| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00798/И |
| Дугаар | 772 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 772
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 5 дугаар баг, 12-1 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЛ56081379, Шалбарт овогт Дамиржавын Батчулууны,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1956 онд төрсөн, 60 настай. Би Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1971 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тракторчнаар ажиллаж байсан ба 1974 оноос 1977 оны хооронд цэргийн алба хаасан болно. Одоо нас өндөр болж тэтгэвэрт гарах болсон тул бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, гарсан тушаал нь олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Сагил сумын Ялалт нэгдэлд 1971 оны 6 дугаар сарын 03-наас 1974 оны 6 дугаар сарыг дуустал, 1977 оны 7 дугаар сараас 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тракторчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан А.Ганхуяг, М.Оргодол нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батчулуун нь 1971 оны 6 дугаар сарын 03-наас 1974 оны 6 дугаар сарыг дуустал, 1977 оны 7 дугаар сараас 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Дамиржавын Батчулууны 1972 оны 8 дугаар сараас 1974 оны 6 дугаар сарыг дуустал, 1977 оны 7 дугаар сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд тракторчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 279 дүгээр архивын лавлагаанд: “Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн 1971 оны тушаалыг шүүн үзэхэд Дамиржав овогтой Батчулууны ажилд орсон тушаал гараагүй тул холбогдох баримтыг түүвэрлэн хүргүүлэв. Сагил сумын Ялалт нэгдлийн 1992 оны тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Д.Батчулууны ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.
Д.Батчулуунд 1971 оны 6 дугаар сарын 03-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1971 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Ялалт нэгдэлд тракторчнаар авч ажиллуулав, 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тракторчны үүрэгт ажлаас чөлөөлөв” гэжээ.
Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 61 дүгээр “Удаан жилийн нэмэгдэл олгох тухай” тушаалд: Нэмэгдэл хөлс олгох техникчдийн ажилласан жилийг хавсралтаар баталсугай. Хавсралтад Д.Батчулууны нэр бичигджээ”.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч А.Ганхуяг, М.Оргодол нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч А.Ганхуягийн “Миний бие нь Сагил сумын Ялалт нэгдэл, “Ялалт” ББК, “Ялалт” ХХК-д 1974 оноос 2003 он хүртэл туслах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг ажилд ороход Д.Батчулуун нь тус нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан бөгөөд нэгдэл хувьчлагдах хүртэл тракторын жолоочоор ажилласан. Д.Батчулуун нь хадлан бэлтгэж, трактортаа өвс ачиж хөдөө малчдад тараадаг байсан. Тухайн үед Сагил сумын Ялалт нэгдлийн даргаар Бамбадай, Нацагдорж, Содномжамц, Давааням гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч М.Оргодолын “Миний бие нь Сагил сумын Ялалт нэгдэлд 1976 оноос 1980 он хүртэл тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг ажилд ороход Д.Батчулуун нь тус нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Би 1980 онд Зүүнговь сумын Санхүүгийн тасгийн сургууль хариуцсан нягтлан бодогчоор ажиллахаар шилжихэд Д.Батчулуун нь тус нэгдэлд тракторын жолоочоор ажиллаад үлдсэн. Миний бие 1984 онд Сагил сумын санхүү тасгийн ахлах нягтлан бодогчоор ажиллахаар буцаж ирэхэд Д.Батчулуун нь Сагил сумын Ялалт нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Мөн миний бие нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1992 онд “Ялалт” ББХК-д туслах нягтлангаар ажиллаж байхад Д.Батчулуун нь өөрт ногдох мал хөрөнгөө аваад нэгдлээс гарч байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Д.Батчулуун нь 1971 оны 6 дугаар сарын 03-наас 1974 оны 6 дугаар сарыг дуустал, 1977 оны 7 дугаар сараас 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Д.Батчулуунд 1971 оны 6 дугаар сарын 03-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 61 дүгээр “Удаан жилийн нэмэгдэл олгох тухай” тушаал, гэрч А.Ганхуяг, М.Оргодол нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Батчулууны хүсэлтийг хангаж, түүний 1971 оны 6 дугаар сарын 03-наас 1974 оны 6 дугаар сарыг дуустал, 1977 оны 7 дугаар сараас 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд тракторчнаар 17 жил 4 сар 12 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Шалбарт овогт Дамиржавын Батчулууны 1971 оны 6 дугаар сарын 03-наас 1974 оны 6 дугаар сарыг дуустал, 1977 оны 7 дугаар сараас 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд тракторчнаар 17 /арван долоо/ жил 4 /дөрөв/ сар 12 /арван хоёр/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Батчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ