Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 634

 

 

 

 

 

 

 

     2019           6           10                                         2019/ШЦТ/634

         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч М.Амарзаяа,

насанд хүрээгүй хохирогч Э.О, хууль ёсны төлөөлөгч Д.Энхцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Д.Ма нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Д.Маг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808031220857 дугаар 2 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, эмэгтэй, 45 настай, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт \оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хашаатынхан овогт Доржлхамын Ма /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.Ма нь 2018 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг блокны үйлдвэрийн хашаан дахь Б.Нын гэрээс Самсунг Эс-2 маркийн гар утас, Ж.Янжинхоролын цүнхтэй эд зүйлсийг хулгайлан 362.300 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг блокны үйлдвэрийн хашаан дахь Э.Огийн гэрээс цүнх болон доторх эд зүйлс, Самсунг Эс-6 маркийн гар утас зэргийг хулгайлан 518.100 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг блокны үйлдвэрийн хашаан дахь Ж.Зоригт-Очирын гэрээс Самсунг Жи-7 маркийн гар утсыг хулгайлан 336.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ма шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Юу ч санахгүй байна. Маргах зүйлгүй. Сүүлийн 2-3 сар л өөрийн ухаантай байгаа. Гэм буруугаа ойлгож байгаа. Эмчилгээ хийлгэх боломж олгож өгнө үү” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 19-нд цүнхтэй эд зүйл, утас байхгүй болсон. Цаг хугацааг нөхөж болохгүй учраас их гомдолтой байна. Бичиг баримт, утас, хувийн хэрэг, гэрчилгээ, элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хуудас зэрэг алдагдсан. Багануураас удаа дараа ирж байгаа. Хохирлоо төлүүлмээр байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Их хохирч байна. Зардлын мөнгөө гаргуулж авмаар байна” гэв.

 

Эрүүгийн 1808031220857 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Шүүгдэгч Д.Ма нь 2018 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ган-Энх трэйд” ХХК-ийн блокны үйлдвэрийн хашаан дахь монгол гэрээс хохирогч Б.Нын эзэмшлийн “Самсунг Эс-2” маркийн гар утас, хохирогч Ж.Янжинхоролын цүнхтэй эд зүйлсийг хулгайлан 362.300 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хохирогч Б.Нын: “...2018 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 23 цагийн орчимд монгол гэрийн баруун талд “Самсунг Эс-2” маркийн гар утсаа дэрэн доогуураа хийгээд унтсан. ...Өглөө 07 цаг өнгөрөөгөөд сэрээд гар утсаа үзсэн чинь байхгүй алга болчихсон байсан. Монгол гэрт хамт хоносон Янжинхорол гэх хүний цүнх дотор нь байсан гар утас, бичиг баримт, түрийвч нь бас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-49-50/,

Хохирогч Б.Нын хууль ёсны төлөөлөгч Б.Ууганбаярын: “...Б.Н үйлдвэрлэлийн ослоор нас барсан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-233-235/,

Хохирогч Ж.Янжинхоролын: “2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр...өөрийн найз Нын гэрт очиж хоносон. ...Өглөө 07 цагийн үед сэрэхэд миний цүнхтэй эд зүйлс цөм алга болсон байсан. Хайгаад олоогүй. Хяналтын камерын бичлэгийг үзэхэд цэнхэр өнгийн цамцтай эмэгтэй хүн хашаан дотор явж байгаад бид нарын унтаж байсан монгол гэр лүү ороод гарахдаа миний цүнхийг мөрөндөө үүрчихсэн гарч байгаа нь харагдаж байсан. ...Ногоон өнгөтэй эмэгтэй хүний гар цүнх, Самсунг Жи-5 загварын гар утас, ягаан өнгөтэй хэтэвч, банкны виза карт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйл алдсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-53-54/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.07.31-ний өдрийн СХ2-18-017 дугаар тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 6 дугаар сарын 28-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 362.300 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /1 дүгээр хавтас, хх-60-61/,

Шүүгдэгч Д.Магийн яллагдагчаар өгсөн: “...Алтанболд архи уугаад намайг зодох гээд байхаар нь гараад явчихсан. “Дүүхээ 2” төвийн хажууд байдаг блокны үйлдвэрийн хашаанд ороод хаалга нь онгорхой байсан монгол гэр лүү орсон. Би нэг мэдэхэд тасраад хэвтчихсэн байсан. Сэргээд харахад гэрийн 2 талд эрэгтэй, эмэгтэй 4 хүн унтаж байсан. Эмэгтэй хүний цүнх ил харагдахаар нь аваад гарсан. ...Маргааш нь үзэхэд цүнхэнд 2 ширхэг гар утас байсныг зарчихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-76-77/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-35/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг /1 дүгээр хавтас, хх-36-38/, илтгэх хуудас /1 дүгээр хавтас, хх-42/

2. Шүүгдэгч Д.Ма нь 2018 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ган-Энх трэйд” ХХК-ийн блокны үйлдвэрийн хашаан дахь монгол гэрээс насанд хүрээгүй хохирогч Э.Огийн гэрээс цүнх болон доторх эд зүйлс, “Самсунг Эс-6” маркийн гар утсыг хулгайлан 518.100 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч Э.Огийн: “2018 оны 6 дугаар сарын 19-ний 23 цагийн орчимд ...монгол гэрт найз залуу Г.Билгүүний хамт зүүн талын орон дээр унтсан. 20-ны өглөөний 08 цаг орчимд сэрсэн чинь орны дээд талд байсан хар өнгийн эмэгтэй хүний цүнх, дэрэн доор байсан “Самсунг Эс-6” маркийн гар утас алга болсон байсан. Хар өнгийн эмэгтэй хүний гар цүнх, цүнхэн дотор байсан хар өнгийн хэтэвчийг 2017 онд 25.000 төгрөгөөр худалдаж авсан. 9, 12 дугаар анги төгссөн гэрчилгээ шинээр авахад нийт 160.000 төгрөг, 2 ширхэг хувийн хэргийг шинээр авахад нийт 150.000 төгрөг, иргэний үнэмлэх шинээр авахад 80.000 төгрөг, Dior нэртэй эмэгтэй хүний үнэртэй ус 2018 онд 39.000 төгрөгөөр, Хаан банкны виза карт 5.000 төгрөгөөр, автобусны карт 3.600 төгрөг, бэлнээр 13.000 төгрөг, Юнител сим карт 2 ширхэг шинээр 2.000 төгрөгөөр үнэлж байна. 2018 оны 01 дүгээр сард “Самсунг Эс-6” маркийн гар утсыг 350.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-91/,

Гэрч Г.Билгүүний: “2018 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 01 цаг 20 минут орчимд найз охиныхоо хамт унтсан. Гэрийн хаалгыг цоожлоогүй хаагаад унтсан. Өглөө 8 цаг өнгөрч байхад сэрэхэд орны хажууд байсан “Самсунг Эс-6” маркийн гар утас алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-92-93/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.07.31-ний өдрийн СХ2-18-018 дугаар тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 6 дугаар сарын 28-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 518.100 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /1 дүгээр хавтас, хх-96-97/,

Шүүгдэгч Д.Магийн яллагдагчаар өгсөн: “...Дүүхээ 2 төвийн хажууд байдаг блокны үйлдвэрийн шахаанд ороод хаалга нь онгорхой байсан монгол гэр лүү орсон. Тэр дотор ороход харанхуй байсан. Тэгээд гар утас харагдахаар нь аваад гарсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-109-110/ зэрэг,

3. Шүүгдэгч Д.Ма нь 2018 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ган-Энх трэйд” ХХК-ийн блокны үйлдвэрийн хашаан дахь монгол гэрээс хохирогч Ж.Зоригт-Очирын эзэмшлийн “Самсунг Жи-7” маркийн гар утсыг хулгайлан 336.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хохирогч Ж.Зоригт-Очирын: “2018 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тоосгоны 12-2а тоотод байрлах блокны үйлдвэрийн ажилчдын гэрт унтсан. Би “Самсунг Жи-7” маркийн шаргал өнгийн гар утсаа орныхоо дэргэд цэнэглээд унтчихсан байсан. Өглөө 12 цагийн орчимд сэрсэн чинь гар утас алга болчихсон байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-10-11/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.07.31-ний өдрийн СХ2-18-016 дугаар тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 6 дугаар сарын 28-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 336.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /1 дүгээр хавтас, хх-17-18/,

Гэрч М.Сүхрагчаагийн: “Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 12 дугаар гудамжны 2a тоот хашаанд “Ган-Энх трейд” ХХК-ийн блокны үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. Зоригт-Очирыг танина. Харин Н, О нарыг танихгүй. Манай үйлдвэрийн хашааг айлууд түрээслээд хэсэг хэсгээрээ блок үйлдвэрлэдэг юм. Н, О гэдэг хүмүүс болохоор тэдгээр айлуудад амьдардаг, эхнэр нь эсвэл хүүхэд нь байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-115/,

Шүүгдэгч Д.Магийн яллагдагчаар өгсөн: “Тэр өдөр архи уучихаад согтуу байхдаа хулгай хийсэн. Хулгай хийснээ сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-28-29/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-4/, дүрс бичлэг бүхий CD-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-118-122/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.03.26-ны өдрийн 461 дүгээр дүгнэлтэд: “1.Д.Ма нь одоогоор Архины шалтгаант зан төрхийн өөрчлөлт, архины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн өвчтэй байна. 2.Д.Магийн дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. 3.Д.Ма нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Архины хэтрүүлэн хэрэглээ” эмгэгтэй байсан байна. 4.Уг эмгэг нь эмчийн болон сэтгэл засал эмчилгээний явцад эдгэрэх боломжтой. 5.Д.Ма нь архи хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй магадлалтай байна. 6. Д.Ма нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 7.Д.Ма нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна. 8.Д.Ма нь хэрэг хариуцах чадвартай байна. 9.Д.Мад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй харин харъяа дүүргийн сэтгэц болон наркологийн эмчийн хяналтанд байж хордлого тайлах эмийн эмчилгээ мөн сэтгэл заслын эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байна. 10. Харин “архины хэтрүүлэн хэрэглээ” эмгэгийн үед хэрэг хариуцах чадвартай байдаг тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” /1 дүгээр хавтас, хх-246-249/,

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-124/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-125/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-128/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргаж өгсөн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав   

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад 1.216.400 төгрөгийн төлөх төлбөртэй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Ма согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ган-Энх трейд” ХХК-ийн блокны үйлдвэрийн хашаанд байрлах монгол гэрт 2018 оны 6 дугаар сарын 16-17, 19-20, 27-28-нд шилжих шөнүүдэд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай 3 удаагийн үйлдлээр авч, нийт 1.216.400 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Магийн нэр бүхий хохирогч нарын хүн байнга амьдрах монгол гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай 3 удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зорулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.  

Гэмт хэргийн улмаас 4 хохирогчид нийт 1.216.400 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Нын хууль ёсны төлөөлөгч Б.Ууганбаярын: “...Б.Н үйлдвэрлэлийн ослоор нас барсан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-233-235/-ийг, харин шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд Ж.Янжинхоролд 306.300 төгрөгийг, хохирогч Ж.Зоригт-Очир 336.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Э.Од 518.100 төгрөгийг тус тус төлсөн нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Хаан” банкны 3 ширхэг мөнгөн шилжүүлгийн баримт, насанд хүрээгүй хохирогч З.Огийн “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Д.Маг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин насанд хүрээгүй хохирогч Э.О, хууль ёсны төлөөлөгч Д.Энхцэцэг нар гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь архины мөнгө олох зорилгоор шөнийн цагаар орон байранд нэвтэрч 3 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүл мэндийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүгдэгч нь 3 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, шөнийн цагаар, 3 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /бусдад нийт 1.216.400 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /архины шалтгаант зан төрхийн өөрчлөлт, архины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн өвчтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Д.Ма гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Д.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Магийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 1 /нэг/ хоног урьдчилан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Ма нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хашаатынхан овогт Доржлхамын Маг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Маг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Магийн урьдчилан хоригдсон 1 /нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ма бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Магийн эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР