Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 49

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Б.Болор-Эрдэнэ

         Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Д.*******өд холбогдох 1728000120017 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2 дугаар баг, Их-Уулын *******од оршин суух С.*******ын гэрт А*******ын биед халдан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д зааснаар шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

            Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д , 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: ...Шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн биеийн байцаалтын хэсэгт шүүгдэгчийн биеийн байцаалтыг бичихдээ гэр бүлийн байдлын талаарх мэдээлэлийг орхигдуулсан байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Д.*******өд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан ...гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийн нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд ямар хэмжээгээр хийх гэсэн заалтыг тусгаагүй байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хоёр дахь заалтад Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь прокуророос Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Өмнөговь аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг зөвтгөж өгнө үү гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт ...шүүгдэгчийн ...гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээллийг тусгана гэж заасан байхад гэр бүлийн байдлыг шийтгэх тогтоолд бичээгүй орхигдуулсан байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч

Д.*******өд 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан торгох ялыг ямар хугацаанд ямар хэмжээгээр хийх заалтыг тусгаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2 дугаар баг, Их-Уулын *******од оршин суух С.*******ын гэрт А*******ын биед халдан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр яллагдагч Д.*******өөс мэдүүлэг авсан тэмдэглэлдээ /хх-40/ түүний гэр бүлийн байдлын талаарх мэдээллийг тусгаагүй, яллах дүгнэлт үйлдсэн прокурор Б.Болор-Эрдэнэ нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай яллах дүгнэлтэндээ /хх-50/ яллагдагч Д.*******ийн биеийн байцаалтын хэсэгт мөн гэр бүлийн байдлын талаарх мэдээллийг бичээгүй байна. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн биеийн байцаалтын хэсэгт түүний гэр бүлийн байдлын талаарх мэдээллийг бичээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т ...шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан заалт нь торгох ял оногдуулсан шүүгдэгч бүрийн торгох ялыг биелүүлэх хугацааг шүүх заавал зааж өгөх заалт гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймээс шүүгдэгчийн биеийн байцаалтад гэр бүлийн байдлыг бичээгүй, шүүхээс торгох ял биелүүлэх хугацааг зааж өгөөгүй гэх Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтанд Д.*******ийг

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа 2 дахь заалтанд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан ял шийтгэл оногдуулж бичсэн нь шүүхийн шийдвэрт тооны шинжтэй алдаа гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг даруй залруулах боломжгүй болсон учир давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг өөрчлөхөөр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолы  ТОГТООХ нь хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “ гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

         3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                       Х.ГЭРЭЛМАА