Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 0198

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,  

нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,

улсын яллагч А.Тунгалагтуяа,  

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908013470149 дүгээр хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилээр хянан харгалзсан, Тугчин овогт Гомбосүрэнгийн Б /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 , ын 3-162 тоот хашаанд иргэн З.Атэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний баруун мөр, даланд хутгаар хатгаж, шарх үүсгэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 1908013470149 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч З.Аийн: “...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед найз Ёндон болон өндөр Боогийн хамт Сонигонохайрхан дүүргийн 22 , ын 3-162 тоотод байрлах өөрийн ах З.Ариундаваагийн гэрт очиход найз Баасанжаргал, Очирпүрэв нар байсан. Бид 0,75 литрийн 2 архи, 0,5 литрийн 1 архийг уугаад дуустал өндөр Боо Баасанжаргалаас “мөнгө зээлчих, дахиад ганц шил юм авчихъя” гэтэл Баасанжаргал “машины мотор авах гэж байгаа хүний мөнгө” гэж хэлтэл өндөр Боо, Баасанжаргал 2 муудалцаад гэрээс гарсан. Би гараад тэр хоёрыг “боль, та 2 зодоно гэж юу байсан юм бэ” гэж дундуур нь орж салгачихаад нойл руу бие засах гээд явж байтал өндөр Боо миний араас баруун мөр лүү хутгалахаар нь би эргэж хараад Баасанжаргалд “өндөр Боо пизда чинь намайг хутгалчихлаа” гэж хэлээд барьж аваад хавирах гээд баруун тал руугаа зайлтал миний даланд нэг удаа хутгалчихаад хашаанаас гараад явсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Боо сүүлд миний эмчилгээнд гарсан зардал болон сэтгэл санааны хохирлыг барагдуулсан.

Б эмчилгээний зардал 560.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-35, 88-89/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.02.27-ны өдрийн 2843 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.З.А-н биед баруун мөр, даланд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-37/,

Гэрч Ч.Баасанжаргалын: “...11 цагийн үед өндөр Б, А, Ёндон нар орж ирсэн. Тэгээд бид 3 шил архи уусан. Өндөр Боо надаас “дахиад ганц юм авчихъя, чи мөнгөтэй байгаа” гэхээр нь би “чадахгүй, машины мотор авах мөнгө л байгаа, чамд өгөхгүй” гэтэл уурлаад “чи юун сүртэй юм бэ, хоёулаа гарч зодъё” гээд гэрээс гарсан. Тэгээд бид маргалдаж байтал А ирээд “та хоёрын зодоно гэж юу байсан юм, боль” гээд цаашаа алхаж байхад нь өндөр Боо “чи юу гээд байгаа юм бэ” гээд баруун мөр орчим хутгаар хатгасан. Тэгсэн А “өндөр Боо пизда чинь намайг хутгалчихлаа шүү дээ” гээд эргэж хараад хутгыг булааж авах үед өндөр Боо дахиад хутгалчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-49-50/,

Гэрч Х.Ёндондүйчирийн: “...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед өндөр Боотой таараад Ариундаваагийн гэрт бид 3 орсон. Гэрт нь Очирпүрэв, Баасанжаргал 2 байсан. Тэгээд бид тав 2 ширхэг 0,75 литрийн архи, 0,5 литрийн архи уусан. Очирпүрэв бид хоёр архиндаа тасраад унтсан байсан. Сэргээд хартал А гэрт “өндөр Боо намайг хутгалчихлаа” гэж орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-46/,

Шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн: “...би Баасанжаргалаас “дахиад ганц юм авчихъя, 20.000 төгрөг зээлчих, 2 цагийн дараа буцаагаад өгчихье” гэж хэлсэн. Тэгсэн Баасанжаргал “би чамд мөнгө өгөхгүй, мотор авах мөнгө” гээд бид 2 маргалдаж эхлэхээр нь би гал тогооны шүүгээн дээр байсан хар иштэй хутгыг аваад нимгэн хар куртикныхээ баруун талын халаасанд хийчихээд гэрээс гарч, үүдэнд Баасанжаргалтай маргалдсан. А гэрээс гарч ирээд дундуур орж “та 2 больцгоо, найзууд байж хоорондоо юу гээд маргалдаад байдаг юм бэ” гэж хэлээд намайг түлхэж унагаагаад цаашаа яваад өгөхөөр нь би уурлаад баруун мөр тал руу хутгаар нэг удаа хатгасан. Тэгсэн А миний хутгыг салгах гээд эргэж хараад над руу дайраад, намайг баруун хөлөөрөө хавирах гэж байгаад хавирч чадалгүй хий хавирах үед нь би баруун дал орчим нэг удаа хутгаар хатгасан. ...Би эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг бүрэн барагдуулж уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-57-60/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-19, 3-4/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-66/, эд хөрөнгө бүртгэлтэй байсныг шилжүүлсэн лавлагаа /хх-67/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-68/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн дансны лавлагаа /хх-69/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-70/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад “Г.Б Н54 Сохор ба хараа муудах оношоор хөдөлмөрийн чадварыг 50 хувиар алдсан” гэжээ /хх-72/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-84/, хохирогчийн “Б надад эмчилгээний болон сэтгэл санааны хохирол болох 560.000 төгрөг өгсөн. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-101/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж,

эд мөрийн баримт болох шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга 1 ширхгийг оролцогч нараар таниулж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Харин шүүх хуралдаанд улсын яллагчийн шинжлэн судалсан шүүгдэгч Г.Бын 2020.01.22-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-44/-ийг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 , ын 3 дугаар гудамж, 162 тоот хашаанд иргэн З.Аийн баруун мөр, даланд хутгалж, хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч З.Аийн “...Бид нар 3 шил архи уусан. Боо миний араас баруун мөр лүү хутгалахаар нь эргэж хараад хавирах гээд зайлтал даланд нэг удаа хутгалчихаад явсан...” гэх мэдүүлэг /хх-35/, шүүх эмнэлгийн 2843 дугаар “1.А-н биед баруун мөр, даланд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-37/, гэрч Ч.Баасанжаргалын “...Бид хэд гурван шил архи уусан. Боо “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд баруун мөр орчим хутгаар хатгасан. ...А “өндөр Боо пизда чинь намайг хутгалчихлаа шүү дээ” гээд эргэж хараад хутгыг булааж авах үед өндөр Боо дахиад хутгалчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-49-50/, гэрч Х.Ёндондүйчирийн “...Бид хэд гурван шил архи уусан. А гэрт орж ирээд “өндөр Боо намайг хутгалчихлаа” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-46/, шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн “...би уурлаад баруун мөр тал руу нь хутгаар нэг удаа хатгасан. ...А миний хутгыг салгах гээд эргэж хараад над руу дайраад, намайг баруун хөлөөрөө хавирах гээд чадалгүй хий хавирах үед би баруун дал орчим нэг удаа хутгаар хатгасан...” гэх мэдүүлэг /хх-57-60/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-19, 3-4/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, эд мөрийн баримт болох шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Бын хохирогч З.Аийг үл ялих зүйлээр шалтаглан баруун мөр, дал хэсэгт 2 удаа хутгалж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч З.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б эмчилгээний зардалд 560.000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-35, 88-89/, хүсэлт /хх-101/-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байна гэж дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Аийг хутгалж, хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал /эрэн сурвалжлагдсан, оргон зайлсан зэрэг/-ыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бод 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Хохир 560.000 төгрөг төлөгдсөн.” гэж,

шүүгдэгч “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Улсын яллагчийн ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохилын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн баруун мөр, даланд 2 удаа хутгалан хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохир 560.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хөдөлмөрийн чадвар 50 хувь алдалттай, эрхэлсэн тодорхой ажилгүй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Харин ялын хэмжээний хувьд дээр дурдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргээс үзэхэд шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хар өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заажээ. Хэрэг бүртгэлтийн 190801347 дугаар хэргийг 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нээж, 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хэргийн газрын үзлэг хийн тэмдэглэлдээ “...хашаан дотор баруун хойд хэсэгт байрлах хөрсөн дээрээс хар өнгийн хуванцар иштэй хутгыг олж тогтоон гэрэл зураг авч тэмдэглэлд тусган хураан авав” гэж тусган гэрэл зураг /хх-4/-ийг хэрэгт хавсаргасан атлаа 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр прокурорын зөвшөөрлөөр хар өнгийн хуванцар иштэй хутгыг Г.Боос хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон, улмаар 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хийвэл зохих ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, огт хийгээгүй /мэдэгдэх хуудсаар дуудаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан оргон зайлсан, эрэн сурвалжилсан гэх боловч баримтгүй, нэг үндэслэлээр олон удаа хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан/ зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан алдаа зөрчил байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугчин овогт Гомбосүрэнгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хар өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Л.БААТАР