Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 598

 

 

 

 

 

 

 

     2019           6           03                                         2019/ШЦТ/598

         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогч Т.Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт М.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903002780193 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Цомог овогт Мөнхцэцэгийн Б /РД:/.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч М.Б нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дунд нарангийн Далангийн замд 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 32 минутын орчимд Тоёота Истима маркийн 38-40 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Т.Тыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 3 дугаар сарын 17-нд айл руу явж байсан. Гэнэт машин ажиллахаа болиод жолоо түгжигдээд явахаа байсан. Хойшоо ухраад хүн мөргөсөн. Дуудлагаар ирсэн цагдаа нар энэ талаар мэдэж байгаа. Хохиролд 1.471.050 төгрөг төлсөн. Машинаа зараад хохирлыг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ээж, охинтойгооо цуг амьдардаг тул тэнсэж өгнө үү” гэв.

Хохирогч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 3 дугаар сарын 17-ны орой осолд орсон. Эмнэлэгт хэвтээд гарсан. Одоо таягтай, гэртээ байна. Тэтгэврийн зээл 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Эм тарианы зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна. Надад өгсөн хохирлыг хүлээн зөвшөөрнө” гэв.

Эрүүгийн 1903002780193 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Т.Тын: “2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр эхнэрийн хамт гэрээс гараад эмийн сан орох санаатай Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн гэр хороолол дундах шинээр тавьсан замын зүүн талаар хойноос урагшаа чиглэлтэй алхаж явтал миний урд явж байсан эхнэр “хөөш араас чинь машин” гээд орилтол эргэж харахын завдалгүй араас машин ирээд айлын модон хашаатай хавсарч намайг мөргөөд зогссон. Тэнд байсан хүмүүс машиныг урагш түрж холдуулаад намайг гаргасан. Жолооч нь эмэгтэй хүн байсан. 102,103 луу дуудлага өгөөд түргэн тусламж ирээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч очоод “сүүж умдаг яс хугаралтай байна” гээд хэвтэн эмчлүүлсэн. ...Сүүж умдаг яс хугаралтай, нурууны сэртэн хугаралтай, зүүн хөлийн тагалзуур яс хугарсан гэж байсан. Одоо биеийн байдал дээрдсэн хөл дээрээ зогсоод ойрхон явж байгаа. Би өөрөөсөө мөнгө зарцуулаагүй. Жолооч эмчилгээний мөнгийг гаргаж байгаа. Би хувиараа гагнуур хийгээд өдөрт 30,000-40,000 төгрөг олдог...” гэх мэдүүлэг /хх-16-17/,

Гэрч О.Мөнхцэцэгийн: “2019 оны 3 дугаар сарын 17-ны орой 20 цаг 30 минутын үед охин Бийн 38-40 УНВ улсын дугаартай Тоёота Эстима маркийн машины жолоочийн хажууд суугаад ...урдаас хойш чиглэлтэй өгсөөд явж байтал гэнэт машин нь унтраад машин хойшоо чигээрээ ухарсан. Охин “яанаа хойшоо ухарлаа” гээд чарлаад ...охин машинаас буугаад “хүн мөргөчихлөө” гэхээр нь би тойрч очоод харсан чинь машин хашаа хоёрын хооронд хүн хавчуулагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-19/,

Гэрч Т.Валериановнагийн: “...20 цаг өнгөрч байхад нөхөр Тын хамт эм авах гээд Дунд нарангийн гэр хороолол дундах шинэ тавигдсан засмал замын зүүн талаар хойноос урагш чиглэлтэй алхаад явж байсан. Бид хоёрын хажуугаар нэг цагаан өнгийн машин зөрөөд гарснаа удалгүй ард “түр тар” гээд чимээ гарахаар нь эргээд хартал тэр машин манай нөхрийг машиныхаа хойд хэсгээр замын боржур давж ирээд мөргөсөн. Нөхөр машин хашаа хоёрын хооронд бүсэлхий хэсгээрээ хавчуулагдчихсан байсан. Тэр хавьд явж байсан хүмүүсийн хамт машиныг түрж урагшлуулаад Тыг машин доороос гаргасан. Тэр машины жолооч эмэгтэй хүн байсан. “Гэмтлийн эмнэлэг рүү авч явъя” гэхээр нь “үгүй, түргэн тусламж дуудна” гээд түргэн тусламж ирээд Тыг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-21/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.03.27-ны өдрийн 3564 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Т.Т-н биед хоёр талын умдаг ясны дээд, доод салааны хугарал, хоёр талын сүүжний тогооны урд дээд ирмэгт хугарал, баруун ташаа ясанд хугарал, бүсэлхийн 5-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн тахилзуур ясны хугарал, баруун сарвууны ядам, долоовор хуруунд шарх, баруун сарвууны ар хэсэг болон дунд хуруу, зүүн сарвууны ар, оочны доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна” гэжээ /хх-24/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019.3.30-ны өдрийн 54 дүгээр дүгнэлтэд: “1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангаж байна. Тоормосны аппарат, зогсоолын тоормосны ажиллагаа, жолооны механизм, дуут дохио, баруун болон зүүн гар талын урд хойд бүх дохионы гэрэл, шил арчигч хэвийн, дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил байна. Урд салхины шил цуурч хагарсан, улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй зэрэг гэмтэлтэй байна. ...хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги, хөдөлгүүр, хурдны хайрцаг бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв. 3. Урд салхины шил цуурч хагарсан, зүүн гар талын хойд крыло бага зэрэг хонхойж будаг халцарсан, улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй зэрэг гэмтлүүд нь ослын өмнө ашиглалтын явцад үүссэн байна. 4. Урд салхины шил цуурч хагарсан, зүүн гар талын хойд крыло бага зэрэг хонхойж будаг халцарсан, улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй зэрэг гэмтлүүд нь осолд нөлөөлөхгүй. 5. Уг автотээврийн хэрэгслийн шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Автотээврийн хэрэгслийн урд болон хойд хоёр дугуйн ажлын тоормос, зогсоолын хэвийн ажиллагаатай байна...” гэжээ /хх-31-38/,

Мөрдөгчийн 2019.04.16-ны өдрийн 161 дүгээр магадлагаанд: “1.Явган зорчигч Т.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2. Тоёота Истима маркийн 38-40 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ /хх-38/,

Шүүгдэгч М.Бийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 17-ны 20 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн 38-40 УНВ улсын дугаартай Тоёота Эстима маркийн машин жолоодоод Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн гэр хороолол дундах шинэ тавигдсан замаар урдаас хойш чиглэлтэй өгсөөд явж байтал эргэлттэй хэсэг дээр гэнэт миний машин унтарчихсан. Тормосоо гишгэсэн чинь ажиллахгүй сул гишгэгдсэн. Машин хойшоо алдаад ухарсан тормосоо гишгээд ажиллахгүй болохоор гар тормосоо гишгэсэн боловч зогсоогүй. Хойшоо алдаад юм мөргөөд зогссон. Буугаад харсан чинь машины ард нэг ах мөргөчихлөө гээд машин хашаа хоёрын голд хавчигдсан байсан. Тэгээд би ээж болон тэнд явж байсан хүмүүсийн хамт машинаа түрээд боржур дээрээс буулгаад тэр ахыг гаргасан. Тэр дор нь суулгаад “зүгээр үү ахаа” гэсэн чинь тэр ах халамцуу, “Хөл жоохон өвдөөд байна, ахдаа нэг цетромон аваад өгчих” гэхээр нь би түргэн тусламж, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-49-50/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-8/, жолоочийн болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12, 13/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-61/, хохирлын баримтууд /хх-63-68/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хохирол төлбөртэй холбоотой 8 хуудас, хохирогчийн гаргаж өгсөн 8 хуудас хохирлын баримтыг тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. Хохиролд 1.471.150 төгрөгийг төлсөн. Энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй. Хоол хүнс, бензиний мөнгө орсон. Хохирогчийн тэтгэврийн зээл нь хэрэг гарахаас өмнө авсан, гагнуур хийдэг гэх боловч нотлогдоогүй тул жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу дээр маргах зүйлгүй. 708.370 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж үзэхгүй байна. Гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролтой холбоогүй нэхэмжлэл гэж үзэж байна. Тэтгэврийн зээл бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш байна” гэж,

хохирогч “Өнөөдөр гаргаж өгсөн баримттай хохирол 708.370 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Б нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн далангийн замд 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 32 минутын орчимд “Тоёота Истима” маркийн 38-40 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-д заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Тыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Т.Тын “...машин орж ирээд айлын модон хашаатай хавсарч намайг мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх-16-17/, гэрч О.Мөнхцэцэгийн “...гэнэт машин нь унтраад машин хойшоо чигээрээ ухарсан. ...Охин машинаас буугаад “хүн мөргөчихлөө” гэхээр нь би тойрч очоод харсан чинь машин хашаа хоёрын хооронд хүн хавчуулагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-19/, гэрч Т.Валериановнагийн “...Т ...бид хоёрын хажуугаар нэг цагаан өнгийн машин зөрөөд гарснаа удалгүй ард “түр тар” гээд чимээ гарахаар нь эргээд хартал тэр машин манай нөхрийг машиныхаа хойд хэсгээр замын боржур давж орж ирээд мөргөсөн. Манай нөхөр машин хашаа хоёрын хооронд бүсэлхий хэсгээрээ хавчуулагдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-21/, шүүх эмнэлгийн 3564 дүгээр “1.Т.Т-н биед хоёр талын умдаг ясны дээд, доод салааны хугарал, хоёр талын сүүжний тогооны урд дээд ирмэгт хугарал, баруун ташаа ясанд хугарал, бүсэлхийн 5-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн тахилзуур ясны хугарал, баруун сарвууны ядам, долоовор хуруунд шарх, баруун сарвууны ар хэсэг болон дунд хуруу, зүүн сарвууны ар, оочны доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-24/, мөрдөгчийн 161 дүгээр “1.Явган зорчигч Т.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2.Тоёота Истима маркийн 38-40 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-38/, шүүгдэгч М.Бийн яллагдагчаар өгсөн “...өгсөөд явж байтал эргэлттэй хэсэг дээр гэнэт миний машин унтарчихсан. Тормосоо гишгэсэн чинь ажиллахгүй сул гишгэгдсэн. Машинаа хойш алдаад юм мөргөөд зогссон. Буугаад харсан чинь машины ард нэг ах мөргөчихлөө гээд машин хашаа хоёрын голд хавчигдсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-49-50/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-8/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч М.Бийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас хохирогч Т.Тын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Тын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээнд 1.471.150 төгрөгийг зарцуулсан баримт /хх-64-68, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт/-ыг гаргаж өгсөн, уг баримтын хүрээнд хохирол төлснийг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч хүлээн зөвшөөрч маргаагүйг тэмдэглэж байна. Хохирогчоос шүүх хуралдаанд гаргаж өгсөн 708.370 төгрөгийн нотлох баримтаас энэ хэрэгт хамааралгүй буюу гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанаас өмнөх үеийн шатахуун авсан, хүнсний зүйл тэр дундаа согтууруулах ундаа авсан гэх зардлын баримтуудыг /нийт үнийн дүн 220.940 төгрөг/ хангахаас татгалзах шийдвэрлэлээ. Үлдэгдэл 487.430 төгрөгийг шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад банкаар шилжүүлсэн 500.000 төгрөгөөр хийлгэсэн эмчилгээ, эм тарианы болох нь уг баримтуудын огноо болон хохирогчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон тул төлөгдсөн гэж үзэн шүүгдэгч М.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзлээ.

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой /тэтгэврийн зээл болон ажилгүй байсан хугацааны цалинтай/ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна.       

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар М.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,  

шүүгдэгчийн өмгөөлөгч “Болгоомжгүйгээр үйлдэгдсэн, хөнгөн гэмт хэрэг байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хорих ял эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү. Хувийн байдлын хувьд 11 настай хүүхэдтэй, хүүхэд нь 2019 оны 5 дугаар сарын 02-нд мөн зам тээврийн осолд орсон, эх нь хөдөлмөрийн чадваргүй тул үүнийг харгалзаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /болгоомжгүйгээр үйлдсэн, тээврийн хэрэгслийнхээ бүрэн гүйцэд эсэхэд анхаараагүй байдал нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эмчилгээний бодит зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн гэмтэл бүрэн эдгэрээгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эх, охины хамт амьдардаг, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, ам бүлийн байдал/-ыг тус тус харгалзан шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хор уршгийг арилгах талаар илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч М.Бт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч М.Бийн жолоочийн В ангиллын 1204949 дүгээр үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэж байна.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Цомог овогт Мөнхцэцэгийн Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч М.Бт тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, М.Бийн жолоочийн В ангиллын 1204949 дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Хохирогч Т.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР