Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 633

 

 

 

 

 

 

 

 

     2019           6           10                                         2019/ШЦТ/633

         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908016340602 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засалчин мэргэжилтэй, ам бүл 5, ах, эх, дүү нарын хамт тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 213 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 616 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгэгдсэн, Боржигон овогт Мэндсайханы А /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч М.А нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар автобусны буудлаас автобусанд зорчиж явсан иргэн Б.Уын үүргэвчээс “Apple” брендийн “Ipad Air-2” маркийн rap утас, кейсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж 639.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Намир” худалдааны төвийн урд явж байсан Б.Батчимэгийн халааснаас “Самсунг Эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж 260.000 төгрөгийн хохирол буюу нийт 899.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Барилга дээр ажилладаг, архи уусан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1908016340602 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Шүүгдэгч М.А нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар автобусны буудлаас автобусанд суун Ханын материалын чиглэлд зорчиж явахдаа хохирогч Б.Уын үүргэвчээс “Apple брендийн “Ipad Air-2” маркийн rap утас, кейсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж 639.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Б.Уын: “2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг 50 минутын үед Баруун 4 замд байрлах ажлаасаа гараад автобусны буудлаас 19 цаг 00 минутын орчимд “ХМК офицер” гэсэн автобусанд суугаад явж байсан. 32-н автобусны буудлаас нэг согтуу эрэгтэй хүн автобусанд хүмүүсийн анхаарал нилээн татаж орж ирээд миний хажууд зогсоод миний араас түлхээд байсан. Би хар цүнхэн дотроо эд зүйлсээ хийчихсэн хажуудаа үүрчихсэн зогсож байсан. Миний араас түлхээд байсан ах Сүлжмэлийн автобусны буудал дээр буух гээд голын хаалганы хажууд зогсож байхад нь миний хажууд зогсож байсан хүмүүс “чиний цүнхнээс гар утсыг чинь хулгайлчихлаа” гэж хэлсэн. Би сандраад цүнх рүүгээ хартал цүнхний цахилгаан онгорхой байхаар нь нөгөө миний ард зогсож байсан ахыг хартал миний I pad-ийг өвөртөө хийгээд гараараа барьчихсан булан нь харагдаж байсан. Би сандраад “юмаа авъя ахаа” гээд орилоод араас нь буух гэхэд автобусны хаалга хаагдаад автобус хөдлөөд явчихсан. Би Сүлжмэлийн автобусны буудал дээр бууж чадаагүй болхоор дараагийн автобусны буудал дээр буугаад цүнхэн дэх эд зүйлсээ шалгахад миний цүнхэнд байсан “Ipad air 2” маркийн аяпад, падны кейс хоёр байхгүй байсан. Би хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчдад эд зүйлсээ алдсан тухайгаа хэлж Сүлжмэлийн автобусны буудлын ойр орчим тэр ахыг нилээн хайсан ч олж чадаагүй тул цагдаагийн хэлтэс дээр очсон. Нэг цагдаа миний эд зүйлийг хулгайлсан хүний зургийг үзүүлээд “энэ хүн мөн үү” гэж асууж байсан. Би мөн гэхэд “за удахгүй олчих байх” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-21-22/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.04.03-ны өдрийн СХЗ-19-231 дүгээр тайланд: “Тус үнэлэгдэж байгаа хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 639.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-24-25/,

Шүүгдэгч М.Аийн: “Би хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-32-34/,

хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөгчийн тогтоол /хх-1/, гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-11-14/, хохиролд “350.000 төгрөг төлсөн” тухай тэмдэглэл /хх-36, 37/,

Хохирогч Б.Батчимэгийн: “2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед би ажлынхаа 2 хүнтэй хамт явж байсан. “Намир” төвийн “Начин заан” ломбардны урд явж байхад миний халаас руу гар орох шиг болсон. Тухайн үед гар утсаа үзэхэд халаасанд маань байхгүй байсан. Эргээд хартал ард нэг өндөр залуу байсан. “Миний гар утсыг өг” гэж хэлэхэд тэр залуу “намайг нэгжихгүй юу” гэж хэлсэн. Би тухайн хүний ил халаасуудыг тэмтэрч үзсэн, байхгүй байсан. Тэр миний ард зогсож байсан хүн өөр 3 хүний хамтаар “Миний дэлгүүр” чиглээд явсан...” гэх мэдүүлэг /хх-80, 118/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.03.29-ний өдрийн СХЗ-19-218 дугаар тайланд: “Үнэлгээний дүн 260.000 төгрөг” гэжээ /хх-88-89/,

Шүүгдэгч М.Аийн: “Би 2019 оны 02 дугаар сард өдрийг нь санахгүй байна Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төв дээр явж байсан. Цэцгийн мандал дээр сууж байхад миний урдуур нэг эмэгтэй алхаад өнгөрч байхад гар утас нь халааснаас цухуйж унах гэж байхаар нь араас нь би очоод тэр эмэгтэйн халааснаас гар утсыг татаад авахад тэр эмэгтэй мэдээгүй цаашаа алхаад яваад өгсөн. Хархорин орж замын хүнд 80.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-97-98/,

хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-68/, хохирогч Б.Батчимэгийн “...хохирлын мөнгө 350.000 төгрөгийн хүлээн авсан учир өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-69/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-119-120/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-101/, таслан шийдвэрлэх тогтоол болон шийтгэх тогтоолын хуулбар /хх-106-107, 111-112, 108-109/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-116/, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолтын хуулбар /хх-121/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Хохирогч Батчимэгт төлөх төлбөргүй” гэж,

шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.А нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс автобусанд суун зорчин явахдаа хохирогч Б.Уын үүргэвчээс “Apple” брэндийн “Ipad air 2” гар утсыг утасны гэрийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Уын “...32-н автобусны буудлаас нэг согтуу эрэгтэй хүн автобусанд хүмүүсийн анхаарал нилээн татаж орж ирээд миний хажууд зогсоод араас түлхээд байсан. Миний араас түлхээд байсан ах Сүлжмэлийн автобусны буудал дээр буух гээд голын хаалганы хажууд зогсож байхад нь миний хажууд зогсож байсан хүмүүс “чиний цүнхнээс гар утсыг чинь хулгайлчихлаа” гэж хэлсэн. Би сандраад цүнх рүүгээ хартал цүнхний цахилгаан онгорхой байхаар нь нөгөө миний ард зогсож байсан ахыг хартал миний I pad-ийг өвөртөө хийгээд гараараа барьчихсан булан нь харагдаж байсан. Би сандраад “юмаа авъя ахаа” гээд орилоод араас нь буух гэхэд автобусны хаалга хаагдаад автобус хөдлөөд явчихсан...” гэх мэдүүлэг /хх-21-22/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.04.03-ны өдрийн СХЗ-19-231 дүгээр “Тус үнэлэгдэж байгаа хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 639.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-24-25/, шүүгдэгч М.Аийн яллагдагчаар өгсөн “Би хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-32-34/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-11-14/, хохиролд “350.000 төгрөг төлсөн” тухай тэмдэглэл /хх-36, 37/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч М.Аийн хохирогч Б.Уын үүргэвчээс 639.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, гар утасны гэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Харин прокуророос 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Б.Батчимэгийн халааснаас “Самсунг Эс-7” маркийн гар утсыг хулгайлж 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь хууль зөрчжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцох хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уад 639.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, “Дамно” ХХК-д 18.000 төгрөгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гарчээ. Үүнээс хохирогч Б.Уад 350.000 төгрөг төлсөн нь хохирол барагдуулсан тэмдэглэл /хх-36, 37/-ээр тогтоогдож байна. Шүүгдэгч М.Аээс нийт 307.000 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч Б.У /Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 48-10-85, РД-ТА96122629/-д 289.000 төгрөгийг, “Дамно” ХХК /Сүхбаатар дүүрэг, Элчингийн гудамж, Скай плаза бизнес төв, 3 давхар/-д 18.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, мөн 2 удаа гэмт хэрэг үйлдсэн ч сүүлийн 10 гаруй жил дахин гэмт хэрэг үйлдээгүй хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг 3 сарын хугацаанд арилгах талаар арга хэмжээ авах, 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох саналтай...” гэж,

шүүгдэгч “Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ нийтийн тээвэр, гудамж олон нийтийн газар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 639.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирлын дийлэнхийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа/, шүүгдэгчийн хувийн байдал /хулгайн 2 үйлдэлд холбогдож 1 үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Харин хэмжээний хувьд дүгнэхэд эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч нь урьд 3 удаагийн ял шийтгэлдээ дүгнэлт хийж, нийгэмшихгүй байгаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Аэд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Түүнчлэн дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг үндэслэн улсын яллагчийн албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч М.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч М.Аийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 33 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 264 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасаж тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Аийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.Аийн “Б.Батчимэгийн Самсунг Эс-7 загварын гар утсыг хулгайлж 260.000 төгрөгийн хохирол учруулсан” үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Мэндсайханы Аийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Аийн урьдчилан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлаар тооцож, түүний эдлэх ялаас 264 /хоёр зуун жаран дөрөв/ цагийн ажлыг хасаж тооцсугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Аийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч М.Аэд 3 /гурав/ сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аээс 307.000 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч Б.У /Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 48-10-85, РД-ТА96122629/-д 289.000 төгрөгийг, “Дамно” ХХК /Сүхбаатар дүүрэг, Элчингийн гудамж, Скай плаза бизнес төв, 3 давхар/-д 18.000 төгрөгийг тус тус олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

             

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР