Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 596

 

 

 

 

 

 

 

     2019           6           03                                         2019/ШЦТ/596         

 

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908020530732 дугаар хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Дашийн О /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Д.О нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 57 дугаар гудамж, 7 тоотод насанд хүрээгүй хохирогч Б.Аг “охин дүү Номинг гадуур дагуулж тэнэлээ” гэж үснээс нь зулгааж, хацар луу нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 130.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1908020530732 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Насанд хүрээгүй хохирогч Б.Агийн: “...4 дүгээр сарын 07-ны 17 цагийн Номин гэрт ирээд Ханын материалын эцэст Халиунтай уулзаад ирье гээд явсан. Бид нар Халиунаагийн гэрт тоглож байгаад оройтчихоод явж чадахгүй хоносон. 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө Халиунаа гэртээ үлдээд бид 5 гараад Номингийн гэр лүү явж байгаад Номингийн дүүтэй гудамжинд таарсан. Номингийн дүү Жооноо “ээж таныг дуудаж байна” гэж хэлэхээр нь бид нар салаад явах гэтэл Жооноо “ээж та нарыг бүгдийг дуудаж байна, хэлэх зүйл байна” гэхээр нь бид нар Номингийн гэрт очиход Номингийн ээж, бэр эгч болон нагац эгч нь байсан. Номингийн ээж нь “хүүхэд дагуулж гадуур дэмий тэнэлээ” гээд бид 5-ыг нэг нэг удаа алгадахад араас нь хоёр эгч нь босож ирээд бэр эгч нь буюу Алтанцэцэг гэдэг эмэгтэй Номинг гадуур тэнэлээ гээд галын дэгээ төмрөөр цохиод байсан. Нагац эгч О нь над руу уурлаад “хүүхэд дагуулж тэнэлээ” гээд үснээс зулгаагаад толгой руу гараараа нилээн хэдэн удаа цохиод тавьсан. ...О нь миний зүүн талын хацар луу гараараа нэг удаа хацар луу алгадаж шалбалсан. ...Нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-8-10/,

Гэрч Д.Эрдэнэцэцэгийн: “2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байж байхад гэрт төрсөн эгч О орж ирээд бид хоёр юм яриад сууж байхад бэр дүү Алтанцэцэг ирсэн юм. Тэгээд бид 3 юм ярьж сууж байхдаа “охин Номин гэртээ ирж хоноогүй” талаар хэлээд “гадуур хүүхдүүдтэй нийлж дэмий тэнээд байна, эгч нь дийлэхээ байлаа, та хоёр загнаад өг” гэж хэлээд хүүгээ “эгчээ олоод ир” гээд явуулсан. ...Манай эгч О нөгөө хүүхдүүдийг загнаад Аг “та хоёр охин хүүхэд байж банди нар дагаж гадуур хонодог, яасан ичиж, зовдоггүй юм бэ” гээд алгадаж байсан...” гэх мэдүүлэг /хх-14-15/,

Насанд хүрээгүй гэрч Г.Номины: “...Тухайн үед 09 цаг өнгөрч байсан. Авто угаалгын газраас гараад явж байгаад дүү Номин-Эрдэнэтэй таарахад “ээж та нарыг дуудаад байна, бүгдийг чинь хүрээд ир гэж байна” гэж хэлсэн. ...О эгч нөгөө 4-ийг загнаад нэг нэг удаа алгадаж байсан...” гэх мэдүүлэг /хх-17-19/,

Насанд хүрээгүй гэрч Н.Мөнхсүхийн “...Номингийн гэрт ороход Номингийн ээж Эрдэнэцэцэг, О, Алтанцэцэг эгч нар байсан. Ороход О эгч “та нар хаагуур дэмий тэнээд байгаа юм бэ” гээд нэг нэг удаа алгадсан. ...О хүрч ирээд дахиад бид нарыг нэг нэг удаа алгадаад “дахиж дэмий тэнэвэл хохь чинь шүү” гээд гаргасан. Гараад Агийн нүүрийг харахад зүүн талын шанаа нь шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-21-23/,

Гэрч Х.Алтанцэцэгийн: “...Намайг Номинг загнаж байхад О эгч Аг загнаад алгадаж байсан...” гэх мэдүүлэг /хх-27/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.04.15-ны өдрийн 4498 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Агийн биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-38/,

Шинжээч С.Чулуунсүхийн: “...Б.Агийн биед үүссэн тархи доргилт, зүүн хацарт, зөөлийн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн шилбэ, баруун бугуйны зулгаралт гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-41-42/,  

Шүүгдэгч Д.Оы яллагдагчаар өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Эрдэнэцэцэгийн гэрт нь ороход Эрдэнэцэцэг “Номин өчигдөр гэртээ ирж хоносонгүй, ер нь гадуур хүүхдүүдтэй нийлж дэмий тэнээд байна” гэж хэлсэн. ...Удалгүй Номин хоёр банди, нэг охины хамт орж ирсэн. ...Би хамт явсан хүүхдүүд дээр очоод ...Анхжин гэдэг охиныг “хүүхэд гадуур дагуулж дэмий тэнэлээ” гээд нэг удаа хацар луу нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх-49-52/,

гэрч Б.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-25/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-58/, насанд хүрээгүй хохирогчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-64/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хх-66, 74/, “Туурайн жим” ХХК-ийн тодорхойлолт /хх-70/, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-71-72/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.О нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 57 дугаар гудамж, 7 тоотод насанд хүрээгүй хохирогч Б.Аг зодож биед нь тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь насанд хүрээгүй хохирогч Б.Агийн “...О нь ...үснээс зулгаагаад толгой руу гараараа нилээн хэдэн удаа цохиод тавьсан. ...Миний зүүн талын хацар луу нэг удаа алгадаж шалбалсан...” гэх мэдүүлэг /хх-8-10/, гэрч Д.Эрдэнэцэцэгийн “...О ...А гэдэг охиныг ...алгадаж байсан...” гэх мэдүүлэг /хх-14-15/, насанд хүрээгүй гэрч Г.Номины “...Тэр үед О эгч ...алгадаж байсан...” гэх мэдүүлэг /хх-17-19/, насанд хүрээгүй гэрч Н.Мөнхсүхийн “...О хүрч ирээд дахиад бид нарыг нэг нэг удаа алгадаад ...Агийн нүүрийг харахад зүүн талын шанаа шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-21-23/, гэрч Х.Алтанцэцэгийн “...О эгч Аг загнаад алгадаж байсан...” гэх мэдүүлэг /хх-27/, насанд хүрээгүй гэрч Н.Тэмүүлэнгийн “...О эгч “та нар хаагуур дэмий тэнээд байгаа юм бэ” гээд бид нарыг нэг нэг удаа алгадсан. ...О дахиад бид нарыг нэг нэг алгадаад ...А “зүүн талын шанаа хорсоод байна” гээд хартал жоохон шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-32-34/, шүүх эмнэлгийн 2019.4.15-ны өдрийн 4498 дугаар “1. Б.Агийн биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-38/, шүүгдэгч Д.Оы яллагдагчаар өгсөн “...би А гэдэг охиныг “хүүхэд гадуур дагуулж дэмий тэнэлээ” гээд нэг удаа хацар луу нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх-49-52/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Оы насанд хүрээгүй хохирогч Б.Аг алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн насанд хүрээгүй хохирогчийн “...Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-8-10/, түүний хууль ёсны төлөөлөгчийн “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал үгүй...” гэх хүсэлт /хх-66, 74/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь өрх толгойлсон ганц бие эмэгтэй, бусдад төлөх төлбөргүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж, хүлээж байна. Хөнгөн ял өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /насанд хүрээгүй хүний эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, насанд хүрээгүй хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Д.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Дашийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР