Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 776

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Дархан Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Залуучуудын 7-49 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОП66091701, Боржигон овогт Нордовын Алтанцэцэгийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

      Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд 16 настайгаасаа буюу 1982 оны 9 дүгээр сараас эхлэн малчин болж 1989 оныг дуустал хонь маллаж байсан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд 1982 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ё.Пүрэвжав, Ц.Жимзээ нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг нь 1982 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

            Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Нордовын Алтанцэцэгийн 1982 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

        Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Жимзээ, Ё.Пүрэвжав нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ц.Жимзээ “Миний бие нь 1978 оноос 1980 он хүртэл Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд тахиа малллагчаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Н.Алтанцэцэг нь 1982 оны 9 дүгээр сараас эхлэн малчнаар ажиллаж эхэлсэн. Миний бие 1980 онд хүнтэй суугаад Улаангом сум руу шилжихэд  Н.Алтанцэцэг нь тус нэгдэлд малчнаар ажиллаад үлдсэн. Тухайн үед Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн даргаар Баянжаргал гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч Ё.Пүрэвжав “Миний бие нь 1974 оноос 1985 он хүртэл Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд дизельчин, гагнуурчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Н.Алтанцэцэг нь 1982 оны 9 дүгээр сараас эхлэн малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд тус нэгдэлд 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Н.Алтанцэцэг нь бага наснаасаа аав ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн ба нэгдэлд голдуу хонь, ямаа буюу бог мал малладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

        Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг нь 1982 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Ц.Жимзээ, Ё.Пүрэвжав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

            Иймд нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийн хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар 7 жил 4 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

           Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.               

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Нордовын Алтанцэцэгийн 1982 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар 7 /долоо/ жил 4 /дөрөв/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.        

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ