагаасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-171-172/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-184-185/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Сийн хохирогч С.Мгийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл авсан, мөн авто угаалгын газрын ажилчдын шүүгээнээс хохирогч Э.Энхтулга, Б.А нарын эд зүйлийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байгаа боловч шүүх нэг гэмт хэрэг гэж дүгнэн шүүгдэгч Д.Сийг хулгайлахn гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч “Нэг хашаанд байгаа хоёр гэрийн нэг рүү нэвтэрсэн тул орон байранд нэвтэрсэн гэж үзэж байна...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн үйлдсэн 2 удаагийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэг мөн гэж үзэж байна. Мөн хохирогч, гэрч нар Нямбаярын гэрээс авсан мэт мэдүүлдэг. Тиймээс орон байр гэж үзэхгүй байна. Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ гаргасан болно.
Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар болон шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтаар тухайлбал хохирогч С.Мгийн “...Нямбаяр хажуу талд байдаг эгчийнхээ гэрт найз нарын хамт байж байхаар нь...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-22/, түүний цагдаагийн байгууллагад гаргасан “...С нь эгчийндээ унтаж байх хойгуур нь гэрт орж эд зүйл авч явсныг эгчийнх нь хүүхэд харсан...” гэх өргөдөл /1 дүгээр хавтас, хх-13/, шүүгдэгч Д.Сийн “...Нэг хашаанд байдаг эгчийнх нь гэрт орж унтацгаасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-98/ зэргээр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1а дүгээр гудамж, 28 б тоот хашаанд хүн байнга амьдрах зориулалттай 2 орон байр байдаг, түүнчлэн хохирогч С.Мгийн хашаанд байх эгчийнх гэх орон байранд зөвшөөрөлтэйгээр байсан болох нь тогтоогдож байна. Харин тухайн хашаанд тодорхой хугацаанд байх эрхтэй байсан боловч тэнд байх нөгөө нэг орон байр болох хохирогч С.Мгийн монгол гэрт онгорхой байхад нь сэм орсон, зөвшөөрөлгүйгээр орж нэр бүхий эд зүйлс хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Мд 933.000 төгрөгийн, хохирогч Э.Энхтулгад 330.000 төгрөгийн, хохирогч Б.Аод 625.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Т.Амгаланд 220.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хулгайн эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн, мөнгөн хэлбэрээр төлсөн /1 дүгээр хавтас, хх-15, 103, 189, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримт/, хохирогч С.М, Э.Энхтулга, Б.А, иргэний нэхэмжлэгч Т.Амгалан нарын “нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлт /1 дүгээр хавтас, хх-хх-101, 135-137, 146/-ийг тус тус үндэслэн шүүгдэгч Д.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Сид улсын яллагчаас санал болгож байгаа 2 жил 1 сарын хорих ялыг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /найзынхаа гэрээс, онгорхой байхад нэвтэрсэн, хамт ажилладаг хүмүүсийнхээ эд зүйлийг хулгайлсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч нарт нийт 1.888.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирлыг биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан/ болон шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Д.Сид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ 2 жилийн хоёрны нэг буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Сийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 151 /нэг зуун тавин нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах нь зүйтэй. /1 дүгээр хавтас, хх-180-181, 2 дугаар хавтас, хх-76, 87/
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хорин овогт Дашдоржийн Сийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Сийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Сийн урьдчилан хоригдсон 151 /нэг зуун тавин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Сийн эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Сид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР