| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0165/Э |
| Дугаар | 0192 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 0192
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга,
шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908061900044 дүгээр эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, хувиараа бариа, засал хийдэг гэх, ам бүл 7, эх, дүү, дүүгийн хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Иөншөбү овогт Нямжавын А /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн , Бны 6 дугаар гудамж, 43 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Бтай хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэнд тус газар нь гараараа цохиж зодон бие махбодид нь баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “11 дүгээр сарын 17-нд лангуун дээр нэг шил архи, гэрт очоод нэг шил архи уусан. Би согтсон байсан, өглөө нь эрүүлжүүлэхэд сэрсэн. Болсон явдлыг мэдэхгүй байна. Би архи уудаггүй болохоор согтсон байсан. Бид хоёр 5 сар хамт амьдарч байна, маргах зүйлгүй. Одоо Бтай хамт амьдрахгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1908061900044 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Бын: “2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хамтран амьдрагч Аптансүхийн хамт гадуур явж байгаад орой 20 цагийн үед гэртээ харих замдаа 0,33 литрийн шилтэй Хараа архи аваад бид хоёр гэртээ орсон. Авсан архиа бид хоёр хувааж ууж дуусаад, дахиж нэг шил 0,33 литрийн шилтэй Хараа архи аваад ууж байхад хамтран амьдрагч А намайг үгээр өдөж, “чи өөр хүнтэй харьцаад байгаа юм уу” гээд хардаад байсан. Тэгсэн гэнэт уурандаа миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан, нүд хөхрөөд цус хурсан байсан. ...Бид хоёр 2018 оны 8 дугаар сард анх танилцаад хамт амьдарсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-21, 23/,
Гэрч Ц.Баярсайханы: “2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Ачит-10-aac “Сонгинохайрхан дүүргийн , Бны 6-43 тоотод хүн агсам тавиад байна” гэх дуудлага 23 цагийн үед ирсэн. Очиж шалгахад тус тоотод оршин суудаг Б.Б нь хамтран амьдрагч Аийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, Б нь “А миний нүүр лүү гараараа цохьчихлоо” гэж байсан. Хамтран амьдрагч Аийг нь эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Бын баруун нүд улайсан байсан...” гэх мэдүүлэг /хх-33/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.11.25-ны өдрийн 13993 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Бын биед баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-37/,
Шүүгдэгч Н.Аийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 17-ны ...17 цагийн үед бид хоёр харих замдаа дэлгүүрээс нэг шил 0,33 литрийн архи аваад гэртээ очиж хувааж уусан. Дахин нэг шил архи аваад ууж байгаад бид хоёр маргалдаад би тасарчихсан байсан. Цаашаа юу болсныг сайн санахгүй байна. 2018 оны 11 дүгээр сараас хамт амьдардаг болсон. Би Бын баруун нүд рүү бөгжтэй гараараа цохиж гэмтээсэн байсан. Би өөрийн буруугаа ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг /хх-60-62/,
гэрч Д.Мартын мэдүүлэг /хх-28/, гэрч М.Сарнайн мэдүүлэг /хх-30/, гэрч С.Орхонтуулын мэдүүлэг /хх-32/, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Сонгинохайрхан дүүргийн ны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-40-51/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-66/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-67/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-68/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан лавлагаа /хх-69/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-70/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-71/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.А согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн , Бны 6 дугаар гудамж, 43 тоотод хамтран амьдрагч Б.Быг зодож, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Бын “...хамтран амьдрагч А намайг үгээр өдөж “чи өөр хүнтэй харьцаад байгаа юм уу” гээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-21, 23/, гэрч Ц.Баярсайханы “...Б нь хамтран амьдрагч Аийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. “А миний нүүр лүү гараараа цохьчихлоо” гэж байсан, баруун нүд нь улайсан байсан” гэх мэдүүлэг /хх-33/, шүүх эмнэлгийн 13993 дугаар “1.Б.Бын биед баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-37/, шүүгдэгч Н.Аийн яллагдагчаар өгсөн “...Нэг шил архи аваад ууж байгаад бид хоёр маргалдаад би тасарчихсан байсан. Цаашаа юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-60-62/, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Сонгинохайрхан дүүргийн ны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-40-51/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Аийн хамтран амьдрагч Б.Быг хардсан нэрээр үл ялих зүйлээр шалтаглан зодож, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-21, 23/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр согтуурсан үедээ хамтран амьдрагч Быг хардсаны улмаас зодож, хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аэд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгч хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч өнөөг хүртэл холбогдох баримт гаргаж өгөөгүй. Ял биелэгдэх боломжтой байх ёстой...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. 600 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү. Ажил эрхэлдгийг нотолсон баримт байхгүй ч эрүүгийн хариуцлагын зорилго, зорилтод нийцүүлэн торгох ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч буюу хохирогчийг үгээр өдөж, “хардаж байна” гэж шалтаг гарган нүүр лүү нь гараараа цохиж эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй ч талууд эвлэрсэн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа бариа засал хийж орлого олдог гэх, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа бариа засал хийж сард дунджаар 400.000-500.000 төгрөг олдог гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Н.Аийг 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Иөншөбү овогт Нямжавын Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийг 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР