Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 1

 

 

 

 

 

 

                  2017 оны  12 сарын 27 өдөр                  

 

 

 

   

                                Дугаар 120/ШШ2018/0001

 

   

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               

          Өмнөговь аймаг

 

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав, шүүгч В.Цэрэнрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ж о” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Г сумын Засаг даргад холбогдох,

“Г сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/155 дугаар захирамжийн Б.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, иргэдийн төлөөлөгч И.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нар оролцов.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...манай компани Өмнөговь аймгийн Г сумын Баясах багийн нутаг дэвсгэр “Зангат уул -1” гэх газарт ашигт малтмал ашиглах ашиглалтын MV-016952 дугаартай гэрчилгээг 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газраас авсан. Компанийн зүгээс 2014 онд тус газар олборлолтын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор иргэдийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгохтой холбогдсон асуудлыг судлуулахаар судалгааны хэсэг томилж, тухайн бүс нутагт суурьшиж буй иргэдийн талаар судалгаа явуулсан. Энэ ажлын хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Г сумын Засаг даргад хандан хамтарсан ажлын хэсэг томилуулах тухай албан бичиг хүргүүлж, уг албан бичгийг Засаг даргын орлогч М хүлээн авч мөн сумын Баясах багийн Засаг даргад нэрсийг гаргаж

 

 

өгөхийг даалгасан. Баясах багийн Засаг дарга Д.А нь ашиглалтын бүсэд оршин суугаа 10 гаруй өрхийн нэрсийг гаргаж өгсөн бөгөөд эдгээр айлууд нь тухайн газраа Газрын тухай хуулийн дагуу эзэмшиж, ашиглах эрхийн гэрчилгээгүй байсан хэдий ч “Ж О” ХХК дээрх иргэдэд зохих ёсны нөхөн олговрыг олгосон байдаг. Ашиглалтын бүсэд байсан айлуудад нөхөн олговор олгох сургаар Б.М нь би нөхөн олговор авах ёстой гэх үндэслэлгүй шаардлагыг манайд тавьсан бөгөөд бид иргэн Б.М нь манай уурхайн ашиглалтын бүсэд газар эзэмшдэг талаар Баясах багийн Засаг дарга болон сумын газрын даамлаас тодруулахад ямар нэгэн газар эзэмшдэггүй, харин манай уурхайн ашиглалтын бүсээс гадна нөхөр Цын нэр дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өвөлжөөний газар эзэмшдэг нь тогтоогдсон. Гэтэл Б.М нь нөхөн олговрын мөнгө шаардаж 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлдээ Г сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/155 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх авсан талаар дурьдсан байсан бөгөөд тус иргэний хэрэгт авагдсан газар эзэмших гэрчилгээний хуулбараас маргаан бүхий захиргааны актыг анх мэдсэн, Г сумын Засаг даргын 2014 оны 11-р сарын 20-ны өдрийн А/155 дугаар захирамжийн Б.Мт газар эзэмших эрх олгосон хэсэг нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл манай уурхайн ашиглалтын талбайд тухайн газарт амьдардаггүй, мөн иргэн Э.Д-ийн эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаад түүний хүсэлтийн дагуу эзэмших эрх нь дуусгавар болгосон өвөлжөөний газрыг Б.М-т давхардуулан олгосон нь хууль бус гэж үзэж байна. Иймд Г сумын Засаг даргын 2014 оны 11 сарын 20-ны өдрийн а/155 дугаар захирамжийн Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж О” ХХК-иас Өмнөговь аймгийн Г сумын Засаг даргад холбогдуулан мөн сумын Засаг даргын 2014 оны А/155 дугаар захирамжийн Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлийн талаарх тайлбаруудыг гаргаж өгсөн. “Ж О” ХХК нь Зангат-Уул нэртэй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Г сумын Баясах багийн нутаг дэвсгэрт олборлолтын үйл ажиллагаа явуулдаг.  Тухайн газарт суурьшиж байсан иргэдэд компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулинд заасан үүргийнхээ дагуу нөхөн олговрыг олгосон. Одоо маргаад байгаа газарт иргэн Д-гийх гэдэг айл эрхийн гэрчилгээгүйгээр өвөлжөөний зориулалтаар газар эзэмшиж байсан. Тэнд буусан айл болгонд нөхөн олговор олгох боломжгүй. Г сумын Засаг дарга нэр бүхий айлуудад газар эзмших гэрчилгээг гаргаж, нэр бүхий 26 айлд өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмших эрхийг олгосон байдаг. Энэ үед иргэн М нь Д гуайн байгаа өвөлжөөний газрыг манай газар гэж хэлсэн боловч тухайн газрыг Дгийн өвөлжөөний газар мөн гэдгийг Баясах багийн Засаг дарга А тодорхойлолт гаргаж өгсөн, мөн газрыг эзэмших эрхтэй байсан учраас манай компани Дд нөхөн олговрыг олгосон. Иймд 1 газарт 2 удаа нөхөн олговор олгох боломжгүй.

М бидэнтэй холбогдоогүй байж байгаад 2016 оны намар Хан Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдсэн. Тэр үед л түүнд сумын Засаг даргын 2014 оны А/155 дугаар захирамжаар газар эзэмших эрх үүссэн байна гэдгийг манай компани мэдсэн. М-ийн нөхөр Ц нь манай компаний газраас гадна гэр бүлийн зориулалтаар газар эзэмшдэг. Ц чулуун хороотой өвөлжөөг өмч хувьчлалаар худалдаж авсан гэх боловч үүнийг нотлох баримт болон газрыг нь эзэмшсэн гэдэг шийдвэр байдаггүй. М миний нөхрийн газар, би үүнийг эзэмших эрхтэй гэдэг ч сүүлийн 20 жил энэ газрыг ашиглаагүй гэдэг нь гэрч Д-гийн мэдүүлэг, Баясах багийн Засаг дарга А-гийн  тодорхойлолтоос харагддаг. Гэтэл Г сумын Засаг дарга нь ард иргэдээ хамгаалах зорилгоор Газрын тухай хуульд заасныг зөрчиж газар олгосон гэж манай компани үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр манай компанийн  ашиглалтын талбайд давхцуулж иргэн М-т газар олгосон нь тогтоогдож байгаа. Шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь хянахад шинжээч тавигдаагүй асуултанд хариулсан байдаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээрэй. Иргэн Мт Шар хад гэдэг газрыг олгохдоо зүүн Шар хад гээд олгосон. Энэ газар нь нүүрсний орд бүхий газар учраас манай уурхайн эдэлбэрийн газар болно. Тийм учраас хүчингүй болгох ёстой. М өөрөө өмнө нь шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа одоо хүүгээ аваачиж буулгана гэж байсан. Тэр газар нь уурхайн нөлөөллийн бүс газар байгаа учраас тэр хүмүүст бас сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Б.М нь хууль бус шийдвэрийн дагуу үндэслэлгүйгээр манай компаниас мөнгө нэхэмжилж, уурхайн талбайд газар ашиглах эрхийг зөрчиж байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5, 27.1.8, 27.1.11 дэх хэсгүүдэд заасан уурхайн талбайд ашигт малтмалын хайгуул явуулах, ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах болон холбогдох хуулийн дагуу газар, ус ашиглах зэрэг хуульд заасан эрхийг зөрчиж байгаа тул Г сумын Засаг даргын 2014 оны 11 сарын 20-ны өдрийн а/155 дугаар захирамжийн Б.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Г сумын Засаг дарга О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Г сумын Баясах багийн иргэн Г.Ц нь тухайн үед Баясах багийн нутаг Шар хад хэмээх газарт байрлах малын саравчтай хашааг өмч хувьчлалаар худалдаж авсан байна. Г сумын Засаг дарга нь Г.Ц-ын эхнэр Б.М-ийн хүсэлт, Баясах багийн Засаг дарга Д.Агийн тодорхойлолтыг тус тус үндэслэн газар эзэмших захирамж гаргасан байна. Иймд Баясах багийн Шар хад хэмээх газарт байрших малын саравчтай хашааг Г.Ц, Б.М нарын өмч гэж үзэж байгаа тул сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/155 тоот захирамжаас Б.М-тэй холбоотой заалтыг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байгаа болно...”,  

“...уг газарт байрлах өвсний чулуун хашааг өмч хувьчлалаар Э.Д худалдаж авсан учир түүний хүсэлт, Баясах багийн Засаг дарга Д.А-гийн тодорхойлолтыг үндэслэн Баясах багийн Шар хад хэмээх газарт байрших өвсний чулуун хашааг Э.Д-гийн өмч гэж үзэн Г сумын Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн а/146 тоот захирамжаараа түүнд Шар хад хэмээх өвөлжөөний зориулалттай газрыг эзэмшүүлсэн. Шар хад хэмээх газарт байрлах малын саравчтай хашаа, өвсний агуулах тус бүр хоёр айлын өмч тул хоёр тусдаа газар эзэмших захирамж гаргасан болно” гэжээ.                             

Гуравдагч этгээд Б.М шүүхэд ирүүлсэн тайлбар болон нэмэлт тайлбартаа: “...Тус шүүхэд гаргасан "Ж О" ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, бодит үнэнд нийцсэн үйл баримтгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 "Ж О" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хан уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд 2016 оны 09 сарын 20 өдөр Б.М нь нэхэмжлэл гаргаж манай компаниас нөхөн олговрын мөнгө шаардаж, анх хууль бус захиргааны актыг мэдсэн гэжээ. Үнэндээ бол миний газар эзэмших гэрчилгээний эх хувийг 2015 оны 1 сард тус компаний хуулийн зөвлөх Мөнхзаяа, нягтлан /санхүү эрхэлсэн захирал ч гэж заримдаа өөрийгөө танилцуулдаг/ Байгал нар гартаа барьж уншиж, үзэж танилцаж байсан, 2015 ны 1 сараас хойш газар эзэмших гэрчилгээгээ барьж "Ж о" ХХК-ийн том жижиг олон дарга нартай уулзсан. Уурхай нээгдэхээс эхлээд эдгээр дарга нар хуулийн зөвлөхөө дагуулж нутгийн ард иргэдэд худлаа ярьж худал амлаж байгаа. Захиргааны актыг хууль бус гэж үзэж эрх нь зөрчигдсөн этгээд гуч хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн тул одоо нэхэмжлэгч тал шүүхэд илт худал мэдүүлж хугацаа алдсан асуудлаа зохицуулах арга хайж байна.

Д, М нарт давхардуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэж ямар ч баримтгүй, нотолгоогүй нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Д манайхтай хөрш залгаа айлууд тус тусдаа эд хөрөнгөтэй. Газар эзэмших эрх олгосон захиргааны актын талаар ямар ч маргаан бидний дунд байхгүй. Ийм байхад "Ж О” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Манайх өвөлжөөний газар дээрээ хашаа саравчтай эд хөрөнгөтэй өвөлжөөний газар эзэмших гэрчилгээтэй, мал аж ахуйтай байхад нөхөн олговрын мөнгө надад олгоогүй. "Ж О” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэхүү хэргийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.5 мөн хуулийн 34.1.8 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”,

“...М миний бие 2015-06-12-нд тус сумын иргэн Д.Х-г хот руу явахад нь "Ж О” ХХК-тай намайг төлөөлж уулзан нөхөн төлбөр авах тухай миний хүсэлтийг уламжилж, өөрийн эд хөрөнгийн фото зураг, итгэмжлэл, газар эзэмших гэрчилгээг эх хувь болон хуулбарын хамт хавсаргаж нэхэмжлэгч талд гардуулсан бөгөөд тухайн үед Х-д компанийн зүгээс хариу өгсөн байдаг. Эдгээр нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх хангалттай үндэслэл байна... Нөгөө талаар иргэний өмч хөрөнгийг цаашид ашиглах, эзэмших боломжгүй болгож аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа уурхай тусгай зөвшөөрөл, гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашиг, уурхайн ашигт ажиллагаа гэхээс илүү олон арван жилийн өмнө оршин сууж байсан уугуул малчин иргэдийн эрх ашгийг хүндлэж тодорхой хэмжээний нөхөн олговор олгохгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж би үзэж байна...” гэжээ.

 Иргэдийн төлөөлөгч И.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Г сумын Засаг дарга нь Мт газар эзэмших эрх олгосон боловч иргэн Ц, М нар нь тус газрыг эзэмших үндэслэлгүй, Г сумын Засаг дарга хууль бусаар газар олгосон гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ж О” ХХК нь “Г сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/155 дугаар захирамжийн Б.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

            Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэх тухайд:

            Гуравдагч этгээд Б.М “нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж маргах боловч захиргааны байгууллагаас “Ж О” ХХК-нд Г сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/155 дугаар захирамжийг гардуулсан, танилцуулсан эсхүл мэдэгдсэн гэдгийг нотлох ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актын талаар мэдэж байсан гэдэг нь Б.Мээс ирүүлсэн “Ж О” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/35 тоот, Г сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/471 тоот албан бичгүүд, өргөдөл зэрэг баримтуудаар нотлогдохгүй, харин Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/0202 тоот албан бичгээр ирүүлсэн баримтаар[1] Б.М-ийн нэхэмжлэлтэй, “Ж О” ХХК, Э.Д нарт холбогдуулан гаргасан “Газрын нөхөн төлбөрт 60,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 183/ШЗ2016/06906 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, “Ж О” ХХК нэхэмжлэлийн хувийг 2016 оны 10 дугаар 07-ны өдөр гардан авсан болох нь нотлогдож байна.    

Захиргааны байгууллагаас өөрийнх нь хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн актыг нэхэмжлэгч мэдсэнээр шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа тоологдох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5-1722 дугаар албан бичигт “...Г сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/155 дугаар захирамж нь хуулийн дагуу газар эзэмшлээр олгосон тул уг асуудлаар холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү” гэснээс үзэхэд “Ж О” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэн захиргааны байгууллагаас хариуг өгсөн, тус компани 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Ж О” ХХК нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1062 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Г сумын Баясах багийн нутаг дэвсгэрт “Зангат уул-1” гэх газарт 43521.81 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-016952 дугаар бүхий тусгай зөвшөөрөл эзэмшдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] тогтоогдож байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Өмнөговь аймгийн Г сумын Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/155 дугаар захирамжаар иргэн Б.Мт Г сумын 2 дугаар багийн нутагт “Зүүн шар хад” гэх газарт 1500 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар, 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн[3] бөгөөд мөн сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн а/146 дугаар захирамжаар иргэн Э.Д-д Г сумын 2 дугаар багийн нутагт “Шар хад” гэх газарт 1500 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар, 60 жилийн хугацаатай мөн эзэмшүүлсэн байх ба мөн сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн а/01 дүгээр захирамжаар уг газрыг эзэмших эрх дуусгавар болсон[4] байна.

Нэхэмжлэгчээс “Манай компанийн ашигт малтмалын ашиглалтын талбайтай давхардуулан Б.Мт газар эзэмших эрх олгосон нь хууль бус, хуулийн дагуу уурхайн талбайд газар ашиглах эрхийг зөрчсөн” гэж,

Хариуцагчаас “Шар хад гэдэг газарт байрших малын саравчтай хашааг Г.Ц, өвсний чулуун агуулахыг Э.Д нар өмч хувьчлалаар худалдаж авсан учир тэдний өмч гэж үзэж Г.Цын эхнэр Б.Мийн хүсэлт, Г сумын Баясах багийн Засаг дарга Д.Агийн тодорхойлолтыг үндэслэн газар эзэмших захирамж гаргасан тул энэ захирамжаас Б.Мтэй холбоотой заалтыг хүчингүй болгох боломжгүй” гэж,

Гуравдагч этгээдээс “манайх өвөлжөөний газар дээрээ байх хашаа саравчийг хувьчилж авсан бөгөөд энэ хөрөнгө байрлах газрыг эзэмших эрхтэй...” гэж тус тус маргасан.

Хавтас хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын 2013 оны 6-5183 тоот албан бичиг, Уул уурхайн кадастрын зураг, гэрч Э.Дгийн мэдүүлэг, Нэгж талбарын 4615002216 дугаартай хувийн хэрэгт авагдсан баримтууд, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 625 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, агаарын зургийг кадастрын нэгдсэн мэдээллийн сан дахь зурагтай давхцуулсан баримтууд[5] зэргээс үзэхэд Өмнөговь аймгийн Г сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/155 дугаар захирамжаар Б.Мт өвөлжөөний зориулалтаар, 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, нэгж талбарын 4615002216 дугаартай 1500 м.кв газар нь “Ж О” ХХК-ийн Ашигт малтмалын ашиглалтын MV-016952 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий /Өмнөговь аймгийн Г сумын Баясах багийн нутаг дэвсгэрт “Зангат уул-1” гэх газарт/ 43521.81 гектар талбайд бүхэлдээ давхцалтай байх бөгөөд сумын Засаг даргын 2011 оны захирамжаар өвөлжөөний зориулалтаар Э.Дд олгосон газарт байрших тэжээлийн агуулах, Б.Мт олгосон газарт байрших чулуун саравчтай хашаа нь нэг дор зэрэгцсэн байршилтай, уг газарт 2011 оноос хойш Э.Дгийнх оршин сууж байсан болох нь нотлогдож байна.

Хариуцагчаас “Шар хад гэдэг газарт байрших малын саравчтай хашааг Г.Ц өмч хувьчлалаар худалдаж авсан учир тэдний өмч гэж үзэж Г.Цын эхнэр Б.Мийн хүсэлт, Г сумын Баясах багийн Засаг дарга Д.А-гийн тодорхойлолтыг үндэслэн газар эзэмших захирамж гаргасан”, гуравдагч этгээдээс “манайх өвөлжөөний газар дээрээ байх хашаа саравчийг хувьчилж авсан...” гэж маргадаг боловч гуравдагч этгээд Б.Мээс шүүхэд гаргасан тайлбартаа хавсаргаж ирүүлсэн Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 307 тоот албан бичигт “Г сумын Соёл ХК-аас 1993.01.20-ны өдөр Г сумын ЗДТГ-т хүлээлгэж өгсөн худгийн жагсаалтад Шархад тоо ширхэг 1, анхны үнэ 8940 төгрөг, үлдэгдэл үнэ 1788 төгрөг...” [6] гэсэн байх бөгөөд Б.Мт болон түүний нөхөр Ц нарт “Зүүн шар хад” гэх газарт байрших малын саравчтай чулуун хашаа /өвөлжөөний/-г өмч хувьчлалаар хувьчилж авсан, өмчлөх эрхтэй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй[7] байх тул хариуцагч, гуравдагч этгээд нарын дээрх тайлбаруудыг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдэд шинээр газар эзэмшүүлэх эрхийг маргаан бүхий захиргааны актаар олгохдоо нэхэмжлэгч “Ж О” ХХК-ийн хүчин төгөлдөр ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөөр 2011 онд олгогдсон “уурхайн эдэлбэр” газарт давхцуулан олгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар...уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ”, 61 дүгээр зүйлийн 61.1-тТөрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж тус тус заажээ.

Иймд дээрх байдлаар маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгч “Ж О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хурлыг эзгүйгээр хийлгэх хүсэлт” ирүүлсэн, гуравдагч этгээдээс “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтийг ирүүлснийг тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 120/ШТ2018/0001 дугаарт тогтоолоор уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч талаас хариуцагч, гуравдагч этгээд нарыг эзгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ж О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Г сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/155 дугаар “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд хэргийн оролцогчид тэдгээрийн  төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        С.ОТГОНЦЭЦЭГ

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.СУГИРЖАВ

                                                       ШҮҮГЧ                         В.ЦЭРЭНРАГЧАА

 

 


[1] Хавтаст хэргийн 34-35, 39-42 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 3, 5-7, 32, 36-38 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 193-207 дугаар хуудас /Нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан баримтууд/

[4] Хавтаст хэргийн 69-75 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 208-221 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 3, 24-25  дугаар хуудас