Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2021/0142/З |
Дугаар | 221/МА2021/0354 |
Огноо | 2021-06-29 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2021/0354
“Бх” ОСНААК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч Б.З нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 300 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Бх” ОСНААК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Б.З-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 300 дугаар шийдвэрээр:
“...Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Б.З-ийн 2021 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн №0066840 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Бх” ОСНААК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо:
“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 300 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч “Бх” ОСНААК-ийн гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 0066840 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх гомдлыг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй.
Манай компанийн үйл ажиллагаатай холбоогүй Улаанбаатар хотын хөрсний бохирдол ихсэж аюулын түвшинд хүрсэнтэй холбоотойгоор “Ав”, “Жт” хотхонуудын гүний худгийн ус бохирдсон болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Өөрөөр хэлбэл аливаа барилга байгууламжийн цэвэр усны эх үүсвэр нь барилга байгууламж, төвлөрсөн хот суурингаас 50-2000 м зайд цэрэгжүүлсэн харуул хамгаалалттай байх шаардлагатай байдаг бол дээрх хотхонуудын гүний худаг орон сууцны барилгынхаа дор хонгилд хүн, ам төвлөрсөн бүс дундаа байрладгаас хөрсний бохирдолд өртдөг. Мөн гэсэх, хөлдөх үеийн хөрсний өөрчлөлтийн улмаас гүний худгийн усны бохирдол гэнэт ихсэж ямар ч ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн усны бохирдол арилахгүй, цэвэр усны стандарт шаардлагад нийцэхгүй байсан.
Энэхүү нөхцөл байдал хавтаст хэрэгт нотлогдсон байхад шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 0066840 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Ав” хотхоны оршин суугч Ц.Т-с ““Ав” хотхоны оршин суугчид хэрэглээний уснаасаа хордож байна. Яаралтай арга хэмжээ авч өгнө үү” гэх гомдлыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасанд хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.З 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0066840 тоот шийтгэлийн хуудсаар “Бх” ОСНААК-ийг “Ав”, “Жт” хотхоны оршин суугчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангаагүй зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсанд гомдол гаргагчаас тухайн орчны хөрсний бохирдлоос шалтгаалж ус бохирдсон гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн амыг хуульд заасан ундны болон ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан усаар хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар анхан шатны шүүх “эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангагдах нь хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхтэй шууд холбоотой бөгөөд ... зөрчлийг гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна...” хэмээн дүгнэж гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг зөв үнэлсэн, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ.
Учир нь “Бх” ОСНААК нь нийтийн аж ахуйн ажил үйлчилгээ эрхлэх /үүнд: ус, дулаан, ариутгах татуургын/ тусгай зөвшөөрлийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 00377 дугаар гэрчилгээгээр гурван жилийн хугацаагаар авсан ба “Астра вилла”, “Жт” хотхоны оршин суугчдыг зохих стандартын шаардлага хангасан усаар хангах үйлчилгээг эрхэлдэг хуулийн этгээд байна.
Гэтэл эрх бүхий албан тушаалтан оршин суугчаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдлын дагуу холбогдох ажиллагааг хийж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Ав” хотхоны 1 дүгээр байрны зоорийн давхар, 2 дугаар байрны 1 давхарт тус тус байрлах усны нөөцийн сав, “Жт” хотхоны зоорийн давхарт байрлах гүний худаг зэрэгт шалгалт хийхэд хог хаягдалтай, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, усны нөөцийн савыг угаасан баримтгүй, техникийн бүртгэлгүй болох нь тогтоогджээ.
Мөн “Ав”, “Жт” хотхоны ундны уснаас авсан дээжид шинжилгээ хийхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 20-3262 дугаар шинжилгээний дүнгээр ББЕТ үзүүлэлт MNS ISO 6222:1998 стандартад заасан хэмжээнээс өндөр буюу эмгэг төрөгч нян болох “Proteus spp” 100 байх ёстойгоос 23000, 24000, 12000 хэмжээгээр илэрсэн байна.
Үүний дараагаар 2020 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд нөөцийн савуудыг угааж, халдваргүйжүүлэлт хийсэн боловч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21-13 дугаар шинжилгээний дүнгээр ББЕТ үзүүлэлт 24000, дахин халдваргүйжүүлэлт хийсний дараагаар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 21-35 дугаар шинжилгээний дүнгээр ББЕТ үзүүлэлт 288 хэмжээтэйгээр илэрсэн нь бичил биетний ерөнхий тоо /ББЕТ/ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт өндөр, ундны усанд тавигдах нөхцөл шаардлагыг хангаагүй усыг иргэдэд түгээдэг байсан болох нь тогтоогдож байна.
“Бх” ОСНААК нь Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018 стандартын 7.1-д “төвлөрсөн бус ус хангамжийг хариуцсан байгууллага, иргэн нь усны pH, булингар, E.Coli, нянгийн тоог улиралд нэг удаа итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлнэ” гэж заасан шинжилгээ, халдваржуулалтыг тухай бүр хийлгэж байгаагүй болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнаас цуглуулсан баримтуудаар бүрэн нотлогдож байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудас Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн, үндэслэл бүхий шийдвэр байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, нэгэнт хууль, журамд заасан шинжилгээ, ариутгал хийж, эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар “Ав”, “Жт” хотхоны оршин суугчдыг хангахын тулд шаардлагатай үйлчилгээ, ажиллагааг хийх үүргээ биелүүлээгүй байхад тухайн орчны хөрсний бохирдлоос шалтгаалж ус бохирдсон гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй учир гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Бх” ОСНААК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА