Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 12

 

Ц.Ө-, Б.Я- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс:135/2016/01118/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1503 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч: Цагаан туг овогт Цахиагийн Ө-, Шар хадныхан овогт Будаагийн Я- нарын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Харчин овогт Лувсаннямын П-т холбогдох 

         “Ажлын хөлс 6.280.600 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.П-ын “8.131.700 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.  

Нэхэмжпэгч Ц.Ө-, Б.Я-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд нараас:

2014 оны 8 дугаар сарын 20-ноос Л.Павагжавын үхрийг сард 1 хүний 300 000 төгрөг, 2 хүний 600 000 төгрөгөөр тохирч, сард 300 000 төгрөгийг бэлнээр, 300 000 төгрөгийг үхрээр тооцож өгөлцөж, авалцахаар тохирсон. Анх ажилд орохдоо оюутан хүүхдийн төлбөр 2,0 сая төгрөгийг урьдчилан авахаар тохирсон байсан тул 9 сарын сүүлээр 1,8 сая төгрөгийг өгсөн. Үүнд нь баярлаад сар бүр цалин хөлс нэхэлгүй 1 жил 20 хоног ажилласан. Энэ хугацаанд хэрэгцээний зүйлээ захиалж авчруулж байсан. Эхнэрийнх нь өөрийн гараар бичиж өгсөн баримтаар 2.519.400 төгрөг дээр 1,8 сая төгрөгийг нэмээд 4.319.400 төгрөг болсон. Ингээд бид авбал зохих цалин 7.600.000 төгрөгөөс 4.319.400 төгрөгийн суутгалаа хасахаар 3.280.600 төгрөгийн үхэр малласны цалингийн үлдэгдэлтэй байна. Анх гэрээ байгуулж ажиллана гэчихээд гэрээгээ хийе гэж удаа дараа шаардахад элдэв шалтаг ярьж явсаар сүүлд нь бидний аман гэрээ хүчинтэй би худлаа хэлэхгүй гэсэн.

Л.Павагжавын мал маллахын хажуугаар цаг зав, завсар зайгаар нь амралтгүй амжуулж хийсэн өвс хадлан, хашаа барьсан, өвөлжөө засаж сэлбэлцсэн, мод хийж уулнаас мориор зөөсөн ажпын хөлс 3.000.000 төгрөг нийт 6.280 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Павагжаваас:

Мал маллагааны цалин хөлсөө аман гэрээгээр тохирч сарын 300.000 төгрөгийг гэр бүлд нь олгож, дээр нь 5 тугалтай үнээ өгөхөөр тохирч 3 жил ажиллахаар тохиролцсон. Ц.Ө-, Б.Я- нарт манай нутагт цас их унадаг, хээрийн чоно элбэгтэй газар шүү гэж анхааруулж хэлээд Ц.Ө-ийг урьдчилан аваачиж үзүүлсэн. Малаа хүлээн авсны дараа хүүхдийн сургалтын төлбөр 2 сая төгрөг нэхсэн. Ингээд 9 сард банкнаас сарын 2,5 хувийн хүүтэй 1.800.000 төгрөгийн зээл авч хүүхдийнх нь сургалтын төлбөрийг төлсөн. Банкнаас хүүтэй мөнгө зээлсэн, яаралтай эргүүлж төлөөрэй гэж хэлсэн. Мөн 5 тугалтай үнээ зүсэлж өгсөн  Ажиллах хугацаандаа 3 үхэр зүй бусаар хорогдуулж, 4 үхэр, 1 тугал чонод идүүлсэн. Нийтдээ 47 тугал бойжуулсан дүнтэйгээр 2015 оны 7 сард Б.Я- би 46 тугал эсэн мэнд бойжуулж өгсөн, 50 хувийг нь төл бойжуулсны хөлсөнд авна гэснийг би зөвшөөрөөгүй, бидний гэрээ цуцлагдаж 2015 оны 9 дүгээр сарын 10-нд малаа хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Л.Павагжав сөрөг нэхэмжпэлдээ:

Ц.Ө-ийг 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2015 оны дүгээр сарын 10 хүртэл малчнаар авч ажиллуулсан. Ц.Ө- нь үхэр маллаж байх хугацаандаа улаан халзан эр бяруу 1 толгой -500.000 төгрөг, улаан халзан эм бяруу 1 толгой -500.000 төгрөг, Алатау үүлдрийн нас гүйцсэн, сүүний чиглэлийн үнээ 1 толгой-1 сая төгрөг, хар тарлангийн эрлийз тугалах гунж 1 толгой- 700.000 төгрөг, Сементал үүлдрийн саарал халзан үнээний тугал 1 толгой-50.000 төгрөг нийт 5 толгой үхрийг чононд идүүлсэн. Мөн нийт 7 толгой мал үхүүлсэн. Үүнийг зах зээлийн ханшаар тооцож 3.550.000 төгрөгийг гаргуулах, Ц.Ө-ийг 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2015 оны 9 дүгээр сарын 10 хүртэл малчнаар авч ажиллуулсан. Гэр бүлд нь сарын 300.000 төгрөгийн цалин олгохоор, 3 жил ажиллахаар тохирч 3.800.000 төгрөгийг цалингаар олгох ёстойгоос 4.617.900 төгрөгийг цалингаар олгосон үүний зөрүү 817.900 төгрөг, сургалтын төлбөр хүү 388.800 төгрөг, нэг үнээг сааж ашигладаг байсан сүүний үнэ 3.375.000 төгрөг нийт 8.131.700 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ө- сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Үхсэн малын үнэнд 3.550.000 төгрөг нэхэмжилжээ. Малчин бидний буруугаас болж мал зүй бусаар хорогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Цалингийн зөрүү 817.900 төгрөг, сүү сааль ашигласан  3.375.000 төгрөг,  банкны хүүний мөнгө 388.800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1503 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Павагжаваас 3.280.600 төгрөг гаргуулж нэхэмжпэгч Ц.Ө-, Б.Я- нарт олгож, үлдэх 3.000.000 төгрөг, 8.131.700 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан телсөн 115.450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145.057 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Павагжаваас 67.430 төгрөг гаргуулж нэхэмжпэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.П- давж заалдсан гомдолдоо:

Малчин Ц.Ө-, Б.Я- нар нь 1 жил мал маллах хугацаандаа 4 тооны үхэр, 1 тугал чононд идүүлсэн, 1 тугал, 1 эр шүдлэн үхэр өөрсдийн буруугаас хорогдуулсан. Миний бие Ө.Оюунгэрэл, Ө.Бадмаасүрэн, Б.Нацагдорж нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй. Эдгээр 3 хүний 2 нь нэхэмжлэгчийн хүүхдүүд, Б.Нацагдорж Б.Я-гийн төрсөн ах нь.  Иймд нэхэмжлэгч нарын чононд идүүлсэн үхүүлсэн гэх 7 үхрийн үнэ болох 3.550.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ мөнгөнөөс цалингийн зөрүү 3.280.600 төгрөгийг хасч тооцож болох юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын дунд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд нийцүүлэн явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэргийн үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж маргааныг үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.

Харин талуудын хооронд үүссэн гэрээний харилцаанд Иргэний хуулийн зохих зүйл заалтыг оновчтой зөв тайлбарлаж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй байх  тул хууль хэрэглээний хувьд өөрчлөлт  оруулж шийдвэрлэх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч  Л.Павагжаваас мал малласны  ажлын хөлс 6.280.600 төгрөг, хариуцагч нь  нэхэмжлэгч  Ц.Ө-өөс  хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах үедээ үхүүлсэн болон чононд идүүлсэн 7 үхрийн үнэ 3.550.000 төгрөг, сарын цалингийн зөрүү 817.900 төгрөг, банкнаас авсан зээлийн хүү 388.800 төгрөг, сүү сааль ашигласны төлбөр 3.375.000 төгрөг, нийт 8.131.700 төгрөгийг сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь  үхэр маллуулах гэрээг амаар байгуулж, гэрээний гол нөхцөл болох  үхэр маллуулах хугацаа болон хөлсийг тохиролцсон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн шинжийг агуулж байх бөгөөд   талууд гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн дагуу нэхэмжлэл гаргасан байна.

Гэрээний хугацаа дуусахаас өмнө талууд харилцан тохиролцож гэрээг цуцалж нэхэмжлэгч ажлын хөлсийг сарын 600.000 төгрөгөөр тооцож ажилласан хугацааны хөлсөө нэхэмжлэхдээ хариуцагчаас бэлнээр авсан мөнгө болон бусад бараа материалын үнийг хасч тооцжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажлын хөлсийг сар бүр 300.000 төгрөгийг мөнгөөр харин сар бүр  300.000 төгрөгөнд тооцож мал хөлсөнд өгнө  гэж тохирсон гэж нэхэмжилснийг хариуцагч маргаагүй байна.

Хариуцагчийн хөлсөөр ажиллах 3 жилийн хугацааны төгсгөлд 5 тугалтай үнээ хөлсөнд тооцож өгөхөөр тохирсон гэж,  мөн 5 тугалтай үнээ зүсэлж өгч байсан гэх тайлбаруудаар    ажлын хөлсийг дээрх байдлаар тохирсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүйгээс гадна  хариуцагчийн давж заалдахдаа энэ талаар гомдол гаргаагүй байгааг үндэслэн   нэхэмжлэгчийн ажлын хөлс гаргуулах шаардлагын талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит нөхцөл байдалд нийцэж байна гэж дүгнэлээ.

            Нэхэмжлэгч гэрээгээр ажиллах явцдаа малын хашаа саравч барих, өвс хадлан бэлтгэх зэрэг ажлуудыг хийсний хөлсийг нэхэмжилсэн боловч гэрээний үндсэн үүрэгт дагалдах дээрх ажлыг хийх талаар болон гэрээнд эдгээр ажлын хөлсийг төлөх талаар харилцан тохиролцоогүй байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй бөгөөд дээрх ажил нь мал маллах гэрээний онцлогтой  холбоотой хийгдсэн ажлууд байх тул гэрээний үндсэн үүргээс гадна хийгдсэн ажил гэж үзэх боломж муутай юм.

Хариуцагчийн сөрөг  нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч шүүхэд сөрөг нэхэмжлэл гарган хэд хэдэн шаардлага гаргасан боловч  шаардлагаа нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудын үндсэн дээр маргааныг шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг хэрэгжүүлсэн байна.

Тухайлбал хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгчийн мал маллаж байх хугацаанд зүй бусаар хорогдуулсан гэх малын үнийг нэхэмжилснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэстэй боловч  гэрээнд  энэ нөхцлийг тусгаж тохиролцсон байхаас гадна энэ шаардлагаа нотолсон байх шаардлагатай.

Хэрэгт энэ байдал тогтоогдоогүй байна.

Талууд амаар байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд малыг чоно идсэн болон бусад байдлаар үхүүлсэн  тохиолдолд эрсдлийг хэн хариуцах талаар тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 101 дугаар зүйлийн 101.7-д заасны дагуу эрсдлийг өмчлөгч хариуцахаар байх тул гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэн хохирол нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ.

Хариуцагч нь нэхэмжлэгчид хүүхдийн төлбөрт нь банкнаас мөнгө зээлж өгсөн тул  түүний хүүг гаргуулахаар нэхэмжилжээ.

Иргэний эрх зүйн харилцаанд хүүг нэхэмжлэх нь хүүтэй мөнгө зээлүүлэхээр талууд бичгээр гэрээ байгуулсан тохиолдолд хэрэгжих боломжтой боловч хэрэгт ийм баримт байхгүйгээс гадна хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд авсан мөнгийг гэрээний нэг тал гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-ийн дагуу хүү шаардах ч эрхгүй байна.

Хариуцагч нэхэмжлэгчээс малын сааль сүүг ашигласны хөлс нэхэмжилсэн боловч талууд энэ талаар гэрээгээр ямар нэгэн тохиролцоо хийгээгүйгэс гадна  түүний гаргасан тооцоо нь баримтанд үндэслэгдэж нотлогдоогүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

            Хариуцагч нь нэхэмжлэгчид олгосон бэлэн мөнгө болон цалинд суутгуулж өгсөн бараа материалын үнийн зөрүү гэж 817.900 төгрөг нэхэмжилснийг  хэрэгт авагдсан / гараар бичсэн үндсэн / баримтуудаар  тооцон үзэхэд энэ байдал тогтоогдохгүй байна.  Мөн хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа энэ талаар гомдол гаргаагүй байна.

Иймд хэргийг анхан шатны шүүх үндэслэлтэй шийдсэн гэж үзээд хариуцагчийн  хорогдуулсан малын үнэ 3.550.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1503 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Павагжаваас 3.280.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ө-, Б.Я- нарт олгож, үлдэх 3.000.000 төгрөг, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар 8.131.700 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЮУНЦЭЦЭГ           

                                    ШҮҮГЧИД                                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                          О.НАРАНГЭРЭЛ