Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0355

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Т.Н, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Х.Н нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар шийдвэрээр:

“...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, 27.3, 27.4 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.4.1, 42 дугаар зүйлийн 42.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын БСШУСЯ/201902176 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтийн “М” ХХК-д холбогдох хэсэг болон 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18_1 дугаартай дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-01/624 дугаартай албан бичиг, захиалагчаас “М” ХХК-тай байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн БСШУСЯ/201902176 дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Өлгий сумын 250 ортой 1 дүгээр цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын БСШУСЯ/201902176 дугаартай тендер шалгаруулалтыг дахин явуулахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж, үлдсэн хэсэг болох Үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтийн “Н” ХХК, “Ц к” ХХК-д холбогдох хэсэг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-01/624 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгох, тухайн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Н” ХХК-ийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд, "Н" ХХК-тай уг барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.

Хариуцагч Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

“.... 1. Үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтийг үндэслээд Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-01/624 дугаартай албан бичгийг “Н” ХХК-тай хүргүүлсэн. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтад гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна заасны дагуу 2020 оны 07 дугаар сарын 08, 09, 10, 16, 17, 20 гэсэн ажлын өдрүүд учраас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн БСШУСЯ/201902176 дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Өлгий сумын 250 ортой 1 дүгээр цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г “М” ХХК-тай байгуулсан. Үүнийг захиргааны хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж байна. Сангийн яамны гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 6-1/4802 албан бичиг захиалагч байгууллагад 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ирсэн ба тус яамнаас урьд нь албан ёсны мэдэгдээгүй учраас 2020 оны 07 дугаар сарын 20-ны захиалагч "М” ХХК-д гэрээ хийгдсэн байсан.

2. Тус тендерийг нээлттэй сонгон шалгаруулалтаар хууль журмын дагуу явуулсан байх тул Захиргааны хэргийн анхан шатны шүүх тендер сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хууль бус байна.

3. Захиргааны хэргийн анхан шатны шүүх анх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахад нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодруулан тодорхойлж байгаагүй өөрөөр хэлбэл тус тендер шалгаруулалтыг дахин явуулснаар нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөх талаар тодорхойлж чадаагүй.

4. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуульд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй нөхцөлд хэрхэн шийдвэрлэх талаар хуулийн уг зүйлд зохицуулсан мөртлөө шүүх гуравдугаар бүлэг болон зүйл заалтыг буруу тайлбарласан. Хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3 дахь заалтад заасныг шүүх буруу тайлбарлаж захиалагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

5. Түлхүүр гардуулах нөхцөлтэй зарласан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын БСШУСЯ/201902176 дугаартай тендерийн оролцогч “Н” ХХК-ийн тус тендерт ирүүлсэн хуурамч материалыг хууль хяналтын байгууллагуудаар тогтоолгосон. Үүнд:

5.1. Аймгийн прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/140 дугаартай прокурорын тогтоол.

5.2. Аймгийн прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол,

5.3. Аймгийн орон нутгийн өмчийн газрын гомдол гаргах тухай 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/10 албан тоот,

5.4. Аймгийн Ерөнхий прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай хариу мэдэгдэх хуудас.

5.5. Аймгийн прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 89 дугаартай прокурорын тогтоол.

Дээрх тогтоолууд дээр тус тендерийн оролцогч “Н” ХХК нь Х.С гэдэг хүнтэй 1,2 тэрбум төгрөгөөр 2015 онд 18х15м2 зоорийн давхартай 2 давхар худалдаа үйлчилгээний барилгын ажлын гэрээ хийсэн боловч тухайн оны борлуулалтад тусгаагүй Улсын комиссын актыг хуурамчаар үйлдсэн. Мөн иргэн Х.И гэдэг хүнтэй хийсэн машин механизмын түрээсийн гэрээ хуурамчаар үйлдсэн гэх ноцтой хууль бус үйл ажиллагааг хууль журмын дагуу тогтоолгож захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн боловч тус шүүх дээрх нотлох баримтуудыг авч хэлэлцэхгүй “Н” ХХК нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь хууль бус гэж үзэж байна.

6. Иргэн Х.С гэдэг хүнтэй 1,2 тэрбум төгрөгөөр 2015 онд 18х15м2 зоорийн давхартай 2 давхар худалдаа үйлчилгээний барилгын ажлын гэрээг хийсэн боловч тухайн оны санхүүгийн тайлангийн борлуулалтад тусгаагүй мөн шүүх хуралдаан дээр манай компани хийж гүйцэтгээгүй гэж хүлээн зөвшөөрснийг шүүх анхаарч үзээгүй.

7. “М” ХХК-ийн инженер Х.Н-ын дипломыг хуурамч эсэхийг Монгол Улсын хууль журмын дагуу шүүх өөрөө бүрэн тогтоох боломжтой байсан ч ОХУ-ын эрх бүхий байгуулагаруу албан тоот явуулж тус шүүх маргааныг 7 сар түр түдгэлзүүлсэн нь хэт нэг талыг баримталсан, маш их цаг хугацаа алдсан хууль бус үйлдэл мөн.

8. “М” ХХК 1812.07 м.кв, “Н” ХХК 1444 м.кв барилгын зураг ирүүлсэн ба 368 м.кв-аар зөрүүтэй байгаа . “Н” ХХК-ийн нийт 368 м.кв жижиг барилга баригдах, тийм хэмжээний мөнгө төгрөгийг Улсын төсвөөс завших оролдлогыг шүүх авч хэлэлцээгүй.

9. Тус тендерийг анх 2019 оны 06 дугаар сарын 10-нд зарлаж 2019 оны 07 дугаар сарын 10-нд нээж дөрвөн компани тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо “Г” ХХК-ийг шалгаруулсан ба “Н” ХХК нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 78 дугаар бүхий шийдвэрээр тус шүүхээс тендер шалгаруулахыг дахин явуулахыг аймгийн Засаг даргад даалгасан. Гэвч “Н” ХХК нь хүлээн зөвшөөрөхгүй Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргасан. Тус шүүх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээрээ баталсан боловч Дээд шүүхэд дахин гомдол гаргасан. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний шүүх хуралдаан болох өдөр “Н” ХХК-ийн өмгөөлөгч С.Н үйлчлүүлэгчдийн хүсэлтээр гомдлоосоо бүрэн татгалзаж байсан.

Шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дахин зарлаж 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нээж гурван компани материал ирүүлсэн. Энэ удаа хамгийн бага үнийн саналаар “М” ХХК-ийг шалгаруулсан боловч “Н” ХХК нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин гомдол гаргаж ажил эхлүүлэхгүй нийт 3 жил гаруй болж байна. Энэ хугацаанд Өлгий сумын 1 дүгээр цэцэрлэгийн зүгээс болон эцэг эхчүүдийн зүгээс маш олон гомдол ирж байсан. Одоо тус цэцэрлэгийн хүүхдүүд стандарт бус хүүхдүүдийн эрүүл ахуйн шаардлага алдагдсан, аюулгүй амьдрах таатай орчин бүрдээгүй түрээсийн байранд байгаа.

Түлхүүр гардуулах нөхцөлтэй зарласан Баян Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой БСШУСЯ/201902176 дугаартай ажлын төсөв өртөг нь нийт 2050,0 сая төгрөг батлагдсан ба 2019 онд 1025,0 сая төгрөг, 2020 онд 1025,0 сая төгрөг уг маргаанаас болж тус тус татагдсан. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд тусгасан 1748,6 сая төгрөгийн санхүүжилт нь Ковид-19 цар тахалтай холбогдуулан төсөв нь дахин татагдаж магадгүй байдалтай байна. Мөн тус цэцэрлэгийн барилгыг нураасан байгаа ба төсөв нь татагдаж барилгагүй үлдэх аюултай учраас шүүх үүнийг хамгийн түрүүнд анхаарч үзнэ үү .

Монгол Улсын шүүх нэг компанийн эрх ашгаас илүү Төрийн эрх ашгийг хамгаалж мөн эрх нь зөрчигдөж байгаа бяцхан үүрс болон түүний эцэг эх, багш ажилчдын эрх ашиг хамгийн түрүүнд тавих шаардлагатай байна.

“Н” ХХК тендерийн баримт бичигт ноцтой хуурамч материал ирүүлсэн. Иймд тус компанийг ямар ч тохиолдолд түлхүүр гардуулах нөхцөлтэй зарласан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын БСШУСЯ / 201902176 дугаартай тендерт үнэлгээний хорооны зүгээс шалгаруулах боломжгүй мөн захиалагч гэрээ хийх ямар нэгэн үндэслэл байхгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүх тендер шалгаруулалтыг дахин явуулах тухай Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгасан нь гэрээ хийсний дараа ажлаа эхэлсэн байгаа “М” ХХК нь тодруулж хэлбэл хуучин барилгын нураасан, зураг төсөв хийлгэсэн зардлыг захиалагчаас нэхэмжилж дахин маргаан гарах магадлалтай байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан тус тендерийг хууль журмын дагуу хянаж үзэж Захиалагчийн хийсэн гэрээ хүчин төгөлдөр болгож Түлхүүр гардуулах нөхцөлтэй зарласан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой БСШУСЯ /201902176 дугаартай ажлыг хурдан эхлүүлж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Х.Н нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

“...Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой зүйл заалтыг хэрэглээгүй ба хэрэгт авагдсан зарим нотлох баримтад буруу дүгнэлт хийж хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодруулан тодорхойлж чадаагүй бөгөөд нэхэмжлэгчийн хоёрдмол утга бүхий шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь хэсэг буюу “дахин нээлттэй тендер шалгаруулалт зарлан явуулахыг захиалагчид даалгах” гэсэн хэсгийг анхан шатны шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдсөн ямар эрх ашиг нь сэргээгдэх талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна. Дахин нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нөхцөлд ямар компани шалгарах нь урьдчилан тааж мэдэх боломжгүй гэдгийг шүүх анхаараагүй байна.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны байгууллага ямар төрлийн захиргааны акт гаргах нь тодорхой бус бөгөөд энэ шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн аль хэсэг заалтад нийцүүлэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. Шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахдаа тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй байна.

Анхан шатны шүүх нь хэрэв тендер шалгаруулалтад маргаж буй хоёр компаний аль нэг нь шаардлагаа хангахгүй гэж үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3 дахь хэсэг болон гуравдугаар бүлэгт заасны дагуу захиалагч нь тус хуулийн онцгой журмаар тендер шалгаруулалт явуулах эрхтэй ба захиалагчийн энэ эрх нь зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Тийм учраас анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Уг тендер шалгаруулалт нэг бус удаа амжилтгүй болсон талаарх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд болон бусад нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1 дэх хэсэг нь зөвхөн захиалагч нь шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй нөхцөлд тухай бүр хэрэглэгдэх заалт болохыг хууль тогтоогчид тайлбарласан байдаг.

Түүнээс гадна анхан шатны шүүх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д заасан “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7-д “Хамгийн бага үнэтэй тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэсэн хэсгүүдийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

Учир нь “М” ХХК нь хамгийн бага үнийн санал ирүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа. Анхан шатны шүүх ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Тендерт оролцогч “Ц к” ХХК нь нэхэмжлэл гомдол гараагүй мөртлөө үнэлгээний хорооны шийдвэрийн энэ компанид холбогдох татгалзлын хэсгийг тайлбарлан, тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийн түүнд холбогдох хэсгийг давхар хүчингүй болгосон нь далдуур нэхэмжлэгчийг дэмжиж түүний хууль бус гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хууль ёсны болгох үүднээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.

“Н” ХХК нь тендерийн өгөгдлийн дагуу сүүлийн 5 жилийн /2015, 2016, 2017, 2018, 2019/ ижил төстэй ажлыг гэрээгээр гүйцэтгэсэн барилгын туршлагын талаарх мэдээлэл ирүүлэхдээ 2015-2016 онд иргэн Саясатын хоёр давхар зоорин давхартай барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн мэтээр ирүүлсэн мөртлөө нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч энэ барилгын ажлыг гэрээгээр гардан хийж гүйцэтгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, татварын тайланд тусгаагүй, барилгын ажлыг бид хийж гүйцэтгэж, хүлээлгэж өгөөгүй болохоор хүлээлцэх акт хуурамчаар боловсруулагдсан талаар бид мэдэхгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан байдаг. Харин энэ ажлыг хасч тооцож 2020 онд хийж дуусгасан барилгын ажлыг оруулахад бид шаардлага хангаж байгаа гэх тайлбарыг шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй байна.

Ажил хүлээлцэх акт нь анхан шатны шүүхийн 2019 оны 0078 тоот шийдвэр гарснаас хойш тогтоогдсоныг шүүх анхаараагүй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-01/624 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хүлээн авч тодорхой хуулийн тайлбар хийхгүйгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн мөртлөө дараа нь дахин тус албан бичгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож үндэслэл муутай шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд энэхүү албан бичиг ямар нэгэн захиргааны байгууллагын Захиргааны акт биш гэдгийг анхан шатны шүүх анзаараагүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн гэж үзээд байна. Харин үнэлгээний хорооны шийдвэр нь хурлын тэмдэглэл, дүгнэлт хэлбэртэй байхыг тухайн хуулиар зохицуулагджээ.

Иймд анхан шатны шүүхийн үндэслэл муутай 0035 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эсхүл хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас “БСШУСЯ/201902176 дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18_1 дугаартай дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-01/624 дугаартай албан бичиг, захиалагчаас “М” ХХК-тай байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн БСШУСЯ/201902176 дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Өлгий сумын 250 ортой 1 дүгээр цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгох, тухайн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Н” ХХК-ийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах, эсхүл уг тендерийг дахин зарлахыг захиалагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасанд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг хүлээхийн зэрэгцээ ийнхүү цугларсан баримтад үндэслэн шийдвэр гаргах нь зүйтэй бөгөөд энэ тохиолдолд анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын БСШУСЯ/201902176 дугаартай тендер шалгаруулалтад захиалагчаас зарласан шаардлагын хүрээнд тус тендер шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн тендерийн баримт бичигт дүгнэлт хийх замаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/168 дугаар захирамжаар Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороо байгуулсан ба анх Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар дүгнэлтээр “Г” ХХК-ийг уг барилгын ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан боловч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 78 дугаартай шийдвэрээр тус дүгнэлтийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 210 дугаар захирамжаар тус хэргийн гуравдагч этгээд “Н” ХХК-иас хяналтын журмаар гомдол гараагүйд тооцож шийдвэрлэсэн байна.

Ийнхүү уг тендерийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дахин зарласнаар “Н” ХХК, “М” ХХК, “Ц к” ХХК-иуд сонгон шалгаруулалтад оролцож, тендер шалгаруулалтад оролцогчдын тендерийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нээж, улмаар 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бүх тендерийг хянан үзээд маргаан бүхий 18 дугаартай дүгнэлтээр “Н” ХХК, “Ц к” ХХК-иудын тендер нь сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзаж, Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “М” ХХК-ийн тендерийг захиалагчийн тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг хангасан хамгийн сайн үнэлэгдсэн, хамгийн бага үнийн саналтай тендер гэж дүгнээд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар захиалагчаас “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгожээ.

Улмаар нэхэмжлэгчээс дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасанд тус яамны 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6-1/5079 албан тоотоор үнэлгээг дахин хийхийг даалгасан тул Үнэлгээний хороо 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дахин тендерийн материалыг хянаж үзээд мөн өдрийн 18_1 дугаар дүгнэлт гарган “М” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох саналыг өгсөн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлах зарчмын дагуу дээрх гурван хуулийн этгээдээс хамгийн бага үнийн санал болох 1,798,579,283 /нэг тэрбум долоон зуун ерэн найман сая, таван зуун далан есөн мянга, хоёр зуун наян гурав/ төгрөгийн саналтай, 152 хоног буюу хамгийн богино хугацаанд барилгыг иж бүрэн угсарч дуусгах, тоног төхөөрөмжийн хувьд өөрийн буюу түрээсийн бус төхөөрөмж, машин механизмуудтай /ТОӨЗ 6.3 (в)/, мөн барилгын нийт талбайн хэмжээ 1812,07 м.кв буюу бусад оролцогчдын ирүүлсэн барилгын хэмжээнээс 368 м.кв-аар илүү том байхаар зурагт тусгагдсан “М” ХХК-ийг Үнэлгээний хороо “хамгийн сайн тендер”-ээр үнэлсэн нь зөв байх ба тус бүр бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ.”, 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана.” гэж тус тус зааснаар захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон тендерийн баримт бичигт дараах шаардлагыг тусгажээ.

Үүнд захиалагч Баян-Өлгийн аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02/2019 дугаар “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгавар”-аар 250 ортой тус цэцэрлэг нь тус бүр 25 хүүхдийн 10 бүлэгтэй байх ба бүлэг тус бүрийн өрөөнд тоглоомын өрөө, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөөтэй байхаар тусгагдсан.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Х.А-ын шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...бүлгийн өрөө нь стандартад заасан зориулалтаар ашиглагдах бөгөөд унтах, тоглох, хувцас солих, ариун цэврийн өрөөнүүд нь тус тусдаа байхаар, хүүхэд тоглох өрөөнд хооллох боломжтойгоор төлөвлөгдсөн...” гэж мэдүүлсэн байгаагаас үзвэл тус цэцэрлэгийн барилга угсралтын сонгон шалгаруулалтад оролцогч нь 25 хүүхдийн 10 бүлэг бүрд тусдаа унтлагын өрөөтэй байх захиалагчийн шаардлагыг хангасан байх тусгайлсан нөхцөлтэй байна.

Гэвч  гуравдагч  этгээд  “М”  ХХК  нь  захиалагчаас  тендерийн  баримт бичигт тусгасан цэцэрлэгийн бүлгийн өрөө бүр тусдаа унтлагын өрөөтэй байх шаардлагыг хангаагүй болох нь гэрч Х.А-ын шүүхэд өгсөн мэдүүлэг болон барилгын зураг төсөл зэргээр нотлогдож байх боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулах бөгөөд “М” ХХК нь бусад тендерт оролцогчдоос “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн, хамгийн хямд үнийн санал бүхий тендерээр шалгарсан учир нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу захиалагчаас “М” ХХК-тай байгуулсан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Өлгий сумын 250 ортой 1 дүгээр цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах нь үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хувьд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-01/624 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж зааснаар “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Өлгий сумын 250 ортой 1 дүгээр цэцэрлэгийн барилга угсралтын БСШУСЯ/201902176 дугаартай ажилд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02/219 дугаартай барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаварт байгаа бүлэг тус бүр унтлагын өрөөтөй байх шаардлагыг хангахгүй байх тул татгалзсан хариуг ирүүлжээ.

Хэдийгээр нэхэмжлэгчээс гуравдагч этгээд нь шаардлага хангахгүй тендер ирүүлсэн гэсэн үндэслэлээр захиалагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга болон “М” ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн БСШУСЯ/201902176 дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Өлгий сумын 250 ортой 1 дүгээр цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгож, тухайн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Н” ХХК-ийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах, эсхүл уг тендерийг дахин зарлахыг захиалагчид даалгахаар маргаж байх боловч “Н” ХХК нь бага үнийн санал гаргаагүй, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан зарим шаардлагыг хангаагүй зэргээр хамгийн сайн гэж үнэлэгдэх боломжгүй учир тус сонгон шалгаруулалтад шалгарч гэрээ байгуулах эрх олгох үндэслэлгүй, дахин сонгон шалгаруулалт зарласнаар нэхэмжлэгчид үүсэх аливаа сэргэх эрх тогтоогдохгүй байна.

Учир нь нэхэмжлэгч “Н” ХХК-иас сонгон шалгаруулалтад ирүүлсэн барилгын зураг төслөөс үзвэл 1 болон 2 давхарын дотоод зохион байгуулалтад 10 анги тус бүр бүлгийн өрөө, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, ор дэвсгэр хураах өрөөтэй байхаар төлөвлөгдсөн байх бөгөөд харин унтлагын өрөөг тооцож зураг төслийг боловсруулаагүй болох нь тогтоогдож байх учир “Н” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар шаардлага хангаагүй тендер гэж үзэн тендерээс татгалзсан хариуцагч Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

Мөн Аймгийн прокурорын газрын дараах тогтоолуудаар нэхэмжлэгч “Н” ХХК нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцсон болох нь тогтоогдож байна. Үүнд:

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/140 дугаар тогтоолоор иргэн Х.С гэх хүнтэй 2015 онд 1,2 тэрбум төгрөгөөр 18х15 м.кв зоорин давхартай 2 давхар худалдаа үйлчилгээний барилгын угсралтын ажлын гэрээ хийж, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсан Улсын комиссын актад комиссийн бүрэлдэхүүн гишүүний гарын үсэг хуурамчаар зурсан,

2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолоор Х.Саяаттай 2015-2016 онд 18х15 м.кв зоорин давхартай 2 давхар худалдаа үйлчилгээний барилгын угсралтын 1,2 тэрбум төгрөгийн гэрээ хийж, орлогоо нуун дарагдуулсан, гүйцэтгэсэн ажлыг холбогдох санхүүгийн болон татварын тайланд тусгаагүй, татвараас зайлсхийсэн,

2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 89 дугаартай прокурорын тогтоолоор Х.И-тай 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 03 дугаартай механизм түрээслэх гэрээг Х.И-ийн гарын үсгийг тус компанийн менежер Б.Н зурж хуурамчаар үйлдсэн болохыг тус тус тогтоожээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ. Харин энэ тохиолдолд нэхэмжлэгч “Н” ХХК нь хуурамч баримт бичиг ашиглан тендерт оролцсон, тендерт хамгийн сайн үнэлгээг авах боломжгүй байгаа зэргээс үзвэл маргаан бүхий актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх аливаа эрх, ашиг сонирхол тогтоогдохгүй байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж  заалдах гомдол хууль зүйн үндэслэл бүхий байна.

Мөн анхан шатны шүүх “...Дээрх байдлаар бүх тендерт оролцогч нар нь шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан зарчим болон 30 дугаар зүйлийн 30.1.1-д шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй бол 30.1-д зааснаар захиалагч бүх тендерээс татгалзах зохицуулалтыг зөрчсөн...” гэж дүгнэсэн боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар худалдан авах ажиллагааг үр ашигтай буюу түргэн шуурхай, хэмнэлттэй явуулах үүднээс хариуцагч Үнэлгээний хорооны давж заалдах гомдолдоо тайлбарлаж буй “...Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд тусгасан 1748,6 сая төгрөгийн санхүүжилт нь Ковид-19 цар тахалтай холбогдуулан төсөв нь дахин татагдаж магадгүй ... тус цэцэрлэгийн барилгыг нураасан байгаа ба төсөв нь татагдаж барилгагүй үлдэх аюултай..., мөн цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс 3 жил гаруй хугацаанд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурч боловсрох, эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй бусад этгээдийн байрыг түрээслэн ажиллуулж байгаа, байрны түрээсэнд сар бүр багагүй мөнгө зарцуулж, үргүй зардал гаргаж байгаа” гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тендерийн сонгон шалгаруулалтыг дахин зарлах нь эдийн засгийн үр ашиггүй учир Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны байгууллагын шийдвэр шуурхай, тасралтгүй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эцэст нь “Н” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийг “Н” ХХК-ийг барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах, эсхүл дахин сонгон шалгаруулалт зарлахыг захиалагчид даалгах хоёрдмол утга бүхий буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан ямар шийдвэрийг гаргуулахыг хүссэн нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-иас “БСШУСЯ/201902176 дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18_1 дугаартай дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2-01/624 дугаартай албан бичиг, захиалагчаас “М” ХХК-тай байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн БСШУСЯ/201902176 дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Өлгий сумын 250 ортой 1 дүгээр цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгох, тухайн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Н” ХХК-ийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах, эсхүл уг тендерийг дахин зарлахыг захиалагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээн хариуцагч Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА