| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0166/Э |
| Дугаар | 0193 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 0193
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Гантулгыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908061680185 дугаар хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхэд, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржгон овогт Батбилэгийн Г /РД:
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн , ын 68-18 тоотод гэртээ “Гэрийн ажил хийсэнгүй, тоглоом тоглосон” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Аг боож, алгадах зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хамрын ясны хугарал, зүүн завьж, хүзүүний зүүн хажуу хэсэгт зулгаралт, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун мөрний дээд талд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр амарч байсан. Намайг утсаар PUBG тоглож байхад “босооч” гээд нуруу руу халбаганы ар хэсгээр хатгасан. Хүүхэд бас халбага бариад ирсэн. Тэгэхээр нь “хүүхдэдээ буруу үлгэр дуурайл боллоо” гэж хэлсэн. Тэгээд маргалдсан. А “хувцсаа аваад явна” гэхээр нь булааж авахаар ноцолдсон. Сууж байхад нь татаж босгоод алгадсан. 100.000 төгрөгөөр хамрыг нь эмнэлэгт очиж янзлуулсан. Одоо ажил хийж байгаа, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1908061680185 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Агийн: “Гтай 2015 онд анх танилцаад тэдний гэрт амьдардаг байсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй боловч дундаасаа 3 настай хүүтэй. ...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 10 цагийн үед Г бид хоёр гэртээ амарч байхад “чи ороо хураагаад гэрээ цэвэрлэ” гэхэд Г гар утсаараа “PUBG” тоглоод босохгүй байсан. Тухайн үед Г тэр тоглоомыг ер нь тоглох гээд байдаг болсон байсан. Би тоглуулахгүй гэж Гантулгыг орон дээр хэвтэж байхад араас нь гар, цээж хэсэг рүү нь сэрээний ар талаар хатгаад “босооч, босооч” гэсэн. Тэгтэл Г ямар нэгэн зүйл хэлэхгүй хэвтээд байхаар нь дахин очоод хөл гараас нь чимхсэн чинь уурлаад босч ирээд цамцны захаар хоолой боож, гарынхаа алга хэсгээр хамар луу алгадаж унагаагаад гэрээс гараад явсан. Хамраас цус гараад байсан. Миний биед учирсан гэмтлийг Г цамцны захаар боож хүзүүнд зулгаралт, гараараа алгадаж хамар, уруул гэмтээсэн. Мөр болон шуунд учирсан гэмтлийг намайг боох үед ноцолдож байхад учирсан байх. ...Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон эмчлүүлсэн талаар төлбөрийн баримт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-23-24/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.11.22-ны өдрийн 14009 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Агийн биед хамрын ясны хугарал, зүүн завьж, хүзүүний зүүн хажуу хэсэгт зулгаралт, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун мөрний дээд талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд гэмтэл авсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюул учруулахгүй. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-26/,
Гэрч Ё.Ганчимэгийн: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө нөхөр бид хоёр ажилдаа явсан. Гэрт Г, А нар хүү Дөлгөөний хамт үлдсэн. Орой ирэхэд Г, А нар гэртээ байхгүй, хүүхдээ аавынд үлдээгээд явсан байсан. Аавын гэрт орсон чинь хоорондоо маргалдаад Гантулгыг цагдаа нар ирээд аваад явсан. А эмнэлэг явсан гэж хэлсэн. Орой ирээд хувцсаа аваад явсан. ...Хэд хоногийн дараа А гэртээ буцаж ирээд эвлэрчихсэн байсан. Одоо манай гэрт хүүгийн хамт амьдарч байгаа. Тэр цагаас хойш маргалдаж муудалцсан зүйл байхгүй. ...Агийн уруул дотор талдаа бага зэрэг язарсан, хамар нь хавдсан байсан. Маргалдаж муудалцсаны дараа манай хажууд байдаг аавын гэрт А хүүгээ оруулж өгөөд явахдаа Г зодчихлоо гэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-31-32/,
Шүүгдэгч Б.Гантулгын яллагдагчаар өгсөн: “Би эхнэр Атай анх 2015 онд танилцаад 2017 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. ...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ орондоо хүүгийнхээ хамт гар утсаараа “PUBG” тоглоод хэвтэж байхад А “босоод ороо хураагаад, гэр орноо цэвэрлээрэй” гэж хэлсэн. Би амарч байгаа юм чинь хэсэг хугацаанд тоглож байгаад босох санаатай хэвтэж байхад А хүрч ирээд мөр хэсэг рүү гараараа нудраад “босооч” гээд байхаар нь би “удахгүй бослоо” гэсэн. Удалгүй А хоол хийж байгаад дахин хүрч ирээд намайг дээшээ хараад хэвтэж байхад сэрээний ар хэсгээр гэдэс рүү хатгаад байхаар нь би Ад хандаж уурлангуй “чи одоо болиоч, хүүхэд хараад чамайг дуурайгаад байна, одоо бослоо” гэхэд гар утсыг шүүрээд авахаар нь би босоод ороо хурааж эхэлсэн. ...А уурлаад гадуур хувцсаа өмсөөд эхлэхээр нь би “чи хаачих гэж байгаа юм” гэхэд “хаачсан ч яадаг юм” гэхээр нь миний уур хүрээд хувцсыг булааж авахаар түлхэж ор луу унагаахад араас хөлөөрөө жийхээр хөлийг нь барьж аваад цааш түлхээд хувцсыг авсан чинь А өгөхгүй гээд надтай ноцолдоод байсан. Би цамцны захнаас дээш татаж босгоод гарынхаа алга хэсгээр нэг удаа нүүр лүү нь алгадсан. ...Би үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа тул хуулийн хариуцлага оногдуулахад татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-88-91/,
зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-46/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /х-47/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-48/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-49/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-50/, банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-51-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/, прокурорын 2016.12.08-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /хх-61/, хоногийн бодит дуудлага /хх-64/, Сонгинохайрхан дүүргийн ны тодорхойлолт /хх-66/, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-68-69, 70-76/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн , ын 68 дугаар гудамж, 18 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Аг зодож, хамрын ясны хугарал, зүүн завж, хүзүүний зүүн хажуу хэсэгт зулгаралт, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун мөрний дээд талд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Агийн “...Г ...цамцны захаар хоолой боож, гарынхаа алга хэсгээр хамар луу алгадаж унагаагаад гэрээс гараад явсан. Тэгтэл хамраас цус гараад...” гэх мэдүүлэг /хх-23-24/, гэрч Ё.Ганчимэгийн “...Г, А ...маргалдаад Гантулгыг цагдаа нар ирээд аваад явсан. ...А хүүгээ оруулж өгөөд явахдаа “Г намайг зодчихлоо” гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-31-32/, шүүх эмнэлгийн 14009 дүгээр “1.Б.Агийн биед хамрын ясны хугарал, зүүн завьж, хүзүүний зүүн хажуу хэсэгт зулгаралт, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун мөрний дээд талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд гэмтэл авсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-26/, шүүгдэгч Б.Гантулгын яллагдагчаар өгсөн “...түлхэж ор луу унагаахад араас хөлөөрөө жийхээр хөлийг барьж аваад түлхээд хувцсыг авсан чинь А өгөхгүй гээд ноцолдоод байсан. Би цамцны захнаас дээш татаж босгоод гарынхаа алга хэсгээр нэг удаа нүүр лүү нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх-88-91/, гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-68-69, 70-76/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Гантулгын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Агийн хоолойг боож, алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Бид хоёр эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-97/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Гд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгч “Одоо ажил хийж байгаа. Ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас буюу гар утсаар тоглоом тоглуулсангүй гэх шалтгаар хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хамрын ясны хугарал, зулгаралт, цус хуралт, няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /“Нано Интернэйшнл” ХХК-д түгээгч ажилтай/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Б.Гантулгыг 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Батбилэгийн Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгыг 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Гантулгыг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР