Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 796

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ61111003, Баяуд овогт Цэвээний Батцэцэгийн,

        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Ц.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1961 онд төрсөн, 55 настай. Би 1979 оны 10 дугаар сарын 04-нөөс Увс аймгийн төвийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт асрагчаар ажиллаж эхэлсэн. Асрагчаар 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад дараа нь үйлчлэгчээр ажиллаж болсон. Үйлчлэгчээр 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажиллаад 1994 оны 10 дугаар сарын 07-ноос 1994 оныг дуустал асрагчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт нь дутуу, ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаалууд олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд дээрх онуудад ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ц.Янжмаа, Б.Батхүү нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Батцэцэг нь 1979 оны 10 дугаар сарын 04-нөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

        Увс аймгийн Архивын тасгийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Цэвээний Батцэцэгийн 1989 оноос 1993 оныг дуустал Увс аймгийн төвийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт асрагчаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

     Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 344 дүгээр архивын лавлагаанд: “Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1984 оны тушаал, 1994 оны цалингийн баримтыг шүүн үзэхэд Цэвээн овогтой Батцэцэгтэй холбогдох баримт гараагүй нь үнэн болно. Нэгдсэн эмнэлгийн 1988 оноос өмнөх цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Ц.Батцэцэгийн цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.

         Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанаас Ц.Батцэцэгт олгосон 636251 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1979 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллуулав, 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Асрагчийн ажлаас чөлөөлж, амбулаторид үйлчлэгчээр ажиллуулав” гэжээ.

        Увс аймгийн төвийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1979 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 130 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: ”...Дотрын тасгийн асрагч Уртнасан өвчтэй тул оронд нь ХНХ-ийн хэлтсийн 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 491 тоот шилжүүлгээр шилжиж ирсэн Батцэцэгийг 1979 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дотрын тасагт асрагчаар түр томилон ажиллуулсугай” гэжээ.

          Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 129 дүгээр “Ажилд түр томилох тухай” тушаалд: “Дотрын тасгийн асрагч амарсан тул Батцэцэгийг 10 дугаар сарын 07-ны өдрөөс асрагчаар ажиллуулсгай” гэжээ.

     Эрүүлийг хамгаалах газрын Намын үүр, Нэгдсэн эмнэлгийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1985 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 1988 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр, 1989 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, 1991 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Ц.Батцэцэгийг шагнаж байсан гэрчилгээ, итгэл найдвар даалгавар, баярын бичгүүд хэрэгт авагдсан байна.

       Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Батхүү, Ц.Янжмаа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Батхүү “Миний бие нь 1985 оноос 2016 он хүртэл Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газар буюу Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт механикч, жолоочоор ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж эхлэхэд Ц.Батцэцэг нь Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд 1994 оныг дуустал ажиллаж байсан. Ц.Батцэцэг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөж байсан. Тухайн үед Нэгдсэн эмнэлгийн даргаар Буяндэлгэр, Батжаргал, Оюундэлгэр гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ц.Янжмаа “Миний бие нь 1985 оноос одоог хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт амбулаторийн тасагт асрагч, цаг бүртгэгч, лавлагааны ажилтнаар ажиллаж байна. Намайг тус газарт ажилд орох үед Ц.Батцэцэг нь Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд 1994 оныг дуустал ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөж группт орж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

       Увс аймгийн төвийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1979 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 130 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд Ц.Батцэцэгийн нэрийг засвартай бичсэн байх боловч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй тус тушаалын огноо, дугаар нь таарч байх тул Ц.Батцэцэгийг ажилд томилсон тушаал гэж үзэх нь зүйтэй.

       Ц.Батцэцэгийн хөдөлмөрийн дэвтэрт 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хйош бичилт хийгдээгүй, Увс аймгийн Архивын тасгаас түүний 1989 оноос 1993 оныг дуустал ажиллаж байх хугацаандаа авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн боловч нэхэмжлэгч нь 1984 оны 4 дүгээр сарын 01-нээс 1988 оныг дуустал, 1994 онд ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 129 дүгээр “Ажилд түр томилох тухай” тушаал, Эрүүлийг хамгаалах газрын Намын үүр, Нэгдсэн эмнэлгийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1985 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 1988 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр, 1989 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, 1991 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Ц.Батцэцэгийг шагнаж байсан гэрчилгээ, итгэл найдвар даалгавар, баярын бичгүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

          Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Батцэцэг нь 1979 оны 10 дугаар сарын 04-нөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанаас түүнд олгосон 636251 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн төвийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1979 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 130 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 129 дүгээр “Ажилд түр томилох тухай” тушаал, Эрүүлийг хамгаалах газрын Намын үүр, Нэгдсэн эмнэлгийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1985 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 1988 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр, 1989 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, 1991 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Ц.Батцэцэгийг шагнаж байсан гэрчилгээ, итгэл найдвар даалгавар, баярын бичгүүд, гэрч Б.Батхүү, Ц.Янжмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

           Иймд нэхэмжлэгч Ц.Батцэцэгийн хүсэлтийг хангаж, түүний Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1979 оны 10 дугаар сарын 04-нөөс 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар 4 жил 5 сар 27 хоног, 1984 оны 4 дүгээр сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр 10 жил 6 сар 6 хоног, 1994 оны 10 дугаар сарын 07-ноос 1994 оныг дуустал асрагчаар 2 сар 23 хоног, нийт 15 жил 2 сар 26 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.               

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Баяуд овогт Цэвээний Батцэцэгийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1979 оны 10 дугаар сарын 04-нөөс 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар 4 /дөрөв/ жил 5 /тав/ сар 27 /хорин долоо/ хоног, 1984 оны 4 дүгээр сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр 10 /арав/ жил 6 /зургаа/ сар 6 /зургаа/ хоног, 1994 оны 10 дугаар сарын 07-ноос 1994 оныг дуустал асрагчаар 2 /хоёр/ сар 23 /хорин гурав/ хоног, нийт 15 /арван тав/ жил 2 /хоёр/ сар 26 /хорин зургаа/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.              

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ц.Батцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ