| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00746/И |
| Дугаар | 766 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 766
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг Улаангом сумын 3 дугаар баг, 25-11 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ63112309, Тугтан овогт Жалавын Цэцэгмаагийн,
Дүү Ж.Баяраагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний төрсөн дүү Баяраа нь 1970 онд төрсөн ба 2016 оны 10 дугаар сарын 07-ний өдөр өвчний улмаас нас барсан. Дүү Ж.Баяраа нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 8 дугаар сард туслах ажилтнаар ажилд орсон. Дараа нь өрлөгчнөөр 1991 оныг дуустал ажиллаж байсан. Ж.Баяраа маань 7 настай охинтойгоо хамт 85 настай ээжийнд маань амьдарч байсан, эхнэр нь эрт нас барсан байсан. Одоо 7 настай охин Мөнхнаран бүтэн өнчин үлдсэн ба би асран хамгаалахаас өөр аргагүйд хүрээд байна. Ж.Баяраагийн хөдөлмөрийн дэвтэр усанд нороод шаардлага хангахгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд дүүгийн охин Мөнхнаранд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай байгаа тул дүү Ж.Баяраагийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 8 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал туслах ажилтнаар, 1988 оны 11 дүгээр сараас 1991 оныг дуустал өрлөгчнөөр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед Ж.Баяраатай хамт ажиллаж байсан П.Ичинноров, Ч.Цэрэнчимэд нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Цэцэгмаа нь дүү Ж.Баяраагийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 8 дугаар сараас 1991 оныг дуустал туслах ажилтан, өрлөгчнөөр ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 25, 10 дугаар сарын 26-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Жалавын Баяраагийн 1986 оны 8 дугаар сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд туслах ажилтан, өрлөгчнөөр ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Барилга угсралтын трестийн захиргаанаас Ж.Баяраад олгосон 345510 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “Ажилд томилогдсон огноо усанд орж арилсан, Барилга угсралтын трестийн нэгдсэн бригадад өрөгчөөр томилон ажиллуулав, 1992 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ЗХУ-ын хотод ажиллах болсон тул ажлаас чөлөөлөв” гэжээ.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч П.Ичинноров, Ч.Цэрэнчимэд нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч П.Ичинноров “Миний бие нь 1981 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Барилга трестэд засалчнаар ажиллаж байсан. Намайг тус байгууллагад ажиллаж байхад Ж.Баяраа нь 1986 оноос эхлэн Увс аймгийн Барилга трестэд барилгын туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1991 оныг дуустал ажилласан ба ажлаас гараад Якут улс руу барилгын курст суралцахаар явж байсан. Тухайн үед Барилга угсралтын трестийн даргаар Батзул гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч Ч.Цэрэнчимэд “Миний бие нь 1981 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Барилга трестэд цахилгаанчин, гагнуурчнаар ажиллаж байсан. Намайг тус байгууллагад ажиллаж байхад Ж.Баяраа нь 1986 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестэд барилгын туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1991 оныг дуустал ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Мөн Ж.Баяраагийн нас барсны 161 дүгээр гэрчилгээ, Баяраагийн Мөнхнарангийн 60/04 дүгээр төрсний гэрчилгээний хуулбарууд хэрэгт авагджээ.
Ж.Баяраа нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан болох нь түүний нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иймд түүний эгч Ж.Цэцэгмаа нь Ж.Баяраагийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Увс аймгийн Барилга угсралтын трестийн захиргаанаас Ж.Баяраад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт өрлөгчнөөр ажиллаж байсан талаарх бичилт хийгдсэн боловч Ж.Баяраа нь туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Түүнчлэн Ж.Баяраа нь 1986 оны 8 дугаар сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд туслах ажилтан, өрлөгчнөөр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 25, 10 дугаар сарын 26-ны өдрийн цалингийн тодорхойлолтууд, гэрч П.Ичинноров, Ч.Цэрэнчимэд нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Цэцэгмаагийн хүсэлтийг хангаж, түүний дүү Ж.Баяраагийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 8 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал туслах ажилтнаар 2 жил 3 сар, 1988 оны 11 дүгээр сараас 1991 оныг дуустал өрлөгчнөөр 3 жил 2 сар, нийт 5 жил 5 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Шангас овогт Жалавын Баяраагийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 8 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал туслах ажилтнаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар, 1988 оны 11 дүгээр сараас 1991 оныг дуустал өрлөгчнөөр 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар, нийт 5 /тав/ жил 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ