Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 795

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багт оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОН62021865, Билэгт овогт Хашхүүгийн Нямгэрэлийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Х.Нямгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1962 онд төрсөн, 54 настай. Би 1981 оноос 1989 оны хооронд Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд саальчин, малчнаар тасралтгүй ажилласан. Дээрх хугацааны улсад ажилласан байдлаа нэгдлийн гишүүний дэвтэрт бичилт хийлгээгүй байх тул улсад ажилласан жил тогтоогдохгүй байна. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа өнгөрсөн боловч аймгийн архиваас баримтаа авч чадахгүй байсаар өдий хүрсэн. Иймд Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1981 оноос 1989 оныг дуустал 9 жил саальчин, малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Г.Пүрэвжавийг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.                             

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Х.Нямгэрэл нь 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Хашхүүгийн Нямгэрэлийн 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

         Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр протоколд: “Шинээр гэр бүл болсон 6 өрх айлын 12 хүнд охин бяруу 6, даага 6-г олгохоор санал гаргав. Үүнд: Х.Нямгэрэл-охин бяруу...” гэжээ.

        Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар “Шагнал олгох тухай” тогтоолд: “Хоёр бригад, нэр бүхий 49 хүнийг 1, 2, 3 дугаар хавсралтаар шагнасугай. 1 дүгээр хавсралтын 13-т Х.Нямгэрэл- эмнэг сургалтын аварга...” гэжээ.

      Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.Пүрэвжаваас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Г.Пүрэвжав “Би 1986 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Түргэн сумын Соиализмын зам нэгдэлд бэлтгэлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Намайг Түргэн суманд болон тус нэгдэлд ажиллаж байхад Х.Нямгэрэл нь 1981 оноос эхлэн Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд нөхөр нь үхэр маллаж, өөрөө саальчнаар ажилладаг байсан. Х.Нямгэрэл нь тус нэгдэлд 1989 оныг дуустал ажилласан. Тухайн үед Түргэн сумын Социализмын зам нэгдлийн даргаар Сүхбаатар, Цэвээнравдан гэх хүмүүс ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба түүний ажилласан байдлыг нотлох Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 202 дугаар шийдвэрийн хуулбар хэрэгт авагджээ.

          Нэхэмжлэгч Х.Нямгэрэл нь 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр протокол, Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар “Шагнал олгох тухай” тогтоол, гэрч Г.Пүрэвжавын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

        Иймд нэхэмжлэгч Х.Нямгэрэлийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд саальчин, малчнаар 9 жил  ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

         Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.   

           Нэхэмжлэгч нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Билэгт овогт Хашхүүгийн Нямгэрэлийн 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд саальчин, малчнаар 9 /ес/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.        

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Х.Нямгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ