Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 764

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн 1520000037, регистрийн 2002396 дугаартай, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань-Увс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн 1511001102, регистрийн 2002302 дугаартай, “Увс дулааны станц” ХХК-д холбогдох,

          Газрын төлбөр 9.746.100 төгрөг гаргуулж, “Чандмань-Увс” ХХК-ийн эзэмшлийн газарт байгаа “Увс дулааны станц” ХХК-ийн зөвшөөрөлгүй баригдсан конторын барилгыг албадан чөлөөлж, газар чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, “Увс дулааны станц” ХХК-ийн хариуцагч “Чандмань-Увс” ХХК-д холбогдох “Увс дулааны станц” ХХК-ийн хууль ёсны эзэмшил газарт байгаа “Чандмань-Увс” ХХК-ийн усан сангийн зориулалт бүхий 5 ширхэг байгууламжийг албадан чөлөөлж, газар чөлөөлөхийг даалгах тухай нэгтгэсэн иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганзаяа, хариуцагч “Увс дулааны станц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаангом хотод анх төвлөрсөн инженерийн шугам сүлжээ барьж байгуулж эхлэхэд ЗХУ-ын /хуучнаар/ техник эдийн засгийн тусламжийн хөрөнгө оруулалтаар 1980-1982 онуудад техник эдийн засгийн судалгаа хийгдэж 1982-1986 онд баригдаж, 1986 оны 10 дугаар сарын 28-нд хотын төвлөрсөн цэвэр, бохир усны шугам сүлжээ, 2, 3 дугаар цэвэр усны өргөгч насосны станц, бохир усны станц, цэвэрлэх байгууламж иж бүрдлээр ашиглалтад орж Оросын мэргэжилтнүүд ажиллаж байсан. Тухайн үед Улаангом хотод Барилга үйлдвэрлэлийн бааз, дулааны шинэ станц ашиглалтад орж одоогийн байгаа газарт цэвэр усны 3 дугаар өргөгч станц ашиглалтад орж дээрх үйлдвэрүүдэд цэвэр ус нийлүүлж байна. Монгол Улсад зах зээл эхэлсэн 1990 оны үед гол үйлдвэрлэгч Барилга үйлдвэрлэгч бааз зогсонги байдалд орсноор дамжуулах цэвэр усны станцын усны хэрэглээ багасч 1995 онд цэвэр усны 3 дугаар өргөгч станц ашиглалтгүй байдалд орж станцын барилга, 3 ширхэг 500 м3 багтаамжтай усан сан, тэр үед өргөтгөлөөр баригдаж байсан 2000 м3 багтаамжтай 1 ширхэг усан сангийн байгууламж, инженерийн шугам сүлжээ, хамгаалалтын хашааны хамт аймгийн усан хангамжийн нөөцийн бүртгэлд авч тухайн үеэс хойш “Чандмань-Увс” ХХК-ийн үндсэн хөрөнгийн данс бүртгэлд тусгагдсан байдаг. Үүнээс хойш уг газар ямар нэгэн шийдвэрээр өөрчлөгдөөгүй байгаа болно. Хэрвээ “Увс дулааны станц” ХХК тухайн газарт конторын барилга барих байсан бол ямар нэгэн газрын шийдвэр, албан тоот байх, мөн барилга барих техникийн нөхцөл барилга ашиглалтад оруулсан улсын техникийн комиссын акт, бичиг баримтууд байх ёстой. Ингэж дураар авирлаж усан хангамжийн зориулалтай төрийн мэдлийн газарт байршиж хашаа барьж харуул хамгаалалт тавьчихаад дотор нь байгаа Аймгийн онцгой объект болох тус компанийн харьяа 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай (КНС) бохир усны насосны станцын ээлжийн ажилчдыг оруулахгүй байгаа нь цаашид тус станцад ямар ямар нэгэн аваар осол гарсан тохиолдолд хариуцлагыг нь “Увс дулааны станц” ХХК  хариуцахаас өөр аргагүй болно. Дээрх газрын талаар “Увс дулааны станц” ХХК-д газар чөлөөлөх талаар хэд хэдэн удаа албан тоот болон аман яриагаар хандаж байсан боловч өдий хүртэл чимээгүй явж ирсэн. Харин “Увс дулааны станц” ХХК-ийн Сум дундын шүүхэд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1/81 тоот албан бичгээ Дулааны мэдлийн газар тул усан хангамжийн байгууламжийн объектуудыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь арай дэндүү ёс зүйгүй явдал юм. “Увс дулааны станц” ХХК-ийн нэхэмжлэлийг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 406 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон байдаг. Дараа нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр шүүхийн тогтоолоор Увс аймгийн шүүхийн 406 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгосон эцсийн шийдвэр гарсан байдаг. “Увс дулааны станц” ХХК нь “Чандмань-Увс” ХХК-ийн хууль ёсны эзэмшлийн газрыг хүчээр дээрэмдэж авах гэсэн оролдлогыг таслан зогсоосоор байтал чөлөөлөхгүй байгаа тул газрын тухай хуулийн 60.1.4, 61.1 дэх заалтыг үндэслэн шүүхэд хандаж байгаа юм. Иймд “Чандмань-Увс” ХХК-ийн хууль ёсны эзэмшил газарт байгаа хариуцагч “Увс дулааны станц” ХХК-ийн түр конторын барилгыг албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Мөн газар эзэмшиж байсан төлбөрийн талаар “Увс дулааны станц” ХХК-ийн өөрийн эзэмшил газар нь аймгийн газрын кадастрын зурагт тодорхой харагдаж байгаа бөгөөд одоо байгаа хашаан дотор тусад нь шавар хэрмэн хашаагаар тусгаарлагдсан газар юм. Улаангом сумын Засаг даргын захирамж нь газар эзэмших гэрээг дүгнэсэн агуулгатай байгаа болохоос “Увс дулааны станц” ХХК-д газар эзэмшүүлээгүй байна. Мөн энэ захирамж нь Газрын тухай хуульд заасан болзол журмын дагуу гараагүй байна. Газрын гэрчилгээнд Засаг дарга биш газрын даамал гарын үсэг зурах ёстой. “Чандмань-Увс” ХХК-ийн хууль ёсны эзэмшлийн газар нь кадастрын зурагт тусгагдсан цэвэр усны байгууламжийн объектууд бүхий урт нь 126 м, өргөн нь 119 м, нийт 14994 м2 газар юм. Уг газрыг “Увс дулааны станц” ХХК нь 2003 оноос хойш ямар ч төлбөргүйгээр 13 жил эзэмшиж байгаа юм. Иймд Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолд газрын эзэмшил, газрын төлбөрийн тухай, мөн тогтоолын дагуу Улаангом сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1998 оны 2 тоот, 2005 оны 4/21 тоот тогтоолын дагуу газар эзэмшигч, ашиглагчийн газрын зориулалттай газрын хэмжээнээс хамааран жилд ногдох газрын төлбөрийг тооцох аргачлалын дагуу 1 м2 газрын төлбөр 50 төгрөг гэж тооцвол компанийн газрын төлбөр жилд 14994м2 х 50 төгрөг = 749700 төгрөг. Нийт 13 жил х 749700 = 9746100 төгрөгийн төлбөрийг “Увс дулааны станц” ХХК-аас тус тус гаргуулж өгнө үү” гэв.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Иргэдийн төлөлөөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 2003 онд “Увс дулааны станц” ХХК-ийг хувьчлан авч хууль ёсны өмчлөгч нь болсон. Дулааны станц хувьчлагдан “Увс дулааны станц” ХХК болж өөрчлөн байгуулагдах үед 36.000 /гучин зургаан мянга/ метр2 газар дагалдан ирсэн бөгөөд Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжийн дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэн газар эзэмших гэрчилгээгээ шинэчлэн авсан байдаг. Одоо тус компани нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2006 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 0088436 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу 36.000 метр2 газрыг хууль ёсны дагуу эзэмшиж зохих татвар, төлбөр хураамжаа тасралтгүй төлсөөр ирсэн. “Увс дулааны станц” ХХК-ийн хууль ёсны газар дээр “Чандмань-Увс” ХХК-ийн ашиглалтнаас гарсан 5 ширхэг байгууламж хууль бусаар байгаагаас үүдэн газраа зориулалтын дагуу ашиглаж, эзэмшлийн газар дээрээ Дулааны станцын өргөтгөл барих, үйлдвэрлэлийн зориулалтын барилга байгууламж барихад саад учирч байна. Хариуцагч “Чандмань-Увс” ХХК нь дээрх байгууламжуудаа өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар ашигладаггүйгээс гадна өнөөдрийг хүртэл манай байгууллагын харуул хамгаалалтанд байлгадаг. Газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулах талаар санал тавихад ямар нэг хариу өгөөгүй бөгөөд манайд ямар нэг төлбөр төлдөггүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх заалтад өмчлөгчийн хууль бус эзэмшлээс хөрөнгө шаардах эрхийг хууль ёсны эзэмшигч нэгэн адил хэрэгжүүлэхээр заасан нь газар эзэмшигч “Увс дулааны станц” ХХК-д хамааралтай юм. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК эзэмшлийн газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахын тулд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсэн эрхээ сэргээлгэхийг хүслээ. Иймд “Увс дулааны станц” ХХК-ийн хууль ёсны эзэмшилд байгаа хариуцагч ”Чандмань-Увс” ХХК-ийн 5 ширхэг байгууламжийг албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. “Увс дулааны станц” ХХК-ийн газар дээр “Чандмань-Увс” ХХК-ийн ашиглалтнаас гарсан 5 ширхэг байгууламж хууль бусаар байгаа бөгөөд хууль ёсны эзэмшлийн газраа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу зориулалтаар нь эзэмших, ашиглах зорилгоор Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх заалтад зааснаар бусдын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Хуулийн дээрх заалтын дагуу “Чандмань-Увс” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, манай компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.  

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:        

            Нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК нь хариуцагч “Увс дулааны станц” ХХК-д холбогдуулан газрын төлбөр 9.746.100 төгрөг гаргуулж, “Чандмань-Увс” ХХК-ийн эзэмшлийн газарт байгаа “Увс дулааны станц” ХХК-ийн зөвшөөрөлгүй баригдсан конторын барилгыг албадан чөлөөлж, газар чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл, “Увс дулааны станц” ХХК нь хариуцагч “Чандмань-Увс” ХХК-д холбогдуулан “Увс дулааны станц” ХХК-ийн хууль ёсны эзэмшил газарт байгаа “Чандмань-Увс” ХХК-ийн усан сангийн зориулалт бүхий 5 ширхэг байгууламжийг албадан чөлөөлж, газар чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

             “Увс дулааны станц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралтын хүсэлтээр “Увс дулааны станц” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Чандмань-Увс” ХХК-д холбогдох иргэний хэргийг “Чандмань-Увс” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Увс дулааны станц” ХХК-д холбогдох иргэний хэрэгтэй Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1479 дүгээр шүүгчийн захирамжаар нэгтгэсэн байна.

             Нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “3 ширхэг 500 м3 багтаамжтай усан сан, тэр үед өргөтгөлөөр баригдаж байсан 2000 м3 багтаамжтай 1 ширхэг усан сангийн байгууламж, инженерийн шугам сүлжээ, хамгаалалтыг хашааны хамт аймгийн усан хангамжийн нөөцийн бүртгэлд авч тухайн үеэс хойш “Чандмань-Увс” ХХК-ийн үндсэн хөрөнгийн данс бүртгэлд тусгагдсан байдаг. Үүнээс хойш уг газар ямар нэгэн шийдвэрээр өөрчлөгдөөгүй байгаа болно” гэж тодорхойлжээ.

            Хариуцагч “Увс дулааны станц” ХХК нь “Дулааны станц хувьчлагдан “Увс дулааны станц” ХХК болж өөрчлөн байгуулагдах үед 36.000 /гучин зургаан мянга/ метр2 газрыг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын захирамжийн дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байдаг. Иймд “Чандмань Увс” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

           Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний 1997 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд “Бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө: конторын барилга, усан сан, худаг, цэвэр, бохир усны шугам сүлжээ,  өргөгч, цэвэрлэх байгууламж зэрэг 61 нэр төрлийн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн тул бүртгэж гэрчилгээ олгов” гэж бүртгэгджээ. 

              Түүнчлэн “Чандмань-Увс” ХХК 2015 оны 10 дугаар сарын үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлд: “усан сан 500 м3, анхны өртөг 3.700.000, үлдэгдэл өртөг 1.767.500,30, усан сан 1000 м3, анхны өртөг 4.230.000, үлдэгдэл өртөг 1.884.375 ” гэж тус тус бүртгэгдсэн байгаа боловч тухайн усан сангийн зориулалт бүхий 5 ширхэг байгууламжийн газрын гэрчилгээ хэрэгт авагдаагүй байна.

             Иймд нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч болох нь тогтоогдохгүй байх тул  газрын төлбөр 9.746.100 төгрөг гаргуулж, “Чандмань-Увс” ХХК-ийн эзэмшлийн газарт байгаа “Увс дулааны станц” ХХК-ийн зөвшөөрөлгүй баригдсан конторын барилгыг албадан чөлөөлж, газар чөлөөлөхийг шаардах эрхгүй гэж үзэв.  

             Харин Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэж зааснаар “Увс дулааны станц” ХХК нь Увс аймгийн Засаг даргад хандахад шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг хүссэн хариу өгсний дагуу шүүхэд ханджээ.

            “Увс дулааны станц” ХХК маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч мөн болох нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамж, 2006 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 0088436 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Зам, шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, зам тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарна” гэж, 21 дүгээр зүйлд зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Аймгийн Засаг дарга шийдвэрлэхээр байх боловч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжаар “Увс дулааны станц” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамж нь хүчин төгөлдөр хэвээр байна.

           Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, мөн зүйлийн 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” мөн зүйлийн 106.4-т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж тус тус зааснаар хариуцагч “Увс дулааны станц” ХХК нь нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК-ийн усан сангийн зориулалт бүхий 5 ширхэг байгууламжийг албадан чөлөөлж, газар чөлөөлөхийг шаардах эрхтэй байна.

             Иймд дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэн, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК-ийн хариуцагч “Увс дулааны станц” ХХК-д холбогдох газрын төлбөр 9.746.100 төгрөг гаргуулж, “Чандмань-Увс” ХХК-ийн эзэмшлийн газарт байгаа “Увс дулааны станц” ХХК-ийн зөвшөөрөлгүй баригдсан конторын барилгыг албадан чөлөөлж, газар чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Увс дулааны станц” ХХК-ийн  нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК-д холбогдох “Увс дулааны станц” ХХК-ийн хууль ёсны эзэмшил газарт байгаа “Чандмань-Увс” ХХК-ийн усан сангийн зориулалт бүхий 5 ширхэг байгууламжийг албадан чөлөөлж, “Чандмань-Увс” ХХК-д газар чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

             Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.088 төгрөг, хариуцагч “Увс дулааны станц” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж хариуцагч “Увс дулааны станц” ХХК-д олгох нь зүйтэй байна.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК-ийн хариуцагч “Увс дулааны станц” ХХК-д холбогдох газрын төлбөр 9.746.100 төгрөг гаргуулж, “Чандмань-Увс” ХХК-ийн эзэмшлийн газарт байгаа “Увс дулааны станц” ХХК-ийн зөвшөөрөлгүй баригдсан конторын барилгыг албадан чөлөөлж, газар чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Увс дулааны станц” ХХК-ийн нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК-д холбогдох “Увс дулааны станц” ХХК-ийн хууль ёсны эзэмшил газарт байгаа “Чандмань-Увс” ХХК-ийн усан сангийн зориулалт бүхий 5 ширхэг байгууламжийг албадан чөлөөлж, “Чандмань-Увс” ХХК-д газар чөлөөлөхийг даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.088 төгрөг, хариуцагч “Увс дулааны станц” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Чандмань-Увс” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж хариуцагч “Увс дулааны станц” ХХК-д олгосугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ