| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00666/И |
| Дугаар | 797 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 797
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаарт багт байрлах, Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Хяргас сумын Хайрхан багт оршин суух Манжингийн Батзоригт холбогдох,
Гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 1.261.853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын дарга Г.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн М.Батзориг нь 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тус аймгийн Хяргас сумын Хайрхан багийн нутагт “Ендэртийн овоо” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 8.0234 м.куб хэрэглээний шинэс мод бэлтгэж ойн санд 1.261.853 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Прокурор иргэн М.Батзоригт холбогдох хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иргэн Батзоригт нь ойн санд учруулсан 1.261.853 төгрөгийн хохирлоо өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй, төлбөрийг төлж барагдуулах талаараа санаачилга гаргахгүй байх тул уг хохирлыг иргэн М.Батзоригоос гаргуулж Хяргас сумын төрийн сангийн дансанд тушаалгахыг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.Батзориг шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Прокурорын газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь 2014 онд Хяргас сумын Хайрхан багийн нутаг Ендэртийн овоо гэх газраас зөвшөөрөлгүй шинэс мод бэлтгэж ойн санд 1.261.853 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь хариуцагч М.Батзоригоос гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 1.261.853 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Батзориг нь нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлага болох гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 1.261.853 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч М.Батзоригийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч М.Батзориг нь нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 1.261.853 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34.834 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч М.Батзоригоос 17.417 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 1.261.853 /нэг сая хоёр зуун жаран нэгэн мянга найман зуун тавин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Батзориг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Батзоригоос 17.417 /арван долоон мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөг гаргуулан төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ