Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 0208

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908057741809 дүгээр эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Ханхүү гоёл” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 6, ах, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бөөв овогт Гочоогийн М /РД:/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Г.М нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн , ийн 3-5 тоотод оршин суух иргэн Х.Бийн эзэмшлийн Монгол гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, саарал өнгийн будаа агшаагч, 4 кг мах, 1 кг ууттай төмс, 1 ширхэг цэнхэр өнгийн куртик, хар улаан өнгөтөй кошлок, үнэртэй ус 1 ширхэг, нүүрний тос 1 ширхэг, нүүрний крем 1 ширхэг, нүдний харандаа 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 269.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул одоо мэдүүлэг өгөхгүй. Тэр өдөр эхнэртээ уурлаад архи уусан. Болсон асуудлыг сайн санахгүй байгаа, гэрээс нь гараад санасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Ялыг хөнгөлж өгнө үү” гэв.

Эрүүгийн 1908057741809 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Х.Бийн: “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би нөхөр, хүүхдийнхээ хамт 16 цаг өнгөрөөгөөд гэрээс гарч аавынхаа гэрт байж байгаад 22 цаг болж байхад гараад гэрийнхээ ойролцоо алхаж байтал манай хашаанаас нэг хүн будаа агшаагч, тортой эд зүйл барьчихсан гараад явж байсан. Манай нөхөр бид хоёр тэр хүн рүү очиход манай нөхрийн цэнхэр өнгөтэй куртикийг өмсчихсөн, гэрийн будаа агшаагч, тортой эд зүйлс барьчихсан байсан. Дотор нь миний нүүр буддаг хэрэгсэл, мах, ногоо харагдсан. Нөхөр “манай гэрийн юм байна шүү дээ” гэж тэр залууд хэлэхэд “би гэрээсээ өөрийнхөө юмыг аваад явж байна” гэсэн. “Юу яриад байгаа юм бэ, манай гэрийн юм байна” гээд бид хоёр хэлсэн чинь нөхрийг тохойгоороо цохьсон. Цагдаа нар ирээд тэр хүнийг эрүүлжүүлнэ гээд аваад явсан. Нөхөр бид хоёр өөрсдийн будаа агшаагч болон тортой эд зүйлээ аваад гэр лүүгээ орох гэтэл хаалганы цүүг эвдэлчихсэн байсан. Гэрийн эд зүйлс эмх замбараагүй байсан. Хулгай хийсэн хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна” гэх мэдүүлэг /хх-18/,

Насанд хүрээгүй гэрч Х.Шын: “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны ...22 цаг болж байхад гэрийнхээ ойролцоо алхаж байтал манай хашаанаас нэг хүн будаа агшаагч, тортой эд зүйл барьчихсан гараад явж байсан. Тэр хүн рүү очиход миний цэнхэр өнгөтэй куртикийг өмсчихсөн, гэрийн будаа агшаагч, тортой эд зүйлс барьчихсан байсан. Дотор нь манай эхнэрийн нүүр буддаг хэрэгсэл мах, ногоо харагдсан. Би “гэрийн юм байна шүү дээ” гэж тэр залууд хэлэхэд “би гэрээсээ өөрийнхөө юмыг аваад явж байна” гэсэн. “Юу яриад байгаа юм бэ, манай гэрийн юм байна” гээд хэлсэн чинь тэр залуу намайг тохойгоороо цохьсон. Цагдаа нар ирээд тэр хүнийг эрүүлжүүлнэ гээд аваад явсан. Гэрийн хаалганы цүүг эвдэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-23/,

Гэрч Б.Баяржавхлангийн: “...Сонгинохайрхан дүүргийн ,  3 дугаар гудамж, 5 тоотод хулгай орсон, хулгай хийсэн хүн нь байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад Сонгинохайрхан дүүргийн , 34 дүгээр гудамж, 39 тоотод суух Гочоо овогт М нь монгол гэрийн хаалганы зүүдэг цоожийг татаж онгойлгон ороод будаа агшаагч, эмэгтэй хүний гоо сайханы хэрэгсэл, хоолны мах, куртик зэрэг эд зүйлийг хулгайлан авч явсныг саатуулан ...эрүүлжүүлэн ажилласан. Г.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-47/,

Шүүгдэгч Г.Мын яллагдагчаар өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би эхнэр Мөнхгэрэлтэй нэг шил 0,5 литрийн архи хувааж уугаад, ойр зуурын юм ярьж байгаад, ...би эхнэртэйгээ маргалдаад эхнэр намайг охиноо аваад гараад ирэх хооронд явсан байсан. Мөнхгэрэлийн байгаа гэрт очиж уулзсан чинь маргалдаад учир зүйгээ олж чадаагүй. Тэгээд би уурандаа гудамжинд архи ууж байсан танихгүй хүмүүстэй архи хувааж уугаад, Сонгинохайрхан дүүргийн , ийн 3 дугаар гудамжны 5 тоот хашаа руу орж баруун хойд буланд байх 5 ханатай монгол гэрийн хаалганы цоожийг гараараа татаж ороод цагаан өнгийн будаа агшаагч, 4 кг мах, ууттай төмс, 1 ширхэг цэнхэр өнгийн куртик, хар улаан өнгийн кошлоктой эмэгтэй хүний гоо сайхны эд зүйлсийг авч гэрээс гарч байгаад эзэнд нь баригдсан санагдаж байна. Би ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Миний буруу...” гэх мэдүүлэг /хх-42-43/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.11.12-ны өдрийн 1328 дугаар тайланд: “Үнэлгээний нийт дүн 269.200 төгрөг” гэжээ /хх-29-31/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “Гэрч Х.Ш нь 1 гэсэн дугаар барьсан хүн /Г.М/ манай гэрээс эд зүйл хулгайлсан хүн мөн байна” гэжээ /хх-9-11/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8/, гэрч Г.Оюунбилэг, Г.Отгонбилэг нарын мэдүүлэг /хх-45, 49/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-58/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-57/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-69-71/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72/, эрүүлжүүлэгдсэн хүн (согтуурлын хувь 1,98%)-ий бүртгэл, мэдээлэл /хх-74-76/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.М нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ,  3 дугаар гудамж, 05 тоотод байрлах иргэн Х.Бийн эзэмшлийн монгол гэрт нэвтэрч, саарал өнгийн будаа агшаагч, 4 кг мах, 1 кг төмс, 1 ширхэг цэнхэр өнгийн куртик, хар улаан өнгөтөй кошлок, үнэртэй ус 1 ширхэг, нүүрний тос 1 ширхэг, нүүрний крем 1 ширхэг, нүдний харандаа 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 269.200 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Х.Бийн “...манай хашаанаас нэг хүн будаа агшаагч, тортой эд зүйл барьчихсан, манай нөхрийн цэнхэр өнгөтэй куртикийг өмсчихсөн гараад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-18/, насанд хүрээгүй гэрч Х.Шын “...манай хашаанаас нэг хүн будаа агшаагч, тортой эд зүйл барьчихсан гараад явж байсан. ...миний цэнхэр өнгөтэй куртикийг өмсчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-23/, гэрч Б.Баяржавхлангийн “...М нь монгол гэрийн хаалганы зүүдэг цоожийг татаж онгойлгон ороод будаа агшаагч, эмэгтэй хүний гоо сайханы хэрэгсэл, хоолны мах, куртик зэргийг хулгайлан авч явсныг саатуулан... эрүүлжүүлсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-47/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 1328 дугаар “Үнэлгээний нийт дүн 269.200 төгрөг” гэх тайлан /хх-29-31/, шүүгдэгч Г.Мын яллагдагчаар өгсөн “...танихгүй хүмүүстэй 1 шил архи хувааж уугаад, Сонгинохайрхан дүүргийн , ийн 3 дугаар гудамжны 5 тоот хашаа руу орж баруун хойд буланд байх 5 ханатай монгол гэрийн хаалганы цоожийг гараараа татаж ороод ...эд зүйлсийг авч гэрээс гарч байгаад эзэнд нь баригдсан...” гэх мэдүүлэг /хх-42-43/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Мын хохирогч Г.Бийн монгол гэрийн хаалганы цүүг эвдлэн нэвтэрч, будаа агшаагч, мах, төмс, куртик, кошлок, үнэртэй ус, нүүрний тос, крем, нүдний харандаа зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бт 269.200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд тухайн эд хөрөнгийг хохирогчид гэмт хэрэг үйлдэгдэх үед биет байдлаар хүлээлгэн өгсөн нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.М нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны 22 цагийн орчим хохирогч Г.Бийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тотоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Амар хялбар аргаар мөнгө, эд зүйл олох, шунахайн сэдэлттэй гэж үзэж 2 жил 2 сарын хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирогчийн өмчлөх эрх, орон байрны халдашгүй байдалд халдсан үйлдэлдээ яллагдаж байгаа. Маргах зүйлгүй. Шүүгдэгч 39 настай, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хохирогч “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу шийтгэж өгнө үү” гэсэн байдаг. 4 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж, 2 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан (1,98%) үедээ, шунахайн сэдэлтээр, бусдын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч эд зүйлийг хууль бусаар авсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 269.200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “хулгай хийсэн хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж буй, насанд хүрээгүй 4 хүүхдийн хамт амьдардаг гэх/-ыг болон шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бөөв овогт Гочоогийн Мыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Мыг 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР