Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00595

 

 

Ш.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02835 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2580 дугаар магадлалтай

Ш.Бийн нэхэмжлэлтэй

Б.Б, Г.Гнарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 34 120 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Гын өмгөөлөгч Г.Тунгалагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хүслэн Жамц ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээ ажиллуулдаг. Г.Г, Б.Б нар нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ирж 21 000 000 төгрөгийг зээлж авсан. Г.Г, Б.Б нар нь надаас зээлсэн 21 000 000 төгрөгийг 56 000 000 төгрөг болгон буцааж өгнө гэж амаар тохирсон тул 56 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан, гэхдээ анх өгсөн 21 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 5 000 000 төгрөгийг нь хариуцагч Б.Б надад буцаан төлсөн. Иймд хариуцагч нараас 21 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч Б.Б нь манай Хүслэн Жамц ХХК-ийн барьцаат зээлийн газраас 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 10 хоногийн хугацаатай 1 000 000 төгрөгийг 80 000 төгрөгийн хүүтэй, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 17 хоногийн хугацаатай 500 000 төгрөгийг 80 000 төгрөгийн хүүтэй тус тус зээлж авсан. Уг үндсэн зээл болон хүү төлөөгүй байгаа тул үндсэн зээл 1 500 000 төгрөг, хүү 160 000 төгрөг, алданги 10 920 000 төгрөг, нийт 12 580 000 төгрөгийг хариуцагч Б.Боос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гбид хоёр 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ш.Бөөс 21 000 000 төгрөгөөс 20 700 000 төгрөгийг 56 000 000 төгрөг болгож өгөхөөр зээлж авсан нь үнэн. Учир нь уг мөнгөөр тендерийн ажил авч, уг ажлаас 100 000 000 төгрөгийн цэвэр ашиг олох боломжтой байсан. Уг 120 000 000 төгрөгийн 56 000 000 төгрөгийг Ш.Б, үлдсэн 44 000 000 төгрөгийг Г.Гбид 2 хувааж авах байсан. Мөн миний бие2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 10 хоногийн хугацаатай 1 000 000 төгрөгийг 80 000 төгрөгийн хүүтэй, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 17 хоногийн хугацаатай 500 000 төгрөгийг 80 000 төгрөгийн хүүтэй түүний Хүслэн Жамц ХХК-иас зээлж авсан нь үнэн. Гэвч бид 2 Б.Боос авсан мөнгийг тендер олж өгөх Жон гэдэг хүнд бэлнээр өгсөн боловч тэрээр Украйн улсын иргэн байсан тул мөнгийг аваад нутаг буцсан. Миний бие 5 000 000 төгрөгийг Ш.Бөд буцааж өгсөн. Миний бие 16 500 000 төгрөгийг төлөх боломжтой, үлдэх төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Г.Гшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б.Бтой уулзахад ажил авсан, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэсэн тул бид Ш.Бтэй уулзаж, зээлийн гэрээнд бид гурав гарын үсэг зурж, бэлнээр 20 700 000 төгрөгийг авсан боловч энэ мөнгөнөөс миний бие нэг ч төгрөгийг авч хэрэглээгүй. Уг мөнгийг Б.Бийн танил гэх нэг хүнд аваачиж өгсөн. Б.Б, Ш.Б нарын хооронд өгч, авалцсан 1 500 000 төгрөгийн асуудлыг би мэдэхгүй. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02835 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Г.Гаас 10 350 000 төгрөг, хариуцагч Б.Боос 5 350 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Бөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 880 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гаас улсын тэмдэгтийн хураамжинд 180 550 төгрөг, хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжинд 100 550 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2580 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02835 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Гдавж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 180 550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Гын өмгөөлөгч Г.Тунгалаг хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрөн хариуцагч Г.Гын өмгөөлөгчөөс гомдол гаргаж байна. Шүүхээс шийдвэр, магадлал гаргахдаа хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, шийдвэр магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаалгах хүсэлтэй байна. Энэхүү хүсэлтийг гаргахдаа ИХШХШТХ-н 172-р зүйлийн 172.2.2 зүйлд заасныг үндэслэж байна. Шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж чадаагүй учраас үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж гомдолтой байна. Хариуцагчаар татагдсан иргэн Г.Гби хууль эрх зүйн мэдлэг дулимагын улмаас өөрийн тайлбараа нотлох бичгэн баримтыг цуглуулж шүүхэд гаргаж өгч чадаагүй, мөн мэргэжлийн хуульчид хандах эрхээ эдлээгүй, хууль зүйн зөвлөлгөө авч чадалгүй мэтгэлцээнд оролцсон буруутай тал байгааг үгүйсгэхгүй. Гэвч шүүх дараахи байдлаар хууль зөрчсөн гэж үзэж байна.Үүнд: 1. Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт шүүх хариуцагч нарыг ИХ-н 242.1-д заасан хамтран хариуцагч нар мөн гэж дүгнэсэн нь зөв хэдий ч, ”...хариуцагч нар зээлийн төлбөрийг ямар хэмжээгээр хариуцах талаар тохиролцоогүй байх тул тэд нэхэмжлэгчийн өмнө тэнцүү үүрэг хүлээх ёстой...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадсангүй. 2. Шүүх нь нэхэмжлэгчээс хамтран хариуцагч нараас хэнээс нь хэдэн төгрөгний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгааг тодруулалгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн. Хэрэв тийнхүү тодруулсан бол, нэхэмжлэгч Ш.Б нь энэ 21 000 000 төгрөгний авлагын асуудлаар 2016.09.24-ний өдөр СХДЦХ-т хандан иргэн Б.Бт залилуулж хохирлоо гэх асуудлаар ЭХ-н 148.2 зүйлд заасан хэрэг үүсгүүлэн шалгуулж, улмаар яллагдагч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 2015.05.04-ний өдөр Ш.Бөд итгэл төрүүлэн мэхэлж 21 000 000 төгрөгийг авч үлэмж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоогоод, харин учруулсан хохирлоо барагдуулна гэснийг тэмдэглэж, 2015.08.11-ний өдөр гарсан, ”Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай“ хуулийн 7.1 зүйлд хамруулан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, СХДПГ-н хяналтын прокурор Г.Золзаяагийн 2016.12.08-ны өдрийн 2813 тоот тогтоол гарсан тухай асуудал болон мөн энэ хэрэгт Г.Гнь гэрчээр оролцсон тухай асуудал тодрох боломжтой байсан болно. 3. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Б.Боос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах бус харин эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нэхэмжлэх ёстой үйл баримтаа нууж, шүүхэд шударга мэдүүлэг, тайлбар гаргах үүргээ зөрчсөн. Энэ нөхцөл байдал шүүхэд дүгнэгдэж чадсангүй, учир дутагдалтай боллоо. Энэ асуудлаар талуудын тэгш мэтгэлцэх зарчим алдагдсаны улмаас шүүх үндэслэл бүхий дүгнэлтэд хүрч чадахгүй байх нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал үүсгэж, ИХШХШТХ-н 6.5 шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүргээ эс биелүүлсэн нь ийм үр дагаварт хүргэлээ. 4. Хариуцагч Баасангийн Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ”Миний бие нь Ш.Бөөс 2015.05.04-ний өдөр 20 700 000 /хорин сая долоон зуун мянган/ төгрөгийг авсан. Би 5 000 000\ таван сая\ төгрөгийг буцааж төлсөн, би 16 500 000 төгрөгийг төлөх боломжтой...” гэж өөрийн хүлээх үүргийн хэмжээг тодорхойлж байгааг шүүх анхааран үзсэнгүй. Хариуцагч нар хэн нь хэдийг хариуцан төлөхөө тохиролцон тогтоож буй шинж чанартай энэ тайлбарыг шүүх үнэлэлгүй орхигдууллаа. 5 Хариуцагч Г.Гминий шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Миний бие Ш.Бөөс Б.Бтой хамт гарын үсэг зурж авсан 21 000 000 төгрөгнөөс 300 000 \гурван зуун мянган\ төгрөгийг авч хэрэглэсэн ба энэ мөнгийг төлөх боломжтой...” гэж тайлбарласныг нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нар ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй, маргаагүй байхад шүүх тэднийг төлбөрийн хэмжээний талаар тохиролцоогүй гэж үзэж өрийг тэнцүү хувааж шийдвэрлэсэн нь буруу боллоо. Иймд хяналтын шатны шүүхээс хүсэхэд магадлал, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Б.Б, Г.Гнараас зээлийн гэрээний үүрэгт 34 120 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ багасгаж 33 580 000 төгрөг болгосон, шүүх уг нэхэмжлэлийн хүрээнд, хамтран хариуцагч нар  20 700 000 төгрөгийн үүргийг адил тэнцүү хариуцах ёстой гэж үзэж, Б.Боос 5 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 5 350 000 төгрөгийг, Г.Гаас 10 350 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох нэг талаас Ш.Б, нөгөө талаас Б.Б, Г.Гнарын хооронд бичгээр байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 56 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлэх гэрээ, уг гэрээний дагуу 20 700 000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгсөн үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Хариуцагч нар тендерт оролцох зорилгоор нэхэмжлэгчээс 20 700 000 төгрөгийг  авсан, ашиг нь 100 000 000 төгрөг учраас нэхэмжлэгчид ашиг өгөхөөр гэрээнд зээлийн дүнг 56 000 000 төгрөг гэж тусгасан гэж маргасан боловч зохигчийн хооронд хамтын ажиллагаа, хамтын шийдвэр байгаагүй тул хамтран ажиллах гэрээ гэж үзэх үндэслэлгүй, бөгөөд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, уг мөнгийг буцааж төлөх үүргийн харилцааг зээлийн гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэсэн гэж үзнэ.

Б.Б, Г.Гнар зээлийн үүргийг хариуцахаар зээлдүүлэгч Ш.Бийн өмнө үүрэг хүлээсэн тул хамтран хариуцагч болох бөгөөд гэрээнд үүргийг хэрхэн хариуцахыг тодорхой зааж, тохироогүй тул үүргийг тэнцүү хариуцах талаар шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч Г.Гнь 10 350 000 төгрөгийг төлөх үүрэгтэй, хариуцагч Б.Б нь 5 000 000 төгрөгийг төлсөн тул хасч тооцон 5 350 000 төгрөг /10 350 000- 5 000 000/-ийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Б.Б нь “Би 15 000 000 төгрөгийг, Г.Г1 000 000 төгрөгийг тус тус хариуцан төлөх үндэслэлтэй ... анхан болон давж заалдах шатны шүүх хуралд би тайлбараа буруу, дутуу гаргаснаас болж шийдвэр буруу гарсан болно...” гэсэн бичгийн тодорхойлолт гаргасныг хариуцагч Г.Гхяналтын шатны шүүхэд ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргадаг тул хариуцагч Г.Гын зүгээс хяналтын шатны шүүхэд гаргаж өгсөн дээрх баримтыг буюу анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, хэрэгт байхгүй баримтыг хяналтын шатны шүүх үнэлж, шийдвэр, магадлалыг өөрчлөх үндэслэлгүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй буюу хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг шүүгч урьдчилан үнэлэхгүй бөгөөд гагцхүү шүүх хуралдаан дээр нотлох баримтыг тал бүрээс нь хэргийн байдалтай бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль зүйн дүгнэлт хийдэг болно.

Б.Б нь төлөх ёстой гэж үзэж төлбөрийг нэхэмжлэгч Ш.Бөд бүрэн төлөхөд энэ шийдвэр саад болохгүй юм.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Гын өмгөөлөгчийн гомдлын агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02835 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 2580 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тунгалаг нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180 580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧ                                               П.ЗОЛЗАЯА