| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00749/И |
| Дугаар | 777 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 777
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар УГ66092904, Хошууд овогт Самдангийн Оюунцэцэгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нина, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нина шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1981 оны 7 дугаар сараас эхлэн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар нэгдэл тарах хүртэл ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд Лениний зам нэгдэлд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй тул шүүхэд хандаж байна. Иймд миний Тэс сумын Лениний зам нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1992 оны 2 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Г.Нүрзэд, Г.Ядмаа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Оюунцэцэг нь 1981 оны 7 дугаар сараас 1992 оны 1 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Самдангийн Оюунцэцэгийн 1981 оны 7 дугаар сараас 1992 оны 1 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.Нүрзэд, Г.Ядмаа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Г.Нүрзэдийн “Миний бие нь 1959 оноос 1992 он хүртэл Тэс сумын Лениний зам нэгдэлд малчин, худгийн моторчноор ажиллаж байсан. Намайг Лениний зам нэгдэлд ажиллаж байхад С.Оюунцэцэг нь тус нэгдэлд 1981 оноос эхлэн малчнаар ажиллаж эхэлсэн. С.Оюунцэцэг нэгдэлд 1992 он хүртэл малчнаар ажиллаж байсан бөгөөд голдуу хонь малладаг байсан. Тухайн үед Лениний зам нэгдлийн даргаар Гомбосүрэн, Норов, Далай гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Г.Ядмаагийн “Миний бие нь 1985 оноос 1992 он хүртэл Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж эхлэхэд С.Оюунцэцэг нь тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд нэгдэл тарах хүртэл буюу 1992 он хүртэл малчнаар ажилласан. С.Оюунцэцэг голдуу хонь малладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч С.Оюунцэцэг нь 1981 оны 7 дугаар сараас 1992 оны 1 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Г.Нүрзэд, Г.Ядмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч С.Оюунцэцэгийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 7 дугаар сараас 1992 оны 1 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 10 жил 7 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Хошууд овогт Самдангийн Оюунцэцэгийн 1981 оны 7 дугаар сараас 1992 оны 1 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 10 /арав/ жил 7 /долоо/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ