Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 425

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,

нэхэмжлэгч- ************** нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *********, гэрч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 11 дүгээр сарын 01-нд Говь-Алтай аймгийн Алтай сумын эмийн санд шил угаагчаар анх ажилд орж байсан. Тухайн үед шил угаагчаар ажилд ороход аймгийн эмийн сангуудын удирдах конторын дарга Отгонбаяр гэдэг хүн байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан баримтыг архиваас шүүхээр ганцхан 1985 оны цалингийн баримт гарч байгаа бөгөөд тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа зэргийг үндэслэн ажилласан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байна. Мөн миний хөдөлмөрийн дэвтрийг ******** гэж бичсэн байсан, ********* гэдэг нэрийг дуудахдаа ******** гэж дууддаг нэрээр дэвтэрт бичсэн байна. Надад ********* нэртэй эгч, дүү байхгүй. 1993 оны 05 сарын 25-ны өдрийн тушаалаар надад 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлээд 2 сарын цалингүй чөлөө нярай хүүхдээ асрахад олгосон бөгөөд үүнээс хойш би эмийн санд ажиллаагүй. Тухайн үед аймгийн хэмжээнд сумдын эмийн сангийн шил угаагч нарыг цомхотгож байсан. Иймд миний хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг үндэслэн 1983 оны 11 сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Алтай сумын эмийн санд шил угаагчаар ажилласан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын эмийн санд шил угаагчаар ажилласан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1/.

******** нь Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харъяа Говь-Алтай аймгийн эмийн сангуудыг удирдах конторын даргын 1983 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 56 тоот тушаалаар 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Алтай сумын эмийн санд шил угаагчаар томилогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх тушаалын хуулбар, 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн эмийн сангуудын удирдах контороос нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар зэргээр тогтоогдож байх бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэрт 1993 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/09 тоот тушаалаар сумдын эмийн сангийн шил угаагч нарын орон тоо цомхотгогдсон тул ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийгдэж Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харъяа Говь-Алтай аймгийн эмийн сангуудыг удирдах контор гэсэн тамга дарагдсан байна /хх-19, 6-7/.

Уг дэвтрийн 6-7 дугаар хуудсанд ГО-05 дугаартай нийгмийн даатгалын улсын байцаагч 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 014 дугаартай ниймгийн хамгаалалын хяналтын улсын байцаагч 2003 оны 03 дугаар сарын 174-ны өдөр тус тус баталгаажуулалт хийж тамга дарсан байна /хх-7/.

Нэхэмжлэгч ************ нь Говь-Алтай аймгийн Алтай сумын эмийн санд шил угаагчаар 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харъяа Говь-Алтай аймгийн эмийн сангуудыг удирдах конторын даргын 1983 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 56 тоот тушаалын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 207 тоот цалингийн архивын лавлагаа, Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харъяа Говь-Алтай аймгийн эмийн сангуудыг удирдах конторын даргын 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 27 тоот “...************ шагнал олгох тухай...” тушаалын хуулбар, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/42 тоот “...******** нярай хүүхдээ асрах цалингүй чөлөө олгох тухай...” тушаалын хуулбар, Улсын эмимпекс нэгдлийн харъяа Говь-Алтай аймгийн эмийн сангуудыг удирдах конторын даргын 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/10 тоот “...Алтай сумын эмийн сангийн шил угаагч М.Оюунд нярай хүүхдээ асрах цалингүй чөлөөг 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн олгох тухай...” тушаалын хуулбар зэргээр нотлогдож байна /хх-19, 6-7, 3, 20, 21, 22/.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан *******, ********* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Говь-Алтай аймгийн Алтай сумын эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь гэрч ********* Алтай сумын эмийн сангийн эрхлэгчээр томилсон 1986 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 43 тоот тушаалын хуулбар, гэрч ********** Алтай сумын эмийн сангийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/37 тоот Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харъяа Говь-Алтай аймгийн эмийн сангуудыг удирдах конторын даргын тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож  байна /хх-23-24, 25, 48-50/.

Харин гэрчүүдийн мэдүүлэгт нэхэмжлэгчийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн он хүртэл ажиллаж байсан талаар тодорхой зааж мэдүүлээгүй боловч хамт ажиллаж байсан талаараа тус тус мэдүүлсэн, түүнчлэн хэрэгт нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалын хуулбар нотлох баримтаар авагдсан тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...1993 оны эхээр хүүхэд төрүүлээд нярай хүүхдээ асрах цалингүй 2 сарын чөлөө 1993 оны 04 дүгээр сарын 10-нд аваад түүнээс хойш дахиж ажиллаагүй...” гэх тайлбарт үндэслэн түүнийг 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч ******* нь ажиллах хугацаандаа 1984 оны 08 дугаар сарын 28-ны өдөр *********, 1985 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *********, 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ********, 1988 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр **********, 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *********** нар болон 1993 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус хүүхэд төрүүлсэн болох нь эдгээр хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, 13 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, төрөлтийн явц, түүх гэсэн баримтын нотариатаар батлуулсан хуулбар зэргээр нотлогдож байна /хх-14-17, 34, 35-43/.

Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч ********** нь 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харъяа Говь-Алтай аймгийн эмийн сангуудыг удирдах конторын Говь-Алтай аймгийн Алтай сумын эмийн санд шил угаагчаар ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан************* нь 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харъяа Говь-Алтай аймгийн эмийн сангуудыг удирдах конторын Говь-Алтай аймгийн Алтай сумын эмийн санд шил угаагчаар ажилласан болохыг тогтоосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                      Д.ЯНЖИНДУЛАМ