Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 767

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 16-9 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, регистрийн дугаар ШЖ61101666, Булгадар овогт Мягмарын Даваагийн,

         Дүү М.Амгалангийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Даваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

               Нэхэмжлэгч М.Даваа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний дүү М.Амгалан нь 1969 онд төрсөн ба 2012 оны 11 дүгээр сарын 22-нд өвчний улмаас нас барсан. Дүү маань 1989 оны 11 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд бог мал маллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо 2010 онд төрсөн дүүгийн охин Хишгээд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримт бүрдүүлэхэд Сандалай нэгдэлд ажилласныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй тул шүүхэд хандаж байна. Иймд М.Амгаланг Завхан сумын Сандалай нэгдэлд 1989 оны 11 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Дүү М.Амгалантай хамт ажиллаж байсан Ц.Гэндэн, Ц.Оюун нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М.Даваа нь дүү М.Амгаланг 1989 оны 11 дүгээр сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

             Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Мягмарын Амгалангийн 1989 оны 11 дүгээр сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

           Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Гэндэн, Ц.Оюун нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ц.Гэндэн “Миний бие нь 1981 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд хэсгийн дарга, тоо бүртгэгч, сүү машиндагчаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад М.Амгалан нь Сандалай нэгдэлд 1989 оны 11 дүгээр сараас малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1991 оныг дуустал ажилласан. М.Амгалан нь голдуу бог мал малладаг байсан. Тухайн үед Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн даргаар Самдан, Норов, Шархүү, Хүрэлхүү гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ц.Оюун “Миний бие нь 1986 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан. М.Амгалан бид хоёр нэг нутаг усанд айл саахалт амьдарч байсан бөгөөд намайг тус нэгдэлд малчнаар ажиллаж байхад М.Амгалан нь 1989 оны 11 дүгээр сараас Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1991 оныг дуустал ажилласан. М.Амгалан нь голдуу бог мал малладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 395 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

              Мөн М.Амгалангийн нас барсны гэрчилгээ болон 634260 дугаартай цэргийн батлахын хуулбарууд хэрэгт авагджээ.

          М.Амгалан нь 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан болох нь түүний нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

          Иймд М.Амгалангийн эгч М.Даваа нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

             М.Амгалан нь 1989 оны 11 дүгээр сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Ц.Гэндэн, Ц.Оюун нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

                Иймд нэхэмжлэгч М.Даваагийн хүсэлтийг хангаж, түүний дүү М.Амгалангийн 1989 оны 11 дүгээр сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар 2 жил 2 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.               

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Булгадар овогт Мягмарын Амгалангийн 1989 оны 11 дүгээр сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.           

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч М.Даваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ