| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0170/Э |
| Дугаар | 0197 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 0197
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008004270195 дугаар хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн командын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт суух бүртгэлтэй, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Амаржаргалын Б /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч А.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны орой 22-23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн , н 7 дугаар гудамж, 800 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Аыг “чиний охин чинь яах гэж утсаар залгаад байгаа юм” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, Б.Аын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн бугалганд цус хуралт шарх бүхий гэмтэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хохирогчтой эвлэрээд хамт амьдарч байгаа. Гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би эмчилгээ хийлгэж өгсөн. Согтуурсан үедээ ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Дахин хэрэг хийхгүй” гэв.
Эрүүгийн 2008004270195 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Аын: “Би Бтай хамтран амьдраад 3 жил болж байна. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны 19 цагийн үед Дорнод аймагт амьдардаг багын найз ирээд тус бүр 1 шил пиво уусан. 21 цагийн үед гэртээ ирэхэд Б нилээн согтуу байсан. Гэртээ ганцаараа архи уусан байсан. Би “ганц өдөр архи уухгүй байж болохгүй байна уу” гээд загнахад “чамд хамаагүй, би өөрийнхөө архийг өөрөө ууж байна” гээд маргалдахаа болиод унтах гэж байтал охин залгахад уурлаад “танай охин яахаараа залгадаг юм бэ” гээд агсраад нүүрэн тус газар 1 удаа өшиглөсөн. Миний уруул шууд сэтэрсэн. Алгадах гээд байхаар нь гараараа хамгаалсан. ГССҮТ-д дотроо 5 оёдол, гадна 1 оёдлоор оёулсан. ...Надад гомдол санал байхгүй. Сайн дураараа эвлэрсэн.
...Уруул шарх, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн бугалганд цус хуралт гэмтлийн А.Б 2020 оны 01 дүгээр сарын 10-нд зодохдоо учруулсан. Уруул руу өшиглөөд, эрүү зөөлөн эдийн няцрал учирсан. Зүүн бугалга гэмтлийг алгадаж, ноцолдохдоо учруулсан. Баруун бугалганы түлэнхий шарх нь зодуулахаас 2 хоногийн өмнө шал угааж байхдаа гар утас дуугараад босохдоо гэрийнхээ янданд түлсэн” гэх мэдүүлэг /хх-10, 11/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.01.29-ний өдрийн 1898 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Аын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн бугалганд цус хуралт, баруун бугалга, тохойд түлэнхийн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо болон өндөр хэмийн үйлчлэлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаатай ойролцоо цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-22-23/,
Шинжээч Г.Ханхүүгийн: “Уруулд шарх, зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-20/,
Гэрч А.Анужингийн: “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ээжийн гэрт 23 цагийн үед очиход ээж А зодуулсан, уруул нь сэтэрсэн, цус гарсан байсан. ...Эмнэлэгт очиход ээжийн уруулыг “сэтэрсэн байна” гээд оёдол тавьсан. Ээжийнхээ гэрт очсон шалтгаан нь гар утсаар ярихад Б ах агсраад байхаар нь санаа зовоод очсон...” гэх мэдүүлэг /хх-16/,
Шүүгдэгч А.Бы яллагдагчаар өгсөн: “Аын хамт 2017 оноос уг хаяган дээр амьдарч байна. ...2020 оны 01 дүгээр сарын 10-ны 16 цагийн үед хамтран амьдрагч Аын найз нь Дорнод аймгаас ирээд бид гурав гэртээ 1 шил 0,5 литрийн архи хувааж уугаад найз дахиад 1 шил архи аваад уусан. Тэгээд би нилээн согтсон. Яг юунаас болж маргалдсан талаар гэвэл эхнэр намайг “гадуур хаяж явлаа” гээд хардаад, өшиглөсөн. Тэгээд маргалдаад, алгадаад нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-50-51/,
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд гаргасан А.Аын өргөдөл /хх-3/, Сонгинохайрхан дүүргийн ны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-26-37/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-39/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-56/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тодорхойлолт /хх-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/, хохирогчийн “Бтай эвлэрч, хамт амьдрах боллоо” гэх гар бичвэр /хх-71/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,
шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргаж өгсөн эмнэлгээс өвчтөн илгээх хуудсыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Б согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 10-ны 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн , н 7 дугаар гудамж, 800 тоот гэртээ хамтран амьдрагч А.Аыг зодож, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн бугалганд цус хуралт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Аын “...Б нилээн согтуу байсан. ...“танай охин яахаараа залгадаг юм бэ” гээд агсраад нүүрэн тус газар 1 удаа өшиглөсөн. Миний уруул шууд сэтэрсэн...” гэх мэдүүлэг /хх-10/, гэрч А.Анужингийн “...Ээж зодуулсан, уруул нь сэтэрсэн, цус гарсан байсан. Эмнэлэгт очиход ээжийн уруулыг “сэтэрсэн байна” гээд оёдол тавьсан. Утсаар ярихад Б ах агсраад байхаар нь санаа зовоод очсон...” гэх мэдүүлэг /хх-16/, шүүх эмнэлгийн 1898 дугаар “1 .Б.Аын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн бугалганд цус хуралт, баруун бугалга, тохойд түлэнхийн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-22-23/, шүүгдэгч А.Бы яллагдагчаар өгсөн “...би нилээн согтсон. ...Маргалдаад, алгадаад нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-50-51/, Сонгинохайрхан дүүргийн ны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-26-37/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-39/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Бы согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Аыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал байхгүй. Сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-10/, “Бтай эвлэрч, хамт амьдрах боллоо” гэх гар бичвэр /хх-71/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх сан. Шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, эд хөрөнгө, тээврийн хэрэгсэлгүй, дансны хуулга байхгүй тул торгох ял оногдуулах боломжгүй...” гэж,
шүүгдэгч “Согтуурсан үедээ ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол саналгүй, эвлэрсэн” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, мөн биеийн байдал зүрхний шигдээс, цочмог үе, дунд эрсдэлтэй гэх оноштой/-ыг болон шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Амаржаргалын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР