Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 0002

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа би

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын тамгын газар /РД: --ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2-р баг, Баянцогт, бор толгой гудамж 7-2 тоотод оршин суух Боржигон ******* /РД: МК-/-д холбогдох

зээлийн төлбөр 1 816 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 07-ны өдөр хүлээн авч,  2016 оны 12-р сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2-р багийн Бор толгой хорооллын 8-2 тоотод оршин суух ******* нь 2014 оны 09-р сарын 08-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас Хоёрдогч түүхий эд ашиглах, авах цэг байгуулах төсөл хэрэгжүүлэхээр 2 000 000 төгрөгийг 2014 оны 10-р сарын 08-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл олгосон боловч зээлээ одоо хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн үлдэгдэл 1 816 400 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ. 

           Хариуцагч ******* нь 2016 оны 12-р сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч ******* би нэхэмжлэлийн шаардлага болох 1 816 400 /нэг саян найман зуун арван зургаан мянга дөрвөн зуун/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхмаатай уулзаж зээлийн баримтыг шүүж үзсэн болно. 2017 оны 06 дугаар сард багтаан төлж барагдуулна...” гэжээ

                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч *******д холбогдуулан 1 816 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 816 400 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлнө гэх тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба нэхэмжлэлийн шаардлага болох 1 816 400 төгрөгийн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 44 012 төгрөгийн 50 хувь болох 22 006 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, *******д холбогдох 1 816 400 /нэг сая найман зуун арван зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас 22 006 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                                                     

ШҮҮГЧ                    А.НАРАНТУЯА