Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 02

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Д.Э-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Э-т холбогдох “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14-04-020/06 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2017/0032/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч Г.Э, нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д овогтой Э нь Зэст багийн нутаг дэвсгэрт 1 дүгээр хорооллын 6 дугаар байрны урд 600 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн байдаг. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Г.Э миний эзэмшлийн газарт шалгалт хийж, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 14-04-020/06 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт гаргасан гэдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөрөө дамжуулан олж мэдсэн. Угтаа Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлах бөгөөд хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөхөөр хуульчилсан. Гэтэл тус Улсын байцаагчийн дүгнэлтийг иргэн надад танилцуулаагүй бөгөөд тус удирдамж гарч дүгнэлт гарсан болохыг хэрэг хянан хэлэлцэгдэх явцад миний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хэргийн материал танилцах үедээ олж мэдэж, улмаар надад танилцуулж миний бие энэ тухай мэдэж байгаа нь хууль бус болохыг харуулж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар бол Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч нь энэхүү хяналт шалгалтыг явуулахаас өмнө надад мэдэгдэх, удирдамжийг танилцуулах, намайг оролцуулах, хяналт шалгалт явуулсны эцэст гарсан дүгнэлтийг мөн танилцуулах зэрэг хуульд заасан ажиллагааг хийх ёстой байтал энэхүү ажиллагааг хийгээгүйгээр зогсохгүй, миний эзэмшлийн газрын эзэмших эрхийг хүчингүй болгох асуудлыг Орхон аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь хуулийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон байна. Иймд Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Э-ын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14-04-020/06 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.[1]

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Эын Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан хэргийг хянах явцад Д.Эын эзэмшлийн газарт шалгалт хийж, 2016 оны 14-040-20-/06 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт гарсан байгааг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж Д.Э мэдсэн. Хяналт шалгалтын ажиллагаанд нээлттэй, ил тод байх зарчим гэж байдаг. Мөн шалгуулах гэж байгаа этгээдэд мэдэгдэж шалгалтыг явуулахаар хуульчилсан байхад иргэн Д.Эт танилцуулаагүй бөгөөд шүүхэд хэргийн материалтай танилцах үед дүгнэлтийн талаар мэдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх явцад Улсын байцаагчийн дүгнэлтийн талаар мэдсэн нь нээлттэй, ил тод байх бусад заалтуудыг зөрчсөн байна. Улсын байцаагч Д.Эт шалгалт хийх гэж байгаа талаар мэдэгдэж, шалгалтын удирдамжаа танилцуулах, уг шалгалт хийх ажиллагаанд оролцуулахаар хуульд заасан ажиллагааг хийлгүйгээр дээрх дүгнэлтээ Орхон аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон. Хариуцагчаас Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар төлөвлөгөөт бус шалгалтыг шалгуулах этгээдэд танилцуулах шаардлагагүй гэж байна. Төлөвлөгөөт бус шалгалт хийсэн юм бол энэ талаар мөн хуулинд журамласан байдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана”, 52.2-т ”Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ”, 52.5-т ”Энэ хуулийн 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно” гэж заасан. Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс хүсэлт ирсэн. Түүний дагуу ийм шалгалт хийсэн гэж хариуцагч тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Д нь шүүхэд албан тоот ирүүлсэн байгаа. Тухайн үеийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.У гэдэг хүн байсан. Ийм хүсэлт явуулаагүй гэсэн агуулгатай зүйл бичсэн байдаг. Тэгэхээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1-д заасныг зөрчсөн байна. Д.Этай холбогдох гэж оролдсон гэж байна. Энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт байхгүй. Мөн хяналт шалгалт явуулаад гарсан дүгнэлтийг шууд аймгийн Засаг дарга руу явуулсан. Засаг дарга дүгнэлтийг үндэслээд газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон. Д.Э-ын Орхон аймгийн Засаг даргад холбогдох хэрэгт байдаг. Тус хэрэгт өгсөн тайлбарт “Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн” гэж тайлбарладаг. Засаг дарга 2017 оны Б/211 дугаартай захирамж дээр эзэмших эрхийг энэ үндэслэлээр хүчингүй болгосон гэж байхгүй хэдий ч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа дүгнэлтийг үндэслэсэн гэж хэлдэг. Тиймээс Д.Э-ын эрх ашиг хөндөгдсөн байна. Энэ дүгнэлт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн ажиллагаа явагдсан учраас Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Э-ын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14-04-020/06 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзсэн. Өөрийн эзэмшиж байгаа газраа Д.Э нь дуудлага худалдаанд ороод мөнгөө төлөөд авсан байхад ингэж хэн нэгэн хураах ёсгүй. Төрийн хяналт шалгалтыг  хэрэгжүүлж байгаа этгээд дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт хүчин төгөлдөр байгаа. Хэдийгээр 2016 онд дүгнэлт гарсан ч 2017 онд Засаг дарга энэ дүгнэлтийг үндэслээд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байгаа учраас хууль ёсны дүгнэлт биш байна гэж үзсэн. Газар эзэмших эрхийг хүчингүй болгоод газрыг төрийн мэдэлд авахаар шийдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангах үндэслэлтэй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.т зааснаар “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” хуулийн заалтыг зөрчсөн байна. Энэ зарчимд нийцээгүй учраас эргээд захиргааны акт өөрөө хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Төрийг төлөөлж үйл ажиллагаа явуулж байгаа хүний хувьд хууль дээдэлж, хуулийг баримталж үйл ажиллагаа явуулах байсан. Гэтэл Улсын байцаагчийн үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар төлөвлөгөөт бус шалгалтыг гомдол мэдээллийн үндсэн дээр явуулах ёстой байна. Гэтэл энд үнэхээр гомдол мэдээлэл өгсөн эсэх нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгчийн өөрийн хэлж байгаа зүйл бол нэхэмжлэгч анх Орос сургуулийн хажууд 375 м2 газар эзэмшиж байтал “Эрдэнэт үйлдвэр” ХХК авна гэсэн маргаан үүсэж, аймгийн Засаг дарга газрын эзэмшлийг шилжүүлэн Зэст багийн нутагт байрлах 1-6 дугаар байрны дэргэдэх 600 м2 газрыг авсан. В.Гт хяналт шалгалт явуулах гэж байгаа талаар хэлсэн гэж тайлбарлаж байгаа нь Д.Эын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэж байна. Улсын байцаагчийн дүгнэлт зөвлөмжийн шинжтэй байсан юм бол үүнийг үндэслээд Засаг дарга шийдвэр гаргахгүй байх боломжтой байсан. Хууль зүйн хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчсөн байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1.д зааснаар хүчингүйд тооцож болох акт гэж үзэж байна” гэв.

            Хариуцагч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Э би Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 /хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдал нь бусад аливаа сонирхол, зорилгоос илүүд байна/-д заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, Улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. Энэ талаар тухай бүрд нь Д.Э-т мэдэгдэхээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт байх хувийн хэрэгт тэмдэглэгдсэн утасны дугаараар залгах болгонд холбогдох боломжгүй байсан. Мөн Газрын албаны зөрчлийн мэргэжилтэн Болдбаяр удаа дараа иргэн Д.Эын гэрийн хаягаар нь хяналт шалгалтын талаар биеэр мэдэгдэхээр очих бүрт нь эзгүй байсан. Харин иргэн Д.Э-ын газрыг хамтран эзэмшигч иргэн В.Гт 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хяналт шалгалтын тухай, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дүгнэлт гарсан талаар тухай бүрд нь гар утсаар нь мэдэгдсэн боловч огт ирээгүй. Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Э би өөрийгөө Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т /хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх/ заагдсан зарчмыг хангаж ажилласан тул дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна”[2]

“Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу мэдэгдэх ёстой гэдэг асуудал төлөвлөгөөт шалгалт дээр яригддаг байгаа. Төлөвлөгөөт бус шалгалт дээр ингэж мэдэгдэх шаардлага байхгүй. Гомдол, санал хүсэлт ирсэн тохиолдолд удирдамжаа гаргаад шууд шалгах ёстой байдаг. Гэхдээ шалгуулж байгаа этгээдийн эрх ашгийг хөндөхгүйн тулд газрын эзэмшигч Д.Э, В.Г нарт удирдамж гарсан, хяналт шалгалт хийх талаар мэдэгдэхээр оролдсон боловч мэдэгдэж чадаагүй. Тэгээд сүүлд нь ахин шалгалт хийхээр газар дээр очихдоо мэдэгдэх гэж оролдоод В.Гтай холбогдсон. “Би таны эзэмшлийн энэ газар дээр Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн  хүсэлтийн дагуу удирдамжаар шалгалт хийх гэж байна” гэж мэдэгдсэн боловч “Би очих боломжгүй” гэсэн. “Тэгвэл Д.Эт мэдэгдээд өгөөч” гэхэд “Бид 2 хоорондоо маргаантай байгаа учраас би хэлэх боломжгүй” гэж хэлсэн. Ингээд хяналт шалгалтаа хийгээд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хувийн хэргийг татаж үзээд цугларсан бичиг баримтад үндэслээд дүгнэлт гаргасан. Дүгнэлтээ гарсан даруйд нь иргэн В.Г-тай холбогдоод “энэ дүгнэлтийн талаар мэдэгдээд ирээд танилц” гэж хэлсэн. “Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн хүсэлтийн хариуг хүргүүлэх гэж байна. Мөн нэг хувийг нь харъяалах газар нь хүргүүлэх гэж байна та өөрөө ирж танилцаач” гэхэд “Би очиж чадахгүй” гэж хэлээд байдаг. Дүгнэлтээ Засаг даргад хүргүүлсний дараа мөн ахин В.Г-т хэлсэн. “Та энд ирж танилцаж чадахгүй бол Засаг даргын Тамгын газар дээр очиж уулзаж танилцаарай” гэж хэлсэн. Ийм л зүйл болсон байгаа. Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс бичиг ирүүлээгүй гэж байна. Сүүлийн үед нарийн бичгүүд солигдсон учраас ирсэн бичгийн бүртгэл байхгүй  болсон. Тиймээс ийм бичиг ирсэн гэдгээ нотлох боломжгүй байна. Гэхдээ миний хяналт шалгалт хийсэн дүгнэлтэд ямар дугаартай, ямар албан бичгийг үндэслэж шалгалт хийх гэж байгаа талаараа бичсэн байгаа. Миний хувьд албан ёсоор ирсэн бичгийг үндэслэж  шалгалт хийсэн байгаа. Төрийн хяналт шалгалтын хуулиар заавал мэдэгдэх ёстой гэсэн зүйл байхгүй. Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэдэгдэхгүйгээр хийх ёстой байдаг. Тухайн газар дээр очиход орчноо маш их бохирдуулсан. Үзлэг хийхэд уг газар дээр байгаа обьект шатсан. Хашааны төмөр салбарсан урагдсан байдал үүссэн байсан. Одоо ч гэсэн энэ хэвээрээ байгаа. Ийм аюултай байдал үүссэн байсан учраас тухайн байдлыг үндэслээд дүгнэлт гаргасан. Иймд дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.     

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Э-аас Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Э-т холбогдуулан “Улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14-04-020/06 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Шүүхээс хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Э нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14/18 дугаартай Хяналт шалгалтын удирдамжийн[3] дагуу 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Э, В.Г нарын эзэмшиж буй Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 1-6 дугаар байрны урд байрлах газарт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ.

            Нэхэмжлэгч талаас “Төлөвлөгөөт бус шалгалтыг Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хийсэн гэж тайлбарлаж байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар төлөвлөгөөт бус шалгалтыг гомдол, мэдээллийн үндсэн дээр явуулах ёстой байна. Гэтэл энд үнэхээр гомдол, мэдээлэл өгсөн эсэх нь эргэлзээтэй байна”, хариуцагч талаас “Миний хувьд албан ёсоор ирсэн бичгийг үндэслэж  шалгалт хийсэн байгаа” гэж маргаж байна. Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14/18 дугаартай Хяналт шалгалтын удирдамж[4] болон Улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14-04-020/06 дугаартай дүгнэлтэд Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 20 дугаартай албан бичгийг үндэслэн хяналт шалгалтын ажиллагааг явуулсан талаар дурьдсан байна. Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасныг зөрчиж төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн гэж үзэхээргүй байна. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 /Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд.../-т зааснаар Улсын байцаагч Г.Э нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг эхлүүлэхээс өмнө газар эзэмшигч Д.Эт шалгалтын зорилго, бүрэлдэхүүн, удирдамжийг танилцуулах ажиллагааг хийсэн болох нь тогтоогдохгүй байна. Хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэлд[5] “Д.Э-тай ямар нэгэн байдлаар холбогдох гээд чадаагүй” гэж тэмдэглэсэн байх боловч газар эзэмшигч Д.Э-т шалгалтын зорилго, удирдамжийг танилцуулах талаар ямар арга хэмжээ авч ажилласан нь тодорхойгүй, үүнийг нотолж, баримтжуулсан баримт байхгүй байгаа бөгөөд удирдамж батлагдсан тухайн өдрөө хяналт шалгалтын ажлыг эхлүүлжээ.

Иймд Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Э нь газар эзэмшигч Д.Эын эзэмших эрх бүхий газарт хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “...хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” зарчмыг хангаагүй байна.  

            Уг хяналт шалгалтын дүнд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14-01-020/06 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлтийг[6] гаргасан байх бөгөөд дүгнэлтэд “...иргэн Д.Э, В.Г нар эзэмшил газраа хашаалж барилгын суурийн нүх ухсан боловч харуул хамгаалалтгүйгээс хашаанд байсан 2 байшин шатаж, хашаа нь алга болсноор тухайн газар орчин ахуйн хог хаягдлаар бохирдож газрын шинж чанар нь доройтсон, эзэмшил газраа зориулалтын дагуу 2013 оноос хойш ашиглаагүй зөрчилтэй холбогдуулан багаас аюулгүй байдлыг хангуулах зорилгоор удаа дараа шаардлага тавьсан боловч зөрчлөө арилгаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ” гэжээ.

            Улсын байцаагчийн зүгээс дээрх зөрчлүүд нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 50 дугаар зүйлийн 50.1.2, 51 дүгээр зүйлийн 51.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж, Д.Э, В.Г нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүчингүй болгох тухай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14-04-020/06 дугаартай дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтээ Орхон аймгийн Засаг даргад хүргүүлжээ.

            Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3, Улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын 2010 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай” журмын 11 дүгээр зүйлийн 11.8-д ““Дүгнэлт”-Барилга, байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний аюулгүй байдал нь хууль тогтоомж, норм, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлоход үйлдэх баримт бичиг” гэж тодорхойлжээ.

            Үүнээс үзэхэд Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14-01-020/06 дугаартай дүгнэлт нь Д.Э, В.Г нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход чиглэгдсэн байгаа нь Улсын байцаагчийн дүгнэлт үйлдэх, дүгнэлтээр тодорхойлох нөхцөл байдлын агуулгатай нийцээгүй байна.

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Э нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1 /хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих/-д заасан бүрэн эрхийн хүрээнд Д.Эын эзэмших эрх бүхий газарт хяналт шалгалт хийж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 50 дугаар зүйлийн 50.1.2, 51 дүгээр зүйлийн 51.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзсэн боловч хяналт шалгалтын үйл ажиллагааны явц болон илэрсэн зөрчлийг баримтжуулах, нотлох /фото, зураг, дүрс бичлэг гэх мэт/ ажиллагааг хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл Улсын байцаагчийн дүгнэлт болон хяналт шалгалтын тэмдэглэлээс газар дээр шалгалт хийхэд газрын төлөв байдал ямар байсан, газрын шинж байдал яаж доройтсон, энэ нь орчны эрүүл ахуй, иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюултай ямар нөхцөл байдлыг бий болгоод байгаа талаар тогтоосон, түүнийг нотолсон баримт байхгүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11 /Улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт...үнэн зөвийг бүрэн хариуцах/-т зааснаар Улсын байцаагч нь гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг бүрэн хариуцах тул хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг баримтжуулах, нотлох үүрэгтэй болно.

Мөн Д.Э-ын эзэмших эрх бүхий газарт хяналт шалгалт хийж илэрсэн зөрчилд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.8 /хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах/, 10.10 /Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг захиргааны тухай хяналтын хууль тогтоомжоор тогтооно/, Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлд /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан зүйл, заалтаар/ зааснаар хяналтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байтал энэ эрхээ хэрэгжүүлэлгүй, аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгдэх асуудлаар “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” гэсэн дүгнэлт гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 /хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгогдсон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх/-д заасан зарчимтай нийцэхгүй байна. 

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14-04-020/06 дугаартай дүгнэлтийг Орхон аймгийн Засаг даргад хаяглаж хүргүүлсэн байх бөгөөд уг захиргааны акт нь нэхэмжлэгч Д.Эт хаяглагдаагүй ч уг дүгнэлтээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан байх тул уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, дээрх үндэслэлүүдээр Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд бий болсон тохиолдолд тухайн шатны Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна. Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар “Газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэдэг үндэслэлээр эрх бүхий Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд энэ асуудлаар Улсын байцаагчийн дүгнэлт гаргах боломжтой байна. Тэрнээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан бусад үндэслэлийн хувьд мэргэжлийн байгууллагын дүгнэлт шаардлагагүй бөгөөд эрх бүхий Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхээр заасныг дурьдвал зохино.

Нэхэмжлэгч Д.Э нь Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14-04-020/06 дугаартай дүгнэлтийг мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд шийдвэр гаргасан захиргааны байгууллагаас уг захиргааны актыг мэдэгдсэн, танилцуулсан болох нь тогтоогдохгүй байх тул уг хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.6, 9 дүгээр зүйлийн 9.3.3, 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8, 10.9.11, 10.10 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжлэлийг хангаж, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14-04-020/06 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Д.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Эаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.УУГАНЦЭЦЭГ