Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 02

 

 

2019       12         23                                    2020/ШЦТ/02 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,

            улсын яллагч: Т.Жавхлантөгс,  

      шүүгдэгч: Б.М /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

           Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М-т холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Увс аймаг, Завхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Жавхлант хүлэг” ХХК-д механик инженер ажилтай, ам бүл 1,   урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.М

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.М нь Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” баарны орчим 2019 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч Н.Мөнхбаяртай маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Мөнхбаярын /хх-ийн 7/ мэдүүлэг, Б.Мын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 23, 39/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 9856 дугаартай дүгнэлт /хх-ийн 11/, Б.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41-46/, Н.Мөнхбаярын хүсэлт /хх-ийн 51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ай лофт” баарны орчим 2019 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч Н.Мөнхбаяртай маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Н.Мөнхбаярын /хх-ийн 7/ “... Би 2019 оны 08 дугаар сарын 14-ний 04 цаг өнгөрч байхад “Говь кашмер”-ийн урдуур өөрийн найз Баярсайхан, Мөнх-Эрдэнэ нарын хамт харьцгаах гээд явж байсан. Тэгтэл бутны цаанаас “пиздакуудаа” гээд бид нар луу хандаж 3 танихгүй залуу хараахад манай найз Баярсайхан “эд нар одоо яах гээд байгаа юм” гээд маргалдах тийшээ хандахаар нь би “явъя аа” гэж хэлээд байж байтал Баярсайхан цагаан футволктой Булганбат гэх залуутай барьцалдаж авсан. Тэр хоёрыг Мөнх-Эрдэнэ бид 2 салгах гэж оролдож байтал гэнэт бужигналдаад намайг араас хэн нэгэн 2 гарнаас барьж, дээш нь харуулж хэвтүүлээд нүүр рүү 4-5 удаа гараараа цохисон. Би намайг барьсан хүмүүсээс тийчигнэж салтал баахан хар хувцастай “Ай лофт” баарны хамгаалагч нар ирчихсэн байж байсан...” гэх мэдүүлгээр,

 

     Б.М-ын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн  39/: “...2019 оны 08 дугаар сарын 14-ний шөнө найз Булганбат, Цацралт нарын хамт “Ай лофт” баар руу орох гээд явж байхдаа замдаа хэдэн залуучуудтай таарсан. Би нэгийг нь зөрөхдөө  мөрлөчихсөн юм. Тэгтэл тэр залуучуудын нэг Булганбаттай барьцалдаж авсан. Би салгах гэж оролдсон. Булганбаттай барьцалдсан залуугийн найз Н.Мөнхбаяр  гэх залуугийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

     Н.Мөнхбаярын биед “зүүн хацар, уруулд цус хуралт” бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 9856 дугаартай дүгнэлт /хх-ийн 11/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Мын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Б.М нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутай нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг

дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Н.Мөнхбаярын “...Б.М нь хохирлыг бүрэн барагдуулж эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 51  дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Мыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй,  шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.М нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ