Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 50

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор С.Мөнхтулга,

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

Хохирогч Б.*******,

Хохирогч Б.*******гийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,

Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.*******д холбогдох 1728000230021 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Өмнөговь аймгийн прокурорын газраас Б.*******ыг нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг буюу Даланзадгад сумаас Улаанбаатар хот явах хатуу хучилттай замын 30 дахь километрт нөхөр Б.*******гийн ******* улсын дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй зорчигч Б.*******, О.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

   Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.*******д авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 600 нэгжтэй тэнцэх буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.*******аас 694164 /зургаан зуун ерэн дөрвөн мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш  шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар хохирогч Б.*******д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* давж заалдах гомдолдоо: “...Миний охин Б.******* 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослын улмаас зүүн гарын эгэм хугарч, баруун мөр бяцарч аль аль нь буруу эдгэрч хохирсон ба уг хэрэгт би насанд хүрээгүй охин Б.*******гийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа билээ. Гэтэл Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад шүүх хуралд оролцох эсэх талаар урьдчилан мэдэгдээгүй шүүх хурал хийсэн. Мөн Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд “насанд хүрээгүй гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ...” гэсэн байх ба Б.******* гэгч нь манай охин *******гийн үеийн охин *******гийн ээж нь юм. Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд: Б.*******гийн биед баруун бугалга яс, зүүн эгэм ясны хугарал, баруун, зүүн талын хөндийн дотор ханын хугарал, эрүүний зүүн доод хэсгийн няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, нүдний алимны цус хуралт, хүзүүний зүүн хэсгийн

зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтсох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн байх боловч Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт баруун бугалганы хугарал биш баруун мөрний олон ясны хугаралт гэмтэл байна гэсэн тул дахин шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах. Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.*******гаас 694164 төгрэгийг гаргуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар гаргуулж Б.*******д олгохоор шийдвэрлэсэн боловч манай охин Б.*******гийн баруун мөрний олон ясны хугарлыг мэс ажилбарын аргаар дахиж эмчлэх шаардлагатай болсон ба цаашид гарах зардлыг нэхэмжлэх талаар нээлттэй үлдээх талаар тусгаагүй байна.

   Иймд эрүүгийн 1728000230021 дугаартай хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж дахин шалгаж шийдвэрлэж өгнө үү.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн Б.*******д холбогдох 1728000230021 дугаартай эрүүгийн хэргийг хэлэлцэж гарсан шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл:

Нэг. Үзлэгийн талаар:

Хэргийн 03, 09 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс үзвэл хөндлөнгийн 2 гэрч оролцсон байгаа боловч тэмдэглэлд тэдгээрт Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагааны талаар гомдол гаргах, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах эрх, хөндлөнгийн гэрчээр оролцсон хүн гэрчийн мэдүүлэг өгөхөөр шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирэх, мөрдөн шалгах ажиллагааны журам сахих, нууцыг задруулахгүй байх үүргийг тайлбарласан тухай бичиж тусгаагүй байх тул мөрдөгч мөн хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1.5-д оролцсон, байлцсан хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг,

1.6.ажиллагаанд оролцсон, байлцсан хүний хувийн бичиг баримтын мэдээлэл,

1.7.оролцсон хүнд эрх, үүргийг танилцуулсан тухай,

1.8.оролцсон, байлцсан хүнээс хүсэлт, гомдол гаргасан эсэх, түүнийг шийдвэрлэсэн талаар тэмдэглэлд тусгана гэсний дагуу тэмдэглэлийг үйлдээгүй, мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасны дагуу тэмдэглэлийг хөндлөнгийн гэрчид танилцуулаагүй гэж үзнэ.

Хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан үзлэгийн тэмдэглэлд “Замын цагдаагийн зохицуулагч Г.*******, ахлах шинжээч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан үзлэг хийв” гэсэн боловч тэмдэглэлийн төгсгөлд хөндлөнгийн гэрч Б.Мөнхтөгс, Б.Гантулга гэж гарын зуруулжээ. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаанд шаардлагатай гэж үзвэл мэргэжилтнийг оролцуулж болох боловч Г.*******, Б.Бат-Эрдэнэ нар нь мэргэжилтний хувьд эсхүл хөндлөнгийн гэрчийн хувьд оролцсон эсэх нь тэмдэглэлээс тодорхой харагдахгүй байна.

Тээврийн хэрэгсэл, хэргийн газарт хийсэн үзлэгт эзэмшигч оролцсон тухай бичигдээгүй, түүнд үзлэг хийсэн талаар мэдэгдсэн байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Үзлэгийг эзэмшигчийн эзгүйд хийсэн бол 3 хоногийн дотор эзэмшигчид, боломжгүй бол эзэмшигчийн оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргад мэдэгдэнэ” гэсэн заалтыг мөрдөгч биелүүлээгүй гэж үзэв.

Хоёр.  Мэдүүлэг авахдаа хуульд заасан журам баримтлаагүй байна.

Б.*******, Б.*******, Б.Түвшинжаргал, *******, Г.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлд тухайн хүний хувийн ямар бичиг баримтыг хэрхэн шалгасан, түүнээс ямар зорилгоор мэдүүлэг авах гэж байгаа талаар бичээгүй тул уг тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн  5 дахь хэсэгт заасан “ ... мэдүүлгийн эхэнд тухайн хүний хувийн бичиг баримтыг шалгаж, түүнд ямар зорилгоор мэдүүлэг авахаар хэзээ, хэн гэдэг прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн, түүнчлэн энэ хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулсан тухай тэмдэглэлд тусгана” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзнэ. /хэргийн 10, 12, 14, 15, 16, 17, 18 дугаар тал/

Гэрч мэдүүлэг өгөхгүй байх болон мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, 6 дахь хэсэгт гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй гэж тодорхойлсон. Гэрч Б.*******аас мэдүүлэг өгөхгүй байх болон мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхээ эдлэх эсэхийг тодруулалгүйгээр мэдүүлэг авч тэдний дээрх эрхээ эдлэх боломжийг хязгаарласан байна./хэргийн 10 дугаар хуудас/

Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгийн бүх тэмдэглэлд “...төрөл садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэсэн хуулиар олгогдоогүй эрхийг тайлбарласан баримт байна.

Б.*******, Б.Түвшинжаргал, Г.******* нараас авсан гэрчийн мэдүүлгийн тэмдэглэлд “...мэдүүлгийг орчуулагчаар орчуулуулан өгөхөд үнэн зөв тэмдэглэсэн байна гэснийг тэмдэглэн авч байна” гэх агуулга бүхий мэдээлэл авагдсан боловч тэмдэглэлдтухайн ажиллагаанд орчуулагч оролцсон тухай тусгагдаагүй тул тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар

  • Мэдүүлэг авахад орчуулагч, хэлмэрч оролцуулах бол түүнд эрх, үүргийг тайлбарлан, санаатайгаар худал орчуулах, эсхүл хэлмэрчилбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулна” гэсэн журмын дагуу бичээгүй, түүнчлэн гэрчээс мэдүүлэг авах журмыг зөрчсөн гэж үзнэ. /хэргийн 10, 14, 20 дугаар хуудас/

Мөн арван найман насанд хүрээгүй Б.Батнарангаас авсан гэрчийн мэдүүлгийн тэмдэглэлд “сурган хүмүүжүүлэгчид танилцуулж гарын үсэг зуруулав” гэсэн мэдээлэл авагдсан боловч хэн гэдэг сурган хүмүүжүүлэгч оролцсон, түүнд эрх, үүрэг тайлбарласан байдал тодорхойгүй, тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй байх тул мөрдөгч дээрх ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусгана” гэсний дагуу тэмдэглэл үйлдээгүй, мөн хуулийн 25.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг авч дуусмагц мэдүүлэг зөв бичигдсэн эсэхийг мэдүүлэг авахад оролцсон хүнд танилцуулж, гарын үсэг зуруулна гэснийг биелүүлээгүй гэж үзнэ./ хэргийн 17 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1, 1.1-д  арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр мөрдөгч, прокурор тогтоохоор заасан.  Арван найман насанд хүрээгүй Б.*******, Б.Батнаран, Г.******* нарыг гэрчээр асуусан тэмдэглэлд тэднийг эрхийг хэрэгжүүлэх хууль ёсны төлөөлөгч оролцуулсан байгаа боловч хэрэгт хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон баримт байхгүй байх тул дээрх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Тухайн тэмдэглэлд хууль ёсны төлөөлөгчид хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэснийг тайлбарласан гэж бичсэн байх боловч ямар ямар эрх эдэлж, үүрэг хүлээх ёстойг тайлбарлаагүй байна. /хэргийн 18-20 дугаар худас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4.6-д өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогчоос гэрчийн мэдүүлэг авч болохгүй гэж заасан. Гэтэл  Б.*******гийн гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан мэдүүлгийн тэмдэглэл хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан байхад түүнээс дахин гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл хэргийн 16 дугаар хуудсанд авагджээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлах байтал Б.*******, Г.******* нараас авсан гэрчийн мэдүүлгийн мэдээлэлд мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарласан тухай бичигдээгүй байна. /хэргийн 12-13, 18-19 дүгээр тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар тэмдэглэлд ажиллагааг явуулсан газар, эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут, хэрэгжүүлэх явцад хугацаа тасалдсан бол түүний шалтгаан, үргэлжилсэн хугацааг  тусгах шаардлагатай. Гэтэл Б.*******гаас гэрчийн мэдүүлэг дахин авсан тэмдэглэлд  ажиллагаа эхэлсэн хугацааг бичээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй тул мэдүүлэг авах ажиллагааг эхэлсэн хугацааг тодорхой бичих нь мөн хуулийн 25.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан мэдүүлэг авах хугацаанд уг ажиллагааг явуулсан эсэхийг шалгах, нотлох баримтаар тооцох эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтойг мөрдөгч анхаараагүйг дурдаж байна.

Гурав. Шинжилгээ хийх журам, шинжилгээ хийлгэх үед эдлэх оролцогчийн эрхийг зөрчсөн шинжээчийн гэх дүгнэлтүүд хэргийн 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 37 дугаар хуудсанд авагджээ.

Хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан дүгнэлтийг Цагдаагийн ахмад О.Чулуунбаатар /байгууллагын нэрийг товчилж бичсэн тул ямар байгууллагад ажилладгийг мэдэх боломжгүй/ , 24 дүгээр хуудсанд авагдсан дүгнэлтийг Ашид билгүүн ХХК, бусад 7 дүгнэлтийг   шинжээч эмч, Цагдаагийн дэслэгч Б.Ганшагай гэх шинжээч гаргасан гэж байгаа боловч хэрэгт шинжилгээний байгууллагаар Ашид билгүүн ХХК-ийг томилсноос өөр, тухайлбал О.Чулуунбаатар, Б.Ганшагай нарыг шинжээчээр томилсон шийдвэр байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдврлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ гэсэн журмыг зөрчсөн гэж үзнэ.

Харин 21, 25, 27, 29, 31, 33, 35, 38 дугаар хуудсанд Мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолууд авагдсаны.. 21, 25 дугаар хуудсанд авагдсан мөрдөгчийн тогтоолоос бусад 6 тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2-д заасан хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор, Шүүх шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэхээр /тогтоолд нэрлэн зааснаар/ шийдвэрлэсэн байна.

Хэрэгт тухайн Шүүхийн шинжилгээний байгууллагаас хэн нэгэн шинжээчид шинжилгээ хийлгэхээр даалгасан баримт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шинжилгээний байгууллага нь шүүх, прокурор, мөрдөгчийн тогтоолыг хүлээн авмагц шинжээч, эсхүл шинжээчдийн багт шинжилгээ хийлгэхээр даалгана” гэсэн журам хэрэгжээгүй, томилогдсон этгээд дүгнэлт гаргаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн дээрх тогтоолуудын 5 дугаар заалтанд шинжээчийн мэдэлд тухайн хүнийг нэрлэн, түүний хамт шинжилгээний обеъктийг шилжүүлсэн байдал тусгагдсан боловч ямар объектийг шилжүүлсэн нь тодорхойгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дхь хэсэгт заасан “Шинжээч томилох шийдвэрт ... шинжилгээний обьектын талаархи мэдээллийг тусгана” гэсэнтэй нийцээгүйг, Шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ дүгнэлт гаргахаар томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг, 6 дугаар зүйлийн 6.1.7-д .”шинжилгээний объект” гэж шинжилгээ хийж байгаа ул мөр, эд мөрийн баримт, бичиг баримт, эд юмс, амьтан, хүний бие, цогцос болон түүний хэсэг, харьцуулан судлах хэв загвар, хэргийн бусад материалыг ойлгохоор тайлбарласныг тус тус дурдах нь зүйтэй.

Шинжээч томилох тухай 21 дүгээр хуудсанд авагдсан тогтоолыг гэрч Б.*******, Б.******* нарт, 23, 25 дугаар хуудсанд авагдсан тогтоолыг яллагдагчид танилцуулсан тухай тэмдэглэгджээ. Яллагдагчид тогтоол танилцуулах үед хэн нэгнийг яллагдагчаар татах тогтоол гараагүй байна. /хэргийн 44 дүгээр хуудсанд 8 дугаар сарын 14-ны өдөр гарсан яллагдагчаар татах тухай тогтоол бий/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.11-т хохирогч, 8.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт иргэний нэхэмжлэгч, 8.6 дугаар зүйлийн 3.3-т иргэний хариуцагч, 7.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт яллагдагч, 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүгдэгчид тус тус шинжээчийг татгалзан гаргах эрхтэй болохыг заасан тул хуульд заасан дээрх оролцогч нарт уг тогтоолыг танилцуулаагүй нь тэдэнд хуульд заасан эрхээ эдлэх боломжийг олгоогүй гэж үзэхээр байна.

Мөн 27, 28, 31, 35 дугаар хуудсанд авагдсан тогтоолыг “хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч” гэсэн бичвэрийн  доод талд дор О.*******, Б.Түвшинжаргал, Б.Батнаран, Гэрэлтнаран нарт, 33 дугаар хуудсанд авагдсан тогтоолыг яллагдагч Б.*******д танилцуулсан тухай тэмдэглэгдсэн байна. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн байдал, эрх үүргээрээ өөр өөр этгээдийн нэрийг сольж бичсэн байгааг мөн тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Дөрөв. Хэрэгт  хохирогчоор 18 насанд хүрээгүй О.*******, Б.******* /хэргийн 52, 55 дугаар хуудас/ нарыг тогтоосон Мөрдөгчийн тогтоол авагдсан байна.

О.Мөнжингөөс хохирогчоор авсан мэдүүлгийн тэмдэглэлд “...2000.03.27-д төрсөн...17 настай...” гэж тусгагдсан байх боловч хэрэгт түүний насны тухай баримт байхгүй байна. Мэдүүлэгт авагдсан мэдээллээс тэрээр 17 настай байх боломжтой тул хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан эрхээ хэрэгжүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн  9.5 дугаар зүйлийн 1.1- д арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг түүний хууль ёсны төлөөлөгчөөр Мөрдөгч, прокурорын шийдвэрээр тогтооно гэж заасны дагуу үүсч байхад О.*******д хууль ёсны төлөөлөгч томилолгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж эрхийг нь зөрчсөн байна.

Мөн шүүх, прокурор, мөрдөгч нь хохирогчийн насны тухай баримт бичиг байхгүй, тэдний насыг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар шинжилгээ хийлгэх, мөн мөрдөгч нь хуульд заасан бусад үндэслэлээр баримт бичиг гаргуулан авах зэрэг ажиллагааг явуулах боломж байгааг анхаараагүй байна.

Б.******* нь арван найман насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн хууль ёсны төлөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцсон боловч хэрэгт түүнийг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон шийдвэр байхгүй, хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх талаар түүнд тайлбарласан баримт алга байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан Б.*******ын үйлдлийн улмаас Б.Түвшинжаргал, Г.*******, Б.Батнаран нарын эрүүл мэндэд хохирол учирсан байх үйл баримт тэдний гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд авагдсан мэдээллээр тогтоогдож байхад тэдгээрийг хуулийн мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох шийдвэр гаргаагүй нь дутагдалтай байна. Учир нь Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан хохирлын хэмжээнд хүрээгүй байж болох ч Иргэний хуульд зааснаар гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үүрэг буруутгагдаж буй этгээдэд, харин гэм хорыг арилгуулахаар шаардлага гаргах эрх хохирогчид үүсч болох юм.

Б.******* нь Б.*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа осол гаргасан тухай үйл баримт байдаг. /хэргийн 97 дугаар хуудас/ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцан арилгах арга, хэлбэр, хэмжээг нарийвчилан зохицуулсан. Үүнээс үндэслэн учирсан гэм хорыг гэм хор учруулсан этгээд, эсхүл тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн хэн алинаас арилгуулахаар шаардах хохирогчийн эрхийг хангахын тулд дээрх этгээдүүдийг иргэний хариуцагчаар оролцуулах шаардлага хуулиар үүсч байгааг шүүх, прокурор, мөрдөгч нар мөн анхаарах хэрэгтэй байжээ.

Тав. Яллагдагч Б.*******д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3,  7.6, 7.7, 7.8 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, өмгөөлөгчтэй харилцах, гомдол хүсэлт гаргах эрхийг тайлбарлаагүй байна.

Мөн хэргийн 73 дугаар хуудсанд авагдсан мөрдөгчийн тэмдэглэлд “оролцогч Б.*******гаас гаргаж өгсөн: Цэнхэр өнгийн бэхээр Буд овогтой ******* эгчээс эмчилгээний мөнгөө авсан тул гомдолгүй. *******.

 Цэнхэр өнгийн бэхээр Буд овогтой ******* эгчээс эмчилгээний зардал мөнгөө авсан тул гомдолгүй О.*******. гэсэн бичиглэл бүхий бичгийг хүлээн авсан” талаар тэмдэглэгдсэн байхад уг Б.*******гаас гаргаж өгсөн гэх бичгийг яллагдагч Б.*******аас гаргаж өгсөн тухай, түүнийг нь хэрэгт хавсаргаж, энэ талаар насанд хүрээгүй яллагдагч Б.*******д мэдэгдэх агуулга бүхий мөрдөгчийн тогтоол хэргийн 77 дугаар хуудсанд авагдсан нь ойлгомжгүй байна.

 Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлж чадаагүй нотлох баримт нь мөн хуулийн 16.11 дүгээрт зүйлд зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл болох магадлалтай байхад шүүхээс уг нотлох баримтуудыг мөн хууль, зүйлийн 15 дугаар хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шийдвэрлэж чадаагүй тул шүүхийг дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхааарч үзэлгүй орхигдуулж улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэл болсон гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэхээс өмнө оролцох хүнд энэ хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах, эрхээ эдлэх боломжоор хангах үүргээ биелүүлээгүйгээс тухайлбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д мэдээллээр хангуулах эрхийг тайлбарлаагүйгээс Б.*******гийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагч Б.*******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар саналтай танилцах, 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч  шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргах эрхээ эдлэх боломжийг хязгаарласан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хангаагүй, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож чадаагүй байх тул хохирогчийн давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 107 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.*******д холбогдох эрүүгийн 1728000230021 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3-т заасан шүүх  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тэдэнд мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

                                     ШҮҮГЧ                                     Т.БЯМБАЖАВ

                                                                                      Х.ГЭРЭЛМАА