Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 420

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,

нэхэмжлэгч- **************************** нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ************** Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. Мод боловсруулах үйлдвэрт 1972-1992 онуудад мужаанаар ажиллаж байсан бөгөөд одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа. Би 1972 онд модны үйлдвэрт анх ажилд ороод ажиллах явцдаа 1979 он хүртэл Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдэлд мал маллаж байсан. Гэхдээ нэгдэлд мал маллаж байхдаа хөдөлмөрийн дэвтэр нээлгээгүй, модны үйлдвэрийн ажлаасаа гараагүй. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч архивын газраас ажилд томилсон гарсан тушаал нь олдохгүй байгаа. Аймгийн модны үйлдвэрт ажилд орсон боловч дундуур нь мал маллаж байгаад буцаж ирж мужааны ажлаа хийсэн. Говь-Алтай аймгийн модны үйлдвэр нь Завхан айгмийн Тосонцэнгэлийн мод боловсруулах комбинатын салбар нь байсан. Би мужааны 5 дугаар зэрэгтэй, зэргийг Завхан аймгийн Тосонцэнгэлийн мод боловсруулах үйлдвэрээс олгодог. Архиваас Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байсан цалингийн лавлагаа гарсан боловч зарим сарууд нь дутуу байгаа. Иймд одоо байгаа нотлох баримтын хүрээнд 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан болохыг тогтоолгох хүсэлттэй байна гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Ганбат нь 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн мод боловсруулах үйлдвэрт мужаанаар ажилласан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1/.

************* нь Говь-Алтай аймгийн модны үйлдвэрийн даргын 1972 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 106 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн модны үйлдвэрт мужаанаар ажилд орсон болох нь 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбараар тогтоогдож байх бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэрт 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Мод боловсруулах үйлдвэр татан буугдсан тул мужааны үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийгдэж Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Говь-Алтай аймгийн мод боловсруулах үйлдвэр гэсэн тамга дарагдсан байна /хх-5/.

Уг дэвтрийн 6-7 дугаар хуудсанд 014 дугаартай нийгмийн хамгаалалын хяналтын улсын байцаагч 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдөр баталгаажуулалт хийж тамга дарсан байна /хх-6/.

Нэхэмжлэгч *************** нь 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд тус модны үйлдвэр 1992 оны 08 дугаар сард татан буугдсан талаар нэхэмжлэгч тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв /хх-1/.

Нэхэмжлэгч ************* нь Говь-Алтай аймгийн модны үйлдвэрт мужаан, машинстаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, 526303 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 482 тоот цалингийн архивын лавлагаа, БНМАУ-ын ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Тосонцэнгэлийн мод боловсруулах комбинатын Говь-Алтай дахь мод боловсруулах үйлдвэрийн даргын 1981 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шагналт цалин олгох тухай 115 тоот тушаалын хуулбар, 1981 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шагналт цалин олгох тухай 128 тоот тушаалын хуулбар, 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Чанарын бригадын ажилд идэвхи зүтгэлтэй ажилласанд олгосон баярын бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, 1981 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Мод боловсруулах үйлдвэрийн салбарын тэргүүний ажилтан ажилчдын анхдугаар зөвлөгөөн угтсан өндөр бүтээлийн уралдаанд 1-р байр эзэлсэнд олгосон баярын бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, 1982 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Үйлдвэр байгуулагдсаны 10-н жилийн ойг тохиолдуулан олгосон баярын бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн өндөр амжилт гарган төлөвлөгөөт зорилгоо давуулан биелүүлсэнд олгосон баярын бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, 1984 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Ой модны аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан төлөвлөгөөгөө 104 хувиар биелүүлсэнд олгосон сайшаалын үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, 1985 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Төлөвлөгөөгөө 119 хувиар биелүүлсэнд олгосон баярын бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Монголын ойчид, анчдын баярыг тохиолдуулан зарласан өндөр бүтээлийн өдрүүдэд төлөвлөгөөгө 212 хувиар биелүүлсэнд олгосон баярын бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, 1987 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Залуучуудын хөдөлмөр алдар тэмдэглэх өдөр төлөвлөгөөгөө 285 хувиар биелүүлсэд олгосон баярын бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хөнгөн үйлдвэрийн ажилчдын өдрийг тохиолдуулан зарласан уралдаанд 3-р байр эзэлсэнд олгосон баярын бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Аймгийн аварга мужаанаар шалгарсанд олгосон аваргын дипломийн нотариатаар батлуулсан хуулбар, 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж өндөр амжилт гаргасанд олгосон дипломийн нотариатаар батлуулсан хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна /хх-5-6, 7-10, 11, 12-15, 16-27/.

Мөн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлийн Рашаант, Түмэн бригадад 1973 оны 8, 9 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 1974 оны 6, 8, 9, 10 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1975 оны 4-12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1976 оны 1, 5, 6 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1977 оны 1-9 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 11, 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1978 оны 1 дүгээр сарыг дуусталх хугацаанд малчинаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 507 тоот архивын лавлагаагаар эдгээр саруудад цалин авч байсан болох нь тогтоогдож байна /хх-30/.

Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн ********** нь 1973 оны 8, 9 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 1974 оны 6, 8, 9, 10 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1975 оны 4-12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1976 оны 1, 5, 6 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1977 оны 1-9 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 11, 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1978 оны 1 дүгээр сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлийн Рашаант, Түмэн бригадад малчнаар,

1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 07 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд БНМАУ-ын ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Тосонцэнгэлийн мод боловсруулах комбинатын Говь-Алтай дахь мод боловсруулах үйлдвэрт мужаан, машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг буюу 1973 оны 10-12 дугаар сар, 1974 оны 1-5, 7, 11, 12 дугаар сар, 1975 оны 1-3 дугаар сар, 1976 оны 2-4, 7-12 дугаар сар, 1977 оны 10 дугаар сар, 1978 оны 2-12 дугаар сар, 1979 оны 1-12 дугаар сар, 1992 оны 01-7 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилласан болох нь нотлогдохгүй байх тул энэ хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ************* нь 1973 оны 8, 9 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 1974 оны 6, 8, 9, 10 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1975 оны 4-12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1976 оны 1, 5, 6 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1977 оны 1-9 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 11, 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1978 оны 1 дүгээр сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлийн Рашаант, Түмэн бригадад малчнаар, 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 07 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд БНМАУ-ын ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Тосонцэнгэлийн мод боловсруулах комбинатын Говь-Алтай дахь мод боловсруулах үйлдвэрт мужаан, машинистаар тус тус ажилласан болохыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                      Д.ЯНЖИНДУЛАМ